УИХ-ын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах товыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн байсан Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан хуулийн хүрээнд 50 хоногийн дотор УИХ-ын нөхөн сонгуулийг товлон зарлана гэсэн. Энэ сарын 13-ны дотор хуулийн хугацаа дуусгавар болно. Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулахаар төсөлд тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Аль нь эхэлж сонгуулийн сурталчилгаагаа эхлэх вэ? Зэрэгцүүлээд явахад санал хураалт явуулж болох уу?
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Сонгуулийн хуулийн дагуу явагдана.
СЕХ-ны мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ:
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу эхэлж УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Долоо хоногийн дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Нөхөн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг хамтад нь зэрэг явуулах тухай асуудал яригдаж байна. СЕХ-ны даргын хувьд цаг хугацааны хувьд зөрүүтэй сурталчилгаа эхлэх учраас сонгуулийн сурталчилгаа бие биедээ нөлөөлөх эрсдэл үүсэх вий мөн тоног төхөөрөмжийн хүндрэлүүд гарна гэж хэллээ. Хууль тогтоогч бид болно гээд хамтад нь зохион байгуул гээд шийдлээ гэхэд үүсэх хүндрэл бэрхшээлийг, алдаа дутагдал гарвал хэн хариуцлага хүлээх вэ? Бидэнд амархан тогтоол батлаад, зохион байгуулалтыг нь СЕХ л үүрнэ. Хамтад нь сонгууль явуулж байсан туршлага байхгүй. Хоёрдугаарт хөдөө орон нутагт шинээр сонгогдсон хүмүүсийг түдгэлзүүлдэг, ИТхурлыг нь гацаадаг ийм маргаан их гарлаа. Энэ талаар СЕХ-нд мэдээлэл байна уу. Хэдэн газар ийм асуудал гарав. Төрийн албаны зөвлөл гэж шүдгүй арслан бий. СЕХ эрх хэмжээгээ эдэлж чадахгүй байна уу эсвэл хууль орчны хувьд хязгаарлагдмал байна. Сонгогдсон хүмүүсийн дүнд хууль хяналтын байгууллага нөлөөөлөөд байна шүү дээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:
-Орон нутгийн сонгуулийн санал хураалт дуусч дүнг нийтэд мэдээлэх хүртэл Сонгуулийн тухай хууль хэрэгжиж, асуудал СЕХ-нд хамаарагддаг. Дүнг мэдээлснээс хойших цаашид өрнөх процесс нь Засаг захиргааны нэгжийн тухай хуулиар зохицуулагддаг.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Саналын хуудсыг маргаангүйгээр тоолж гаргах нь хамгийн чухал.Санал тооллогын хар машин өнөөдөр хуучирсан. Гар утастай зүйрлэвэл IPHONE 12 гарсан байхад манайх IPHONE 6 дөнгөж гаргаж байгаатай адил. Тиймээс хар машиныг шинэчлэх шаардлагатай. БНСУ-д санал тоолох машин нь ажиглагчдын нүдний өмнө нь ил байж байдаг. Ямар ч маргаангүй тоолдог гэсэн үг. Ийм л болгоосой гээд би хэдэн жилийн өмнө хар машиныг шатааж хүртэл жагсаж байлаа. Үр дүн гарсан гэсэн боддог. Тухайн үед нэг тойргийн хоёрхон хэсгийн хороонд хяналтын тооллого хийдэг байсан. Ингэхдээ хаана хяналтын тооллого хийхээ сонгуулийн өмнө нь гаргачихдаг байсан. Мэдээж сүүлд нь мөргөж л таараа.Тэмцсэний хүчинд одоо хяналтын тооллогыг 50 хувьд нь хийдэг болсон. Үр дүнгээ өгсөн гэсэн үг. Одоо цаашид 100 хувь саналыг тоолдог болох ёстой. Машин болон гараар 100 хувь тоолдог болох чиглэлд СЕХ юу хийж байна вэ. Ингэж чадвал маргаан гарахгүй.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:
-Бид онцгой анхаарч байгаа. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрүүлэх ажлуудыг хуульд зайлшгүй тусгах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр тоолохоос гадна 100 хувь гараар тоолох санал төсөлд тусгагдаад явж байгаа. Дээр нь нэмээд саналаа өгсөн сонгогчдод гар дээр нь бэхэн тэмдэглэгээг давхар хийнэ. Ямар нэгэн маргаан, хардлагыг байхгүй болгох үүднээс ийм арга хэмжээ авна. Хар машин хуучирсан гэдэгтэй санал нийлнэ. Мэргэжлийн хүмүүс ч хэлж байгаа. Солих шаардлагатай. Санал тоолох машиныг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шинэчлэн гэвэл ажил их орно, хугацаандаа арай амжихгүй гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинэчлэх асуудлыг ярих нь цаг хугацааны хувьд зөв болов уу.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УИХ-ын гишүүний орж гарсан бол нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор зарлах ёстой. Санал хураалтыг 120 хоногийн өмнө зарлах ёстой. Д.Сумъяабазар гишүүнээсээ татгалзаад үндсэндээ 50 хоногийн хугацаа нь дууссан. Энэ хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо, СЕХ хаана юу хийгээд явж байсан юм бэ. Би ойлгохгүй байна. Зардал их гарна, Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулна гээд яриад байдаг. Нөгөө талд нь СЕХ-ны удирдлагууд хоёр сонгуулийг хамт явуулах техникийн боломж байхгүй,эрсдэлтэй гэж яриад байдаг. Урьдчилж уулзаад, яриад шийдээд орж ийшээ ирэх ёстой биз дээ. 50 хоногийн хугацаанд та нар юу хийж байсан юм бэ. Энд орж ирчхээд хоёр өөр юм яриад суугаад байдаг. Бүлгийн дарга, байнгын хорооны дарга та хоёр эсвэл ярьчихсан юм уу. Ажлаа хий л дээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:
-Таныг үгийг хүлээн авч байна. Бид УИХ-ын нөхөн сонгуулийг 50 хоногт товлон зарлах ёстой гэсэн албан бичгийг тэр даруйд нь бид УИХ-ын даргад хүргүүлсэн. Дараа нь байнгын хороонд Ерөнхийлөгчийн сонгууль нөхөн сонгууль хоёрын санал авах өдрийг нэг өдөр зохион байгуулах нь хүндрэлтэй гэж үзээд нөхөн сонгуулийн зардлын төслийг албан бичгээр хүргүүлсэн. Манайхаас энэ талаар тодорхой санал аваагүй. Сонгуулийг товлон зарлах нь байнгын хороо гишүүдийн бүрэн эрх гэж үзээд бид тодорхой санал өгөөгүй.