Гишүүний хулгай нууцын зэрэгтэй, иргэдийн хулгай олон нийтийн зэрэглэлтэй байдаг нь шударга бус байна Гишүүний хулгай нууцын зэрэгтэй, иргэдийн хулгай олон нийтийн зэрэглэлтэй байдаг нь шударга бус байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гишүүний хулгай нууцын зэрэгтэй, иргэдийн хулгай олон нийтийн зэрэглэлтэй байдаг нь шударга бус байна

2022 оны 5 сарын 04

Arslan.mn

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдсан. Тус дэд хороо Хөгжлийн банктай холбоотой асуудалд нэр холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг бүтэн таван цаг хаалттай хэлэлцээд “Эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэдэг шийдвэр гаргасан. Хийсэн хулгай, нэр ус, мөнгөн дүн гээд хамаг юм нь нийтэд зарлагдчихсан учир энд дахин бичих нь нуршсан болчихно. Харин энэ болж өнгөрч буй үйл явцыг харахад double (давхар) стандарт маягийн юм харагдаж байна. Гишүүдийн хийсэн хулгай, идэж уусан гэмт хэрэг нууцын зэрэгтээ орчихож байгааг нийгмээрээ харлаа. Асуудлыг нь Төрийн ордонд нууцлалтайгаар хэлэлцсэн учир чухам юу болсон талаар мэдээлэл алга, олон нийтэд тэр талын ямар ч мэдээ сэлт өгсөнгүй. Хэлэлцсэн гишүүд нь ч юм ярихгүй юм, хэрхэн хэлэлцэж байгааг нь нийтэд харуулах эрх нь ч байсангүй. Ийм болохоор тэнд чухам юу болсон талаар тодорхой хэлэх юм үнэндээ алга. Ямар ч байсан шийдвэр нь “Түдгэлзүүлээд хэрэггүй”.

Гэхдээ тэдгээр гишүүдийг мөрдөн байцаах нь хуулиараа нээлттэй байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа ч “Гишүүний бүрэн эрх хэвээр байгаа тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, гэр болон албан өрөөнд нь үзлэг, нэгжлэг хийх, баривчлах, саатуулахыг хориглоно” гээд хуульчилчихсан. Гэр болон албан өрөөнд нь үзлэг, нэгжлэг хийх, баривчлах, саатуулахыг хориглочихоор хэргийг нь яаж илрүүлэх вэ дээ. Хэргийг нь илрүүлэх ямар ч боломжгүй байгаа биз. Гэмт хэргээ гишүүний халдашгүй байдал гэдэг ийм хана хэрмээр хаагаад хуулиараа хамгаалчихсан байдаг нь харамсалтай. УИХ-ын гишүүдийн хулгай хаалттай, нууц байдаг юм байж. Тэгвэл ард түмний хулгайг цагдаа, прокурор нь нийтэд ямар шуурхай дэлгэчихдэг билээ дээ. Яагаа ч үгүй байхад, хэрэг нь шүүхэд очоогүй, шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад тагнуул, цагдаагийнхан нь хэргийг нь тэр дор нь нийтэд дэлгэж мэдээлэл хийчихдэг. Ямар нэг хэрэгт сэжигтэн, холбогдогч байдлаар нэр холбогдонгуут нь л “Тэр бол тагнуул, энэ бол хулгайч, тэр тэгдэг ингэдэг луйварчин” гээд бүрдүүлж ч амжаагүй, хавтаст хэргийг нь ч нээгээгүй хэргийнхээ баримт, бичлэгийг нийтэд дэлгээд зогсож байдаг. Тухайн хэрэг зохих ёстой шат дамжлагаараа явж эхлээгүй, бүр тухайн хэрэгт нэр холбогдсон хүн нь өөрөө ямар юманд холбогдоод байгаагаа ухаарч амжаагүй байхад шууд л шүүхийн байгууллага мэт, шийдвэр гаргасан шүүгч адил “Хулгайч, залилигч, гэмт хэрэгтэн” гээд нийгэм даяар түрүүлээд “тунхаглаад” зарлачихдаг. “Тэр луйварчин учир баривчлах гэж байна, баривчилчихлаа” гэдэг. Тэгтэл нийгэм даяар айдас хүйдэс автуулж зарласан гэмт хэрэгтэн нь шүүх дээр очоод гэм буруутай эсэх нь нотлогдохгүй, мөрдөн байцаалтад хэрэг нь буцаагдах юмуу, хэрэг нь хэрэгсэхгүй болчихдог. Өнөө хулгайч гээд яаран цоллоод байсан хүн нь ямар ч гэмт хэрэг хийгээгүй байдаг жишээ ч бий. Иргэнийг хулгай хийлээ гээд нийгэм даяар шившиглүүлж байсан саяхны жишээ байна. 2019 онд АТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханы албан өрөөнд нэгжлэг хийж, оймсноосоо мөнгө гаргаж ирж буй бичлэгийг цацаж, шившиглэсэн. Монголын төр нэг иргэнээ ялгаварлан гадуурхаж, нийгэм даяар тэгж шившиглэсэн нь хүний эрхийн том зөрчил байсан. Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Энэ үйл явдал бол Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсныг тухайн үед “Өдрийн сонин” онцолж, хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ талаар дорвитой дуугарч байсан билээ. Энэ бол dou­ble буюу давхар стандартын тод жишээ. Ийм давхар стандарттай байдаг нь уг үндсээрээ буруу.

Монгол Улсад иргэд ганцхан юман дээр тэгш эрхтэй байдаг. Тэр нь иргэн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй. Монгол Улсын шударга ёсны гол үзүүлж харуулдаг Гэтэл гэмт хэрэг хийсэн хоёр хүнийг гишүүн, жирийн иргэн гэдгээр нь ялгаварлаад нэгнийх нь хэргийг шүүхээр ч шийдэгдээгүй байхад нийтэд зарлаж, шившиглүүлж, нөгөөгийнх нь хэргийг хаалттайгаар нууцаар хэлэлцээд хав дарчихаар Монголд шударга ёс яаж ялах юм бэ. Хэрвээ энэ алагчаалсан үйлдлийг улам даврааж, байх ёстой хандлага гэж хүлээн зөвшөөрвөл нийгмээрээ, бүгдээрээ юунд ч, хэнд ч ялгавартай хандаж болох нь гэсэн ойлголттой болно. Аль болох нэгнээ алагчлахгүй, чадах чинээгээрээ тэгшхэн хандахыг нийгмийн бүхий л хүрээндээ хэрэгжүүлэх гэж дээр дооргүй л уг нь мэрийцгээдэг дээ. Ингэж нэг нэгнийхээ төлөө, алагчаалах үзлийн эсрэг бүгд зогсох нь эргээд тухайн нийгэмдээ, нийгмийн харилцаанд зөвөөр тусдаг. Шударга хандлага, шударга хандахад хүн бүр таатай байдаг. Олон хүн сайнтай, муутай, уулын мод урттай богинотой. Сайнд нь сайн, мууд нь муу хандах нь бий ч нийгмээрээ сайн муу гэлгүй тэгш хандах гэдэг нь хүний нийгмийн хандлага. Нийгэмд тэгш хандахаас өөр сонголт байдаггүй. Хэрвээ тийм биш ээ гэвэл шударга ёс тогтоно гэж мөрөөдөөд ч хэрэггүй.

Шударга ёс тогтооё, нийгэмд тэгш эрх үйлчлэх ёстой гэвэл юуны түрүүнд УИХ-ын гишүүдийн холбогдсон хулгай, зэлгий, эрх мэдлээ урвуулан, албан тушаалаараа далайлган үйлдсэн энэ мэт хэргүүдийг нууцын зэргээс нь гаргаж, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх хэрэгтэй. Гишүүдийн хэргийг вакум орчинд ингэж шийдэх нь нийгэмд харагдах байдал талаасаа муухай байна, буруу байна. Хэргийг нь ил хэлэлц гээд байгаагийн гол учир бол гишүүдийн сайн, муу үйлийг нь үзэх гэсэндээ биш, тэднийг олон нийтийн өмнө улалзуулах гэсэндээ ч биш. Үнэхээр гэмт хэрэг хийсэн бол тэр нь илэрнэ, үгүй бол үгүй л биз. Үнэн, худал нь угаас ялгарчихна. Гол нь хэргийг хэн үйлдсэнээс хамаарч нууцын зэрэглэлтэй болон олон нийтэд нээлттэй гэсэн ийм хоёр өөр байдлаар хандаж, алагчилж буйг хатуу буруушааж байна. Төр засгийнхаа бодлогын хэмжээнд хүртэл гишүүдийн хэргийг тусгаарлан “Нууцын зэрэглэлтэй” гэдэг гоё шошго наагаад дарж өнгөрөөж байгаа нь нийгэмд кастын системтэй боллоо гэж зарлаж байгаатай адилхан. УИХ-ын гишүүн ч, жирийн иргэн ч шүүхийн өмнө тэгш эрхтэй. Хэргийг гишүүний үйлдсэн хулгай гэж нандигнан нууцлах, жирийн иргэний хулгайг нийгэм даяар, олон нийтэд дэлгэх нь шударга бус байна.

 

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636642
1 эможи

irgen
2022-05-04 12:08
Sn Shni toloo hiij bna ged terneese bas humsalchihad gemgui buruugui ged suuj bh yum.
keyboard_arrow_up