Г.Занданшатар: Түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх тэмдэглэлт үйл хэрэг энэ өдөр тохиосон нь Үндсэн хуультай болсон явдал Г.Занданшатар: Түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх тэмдэглэлт үйл хэрэг энэ өдөр тохиосон нь Үндсэн хуультай болсон явдал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх тэмдэглэлт үйл хэрэг энэ өдөр тохиосон нь Үндсэн хуультай болсон явдал

2021 оны 11 сарын 26

Arslan.mn

Монгол Улс Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойн мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр дэвшүүллээ. Тэрээр мэндчидгээндээ, “Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ, Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Хүннү гүрэн байгуулагдсанаас хойших хоёр мянган, Монголын нэгдсэн тулгар төр байгуулагдсанаас нааших найман зууны түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх түүхэн тэмдэглэлт үйл хэрэг энэ өдөр тохиосон юм.

Энэ бол Монгол хэмээх улс үндэстэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болсон үйл явдал байлаа. Энэхүү Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйгийн илэрхийлэл, цаашид бие даасан, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсаа дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн хувь заяаг тодорхойлсон баримт бичиг юм.

1911 онд өрнөсөн Үндэсний ардчилсан хувьсгалын дараах Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуультай болох асуудал яригдаж, Англи, Америк, Герман, Голланд, Япон гэх мэт улс орнуудын Үндсэн хуулийг харьцуулан судалж, зарим төсөл боловсруулж байсан баримт бий.

Энэ үед Манжийн засаг захиргааг халж, өөрийн хууль тогтоомжийг боловсруулан мөрдүүлж, Улсын Дээд, Доод хурлыг байгуулан ажиллаж байсан нь Үндсэн хуульт төрийн байгуулал тогтоох эрмэлзлийн илэрхийлэл байсан юм.
Улмаар 1921 оны Ардын хувьсгалын дараа Үндсэн хуультай болох асуудал эрчимжиж, Тангаргын гэрээ, Улсын Хурлын дүрэм, Нутгийн захиргааны дүрэм зэргийг баталсан бөгөөд эдгээр нь Үндсэн хууль батлахаас өмнөх Үндсэн хуульчилсан баримт бичгүүдийн нэг гэж судлаачид үздэг билээ.

Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг 1922 онд МАН, Ардын Засгийн газрын “Хууль цааз зохиох тухай” тогтоолоор Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржаваар ахлуулан Жамсрангийн Цэвээн, Бат-Очир гүн нарын зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг.

Дээрх тогтоолд “…Англи мэт хэмжээт цаазат, ардын эрхт олон улсын хууль дүрмийг харгалзан, одоогийн засгийн үндсэн журамд нийцүүлэн” Үндсэн хуулийг боловсруулах чиглэл өгсөн байдаг. “Хэмжээт цаазат, ардын эрхт” гэсэн нэр томьёо нь Эзэн хаантай парламентын Бүгд Найрамдах Улсыг баримжаалж байсан хэрэг юм. Гэвч тухайн үеийн гаднын болон дотоодын улс төрийн хүчин зүйлийн нөлөөлөл, шахалтаас болж дээрх ажлын хэсгийг татан буулгаж, богино хугацаанд Үндсэн хуулийн төслийг боловсруулж, батлуулсан байдаг.

Үүнд тухайн үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерний нөлөө орсон боловч манай анхны Үндсэн хууль ардчилсан чиг баримжаатай байсан бөгөөд гол үзэл баримтлал нь Үндсэн хуульд тусаж чадсан юм.

Ийнхүү улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан учраас Анхдугаар Үндсэн хууль ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ билээ.

Тиймээс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний тусгаар тогтнолоороо, улс үндэстнээрээ бахархах бас нэгэн Монгол бахархлын өдөр гэж хэлж болно. Энэ бахархлын эзэн нь монгол хүн ТА, монголчууд БИД билээ.

Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийг өдгөө бид мөрдөн хэрэгжүүлж байна.

Парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хоёр жилийн өмнөх яг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон баталгаажуулсан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны 2 жилийн ой энэ өдөр давхцаж байгаа билээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдсан.

Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сахин хэрэгжүүлж, САЙН ЦАГ, САЙХАН ИРЭЭДҮЙН төлөө хамтран зүтгэхийг ард түмэндээ хандан уриалъя.

Монгол эх орон минь мөнх оршиж, төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай” гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632992
0 эможи

keyboard_arrow_up