“Петрочайна Дачин Тамсаг”-т нэг литр нефтийн төлөө хоёр литр ус ашиглаж байна гэв “Петрочайна Дачин Тамсаг”-т нэг литр нефтийн төлөө хоёр литр ус ашиглаж байна гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Петрочайна Дачин Тамсаг”-т нэг литр нефтийн төлөө хоёр литр ус ашиглаж байна гэв

2022 оны 5 сарын 25

Arslan.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  /2022.05.24/ хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлт, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээг авах талаар тусгажээ. Эдгээрийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна.

Газрын тосны ашиглалтын Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК шилжүүлэн авсан. Тус компанитай хийсэн, Бүтээгдэхүүн хуваах гэрээг одоогийн хууль, тогтоомжтой нийцүүлж, Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, Ашигт малтмалын тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр тусгажээ.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах, газрын тосны хайгуул, судалгааг эрчимжүүлж, шинэ нөөцийг тогтоох үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ.

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, 2021-2022 оны төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд яаралтай батлуулж, хэрэгжилтэд хяналт тавих, “Петрочайна Дачин Тамсаг” -ийн Тосон-Уул-XIX, Тамсаг XXI талбайн цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг эрчим хүч дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх асуудлыг ч тусгасан байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой үүссэн маргааныг хууль тогтоомжтой нийцүүлэн шийдэх, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг судлах, “Петрочайна дачин тамсаг” ХХК-д 2018 онд НӨАТ, ААНОАТ, Хувь хүний орлогын албан татварыг төлөх тухай тавьсан шаардлагатай холбоотой гомдлыг Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх, газрын тосны хайгуул, олборлолтоос үлдсэн, чанарын шаардлага хангахгүй, устгах шаардлагатай 590 гаруй тонн химийн бодисын хог хаягдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ.

УИХ-ын гишүүн Х.Баделхан, Бүтээгдэхүүн хуваах гэрээг бид өөрчилж чадах уу хэмээн тодруулсан.

Тэрбээр, 590 гаруй тонн химийн бодисын хог хаягдлыг одоогийн мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Үүнийг хэрхэн шийдвэрлэнэ гэж тооцсон бэ. Газрын тос олборлох үйлдвэрт хятадын талаас хэчнээн хүн, монголын талаас хэчнээн хүн ажилладаг юм бол. Үйлдвэрлэлийн зориулалттай усыг бага хэмжээгээр ашиглах талаар тогтоолын төсөлд заасан байна.

Энэ заалт биелэгдэх үү хэмээн асуусан. Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлосон газрын тосны 24 хувь нь манай улсад ногдож байгаа юм. 

1993 онд газрын тос олборлох, түүний зах зээлийн талаар бид бага мэдлэгтэй байлаа, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх туршлага байгаагүй.
Иймд гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Байнгын хорооны төсөл боловсруулахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авсан.

Яамдаас ирүүлсэн санал тогтоолын төсөлд туссан. Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ санаачилга гарган, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газар ч мөн ажлын хэсэг байгуулан Шадар сайд ахлан ажиллаж байгаа юм билээ. Нэмээд хэлэхэд ус ашиглаж, нефть бүтээгдэхүүн гаргадаг технологи хэдийнэ хуучирсан. Зарим оронд нефтиэс ус үнэтэй болчихсон. Тэгэхээр бид нэг литр нефть гаргахын тулд хоёр литр ус ашигладаг технологийг халах ёстой.

Бидэнд ирсэн мэдээллээр, “Петрочайна Дачин Тамсаг” компани 554 монгол, 320 хятад ажилтантай гэсэн хариулт өгсөн.  

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Бид анх бүтээгдэхүүн хуваах гэрээ хийснээс хойших 26 жилд Монгол хэдий хэмжээний ашиг хүртэв, үр ашиг нь ямар байж вэ гэдэг дээр тодорхой дүгнэлт гаргахгүйгээр дараагийн авах арга хэмжээг тодорхойлоход төвөгтэй хэмээсэн.

Үүний тулд эдийн засагчид, хуульчид, олон улсын гэрээ, эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэд оролцуулсан мэргэжлийн баг томилж, дүгнэлт гаргах хэрэгтэй. 

Түүнчлэн монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах тал дээр онцгой анхаарах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг судалж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой гэв.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, 2025 онд нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Гэтэл түүхий эд байхгүй, дэлхийн зах зээлийн үнээр өөрийн баялгаа худалдаж авах байдалд хүрчихсэн. Үүнийг даруй шийдэх ёстой. Тэнд байгаа Засгийн газрын төлөөлөгчид ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн мэдээлэл байна.

Тэд “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хууль бус үйл ажиллагааг нуун далдалдаг, компанитай бизнесийн ашиг сонирхлоор холбогдчихсон тухай дуулддаг. 

Тиймээс Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтан, Засгийн газрыг төлөөлж буй хүмүүс улсынхаа эрх ашгийг хамгаалж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй гэлээ.

УИХ-ын гишүүд тогтоолын төсөлд заасан ажлыг хариуцах төрийн байгууллагуудыг нэр заан оруулах, газрын тос боловсруулах үйлдвэрийг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлож буй газрын тосны түүхий эдээр хангах талаар тусгах, Засгийн газраас томилогдон ажиллах ажлын хэсэгт орон нутгийн төлөөллийг оруулах талаар саналаа хэлж байлаа.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Гишүүд олон чухал асуудлыг хөндлөө. Үүний нэг нь ашиг сонирхлын зөрчлийн асуудал. Машин түрээслүүлдэг, хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлдэг гэх мэт. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх.

Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй албан тушаалтнууд тухайн компанийнхаа ажилтан шиг болчихсон, өгсөн даалгаврыг хэрэгжүүлдэг байж болохгүй. Тиймээс анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ашигт малтмалын салбарт хийсэн энэ гэрээ Монголд ашиггүй байна. Түүнчлэн байгаль орчинтой холбоотой ноцтой асуудал байна. Мөн 590 тонн химийн бодисыг буцааж өгөх хэрэгтэй. Монголд устгаж болохгүй. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн зардлаа дураараа нэмдэг, үр ашиггүй, татвар төлдөггүй байдлыг авч үзэх шаардлагатай гэлээ.

Эцэст нь УИХ-ын гишүүдийн саналыг тогтоолын төсөлдөө тусган батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637321
0 эможи

keyboard_arrow_up