Б.Жавхлан: 10 их наядын хүрээнд 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна Б.Жавхлан: 10 их наядын хүрээнд 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: 10 их наядын хүрээнд 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээллийг сонсов. 

Засгийн газрын мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг 6 хувиар агшсан, ДНБ-ний хэмжээ 12 хувиар доошилсон нөхцөл байдлаас үүдэж төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд болсон байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд зээл гаргахгүй бүх мөнгөө эрсдэлийн сан байдлаар хадгалуулжээ. Ингэснээр, мөнгөний урсгал зогсож ажлын байр хомстож эдийн засгийн эргэлт байхгүй болсон. Цар тахал эхэлснээс хойш манай улсад 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болжээ. Тиймээс 10 их наядын цогц төлөвлөгөөний дийлэнх хэсэг нь ажлын байрыг нэмэх, хадгалахад чиглэж байна. 

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 3500 аж ахуйн нэгж, 20 мянган бичил бизнес эрхлэгч иргэнд зээл олгож 120 мянган ажлын байрыг дэмжихээр тооцож байна. 

Мөн цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн хоёр сая иргэнийг дархлаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийг улсын төсөв, Засгийн газрын өрд нэмэлт дарамт үүсгэхгүй байх зарчим баримталж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ, ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйг дэмжих зээлийг банкны өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлж Засгийн газраас хүүгийн дэмжлэг олгож, репо санхүүжилттэй зээл, ипотекийн зээлийг төв банкны репо эх үүсвэрээр хэрэгжүүлнэ. 

Залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалт, банкны эх үүсвэрээр олгох зээлд Засгийн газраас хүүгийн дэмжлэгт 2021 онд зарцуулах шаардлагатай хөрөнгийг нийт батлагдсан төсвийн зарлагын хэмжээг нэмэхгүйгээр төсвийн зохицуулалт хийж санхүүжүүлэх юм. Цаашид эдгээр арга хэмжээг холбогдох хуульд нийцүүлэн жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Орон сууцны хорооллын дэд бүтцийн бүтээн байгуулалт, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ. 

Эдийн засгийн үр ашигтай томоохон төслийг улсын төсөв, Засгийн газрын өрд дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх зохион байгуулалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Эрдэнэс таван толгой ХХК-ийн хэрэгжүүлэх цогц бүтээн байгуулалтын төслийг тус компанийн дотоодын үнэт цаасны зах зээлээс хөрөнгө татах замаар санхүүжүүлэхээр бэлтгэл ханган үнэт цаасны захиалга ид явагдаж байна. 

Цогц төлөвлөгөөг хоёрдугаар сарын 10-нд зарласан бөгөөд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг 2019 оны түвшинд хүргэж сэргээх зорилт тавьсан болно. 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого хоёрдугаар сарын байдлаар нэг их наяд 720.6 тэрбум төгрөгт хүрсэн нь 2019 оны мөн үеэс 82 тэрбум төгрөгөөр илүү байна. Эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр, ААНОАТ-аар 469.3 тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн нь ноднингийн мөн үеэс 41 хувиар, НӨАТ-аар 711.1 тэрбум төгрөг төвлөрсөн нь 30 хувиар, АМНАТ-аар 262.1 тэрбум төгрөг төвлөрсөн нь 18 хувиар давсан үзүүлэлт юм. 

Гадаад худалдааны тэнцэл 2021 он оны хоёрдугаар сард 412.3 сая ам.долларын ашигтай гарсан нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 156.2 сая ам.доллараар өндөр байна. 

Улсын имфляцийн жилийн өөрчлөлт 2021 оны хоёрдугаар сард 2.6 хувь буюу 2019 оны түвшингээс 4.3 нэгж хувиар доогуур байна. Энэ нь мөнгөний бодлогын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн нийт эрэлтийг дэмжсэн төсөв, санхүүгийн арга хэмжээ авах орон зай байгааг харуулж байна. 

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2021 оны хоёрдугаар сарын 10-ны түвшинд хэвээр байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц төлөвлөгөөний хүрээнд эдийн засагт сөрөг нөлөө гараагүйн илрэл болж байгаа юм. 

Сангийн яам, Монголбанкнаас төлөвлөгөөг хэрэгжүүлснээр, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд гарах өөрчлөлтийг тогтмол тооцож, үнэлэх арга хэмжээг авч байна. 

Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр, 2021 оноос бизнесийн идэвхжил сэргэж, эдийн засгийн өсөлтийг 2019 оны түвшинд буюу 5.2 хувьд хүргэнэ. Эдийн засгийн өсөлтийг 2022-2024 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 хувьд хүргэхээ зорьж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл олгож байгаа нь бизнесийн зардлыг бууруулж нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг бууруулахаар байгаа юм. 

Эдийн засгийн идэвхжил сэргэж, уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэрийн салбар сэргэхээр байгаа нь бензин, дизель түлш, барилгын материалын үйлдвэрлэлийн орц, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн импортыг нэмэгдүүлж дунд хугацаанд гадаад худалдааны ашиг буурахаар харагдаж байна. Тодруулбал, 2022-2023 онд төлбөрийн тэнцэл 400-900 сая ам.долларын алдагдалтай гарц болзошгүй үр дагаварт хүргэхээр байгааг төсөв, мөнгөний бодлогын хүрээнд хянаж ажиллах болно. 

Төлөвлөгөөнд тусгасан ажлын байрыг дэмжих зээл, төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Ажлын байрыг дэмжих болон репо зээлд хамрагдсан 7.4 мянган зээлдэгчийн 25.4 мянган ажлын байрыг хамгаалж, 2679 зээлдэгч 200 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авч орон сууцтай болсон байна. 

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд зээлүүдийн санхүүжилтийн асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр гурван удаа хэлэлцүүлж оролцогч талуудын ажлын уялдааг ханган Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. 

Ерөнхий сайд банкны салбарынхантай хоёр удаа уулзалт хийж тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал, анхны уулзалтаар ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд, Засгийн газраас зээлдэгчдэд тавих шаардлагыг цөөрүүлж иргэдийг уг зээлд хамруулах асуудлыг шуурхай шийдвэрлэсэн. Харин хоёр дахь уулзалтаар банкуудаас зээлдэгчдэд тавих шаардлагыг уян хатан болгож сулруулж байна. 

Засгийн газраас ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах аж ахуйн нэгжид НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байх ганц шаардлага тавьж байгаа. Энэ нь далд эдийн засгийг бууруулах зорилгоор хөнгөлөлтэй хүүтэй зээлд хамрагдах ААН-ийг хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ хэрэгжүүлэх шаардлагыг тавьж байгаа хэлбэр юм. 

2020 оны эхнээс мөн оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд 1167 татвар төлөгч НӨАТ төлөгчөөр бүртгүүлж байсан бол 2021 он гарсаар, дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар 2820 аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. 

Банкуудааас иргэдийн хүсэлтийг харгалзан зээлийн шаардлагыг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, зарим банк зээлдэгчдэд бизнесийн ажил тасралтгүй байх шаардлага тавьж байсан бол цар тахлын улмаас бизнес нь 6 сар хүртэлх хугацаанд түр зогссон байж болно гэж өөрчилсөн. Бизнесийн орлого тасралтгүй байх шаардлагыг цар тахлын өмнөх үеийн бизнесийн орлогоор зээлийн судалгаа хийхээр өөрчилсөн. Мөн барьцаа хөрөнгийн үнэлгээ тооцох хувийг өсгөсөн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625318
0 эможи

keyboard_arrow_up