З.Мэндсайхан: Салбар салбарын харьяанд байгаа лабораториудыг нэгтгэж хараат бус үндэсний лаборатори байгуулна З.Мэндсайхан: Салбар салбарын харьяанд байгаа лабораториудыг нэгтгэж хараат бус үндэсний лаборатори байгуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Салбар салбарын харьяанд байгаа лабораториудыг нэгтгэж хараат бус үндэсний лаборатори байгуулна

2022 оны 6 сарын 15

Arslan.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Уг тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан боловсруулж, өнгөрсөн сарын 20-нд өргөн мэдүүлсэн юм. Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс  малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1, гурилан бүтээгдэхүүн 38.2, хүнсний ногоо 38.5, өндөг 48.6, цөцгийн тос 67.4, тахианы мах 98, ургамлын тос 98.5 хувийн импортын хамааралтай байгаа аж. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн  95 хувийг импортоор авч байна. Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ. 

Arslan.mn

Судалгаагаар манай улс 2030 он хүртэл малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа. Харин хүн амын хэрэгцээт жимс жимсгэний 23, ургамлын тосны 69, хүлэмжийн ногооны 41, элсэн чихрийн 41, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой аж. Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мянган га талбай дээр шинээр 479 мянган га талбай,  усалгаатай 30 мянган га талбай дээр шинээр 33 мянган га талбайг эргэлтэд оруулж, жилд 1931 мянган тонн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Иймд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт даатгал, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох хууль эрх зүйн орчинг сайжруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгахаар тусгасан байна. 

Мөн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр, тухайлбал хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон тоо толгой толгойг зохих түвшинд барих, гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн  үйлдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Arslan.mn

Байнгын хорооны хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Н.Ганибал, Ц.Туваан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд төсөлд хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор хяналт, шалгалт хийдэг лабораторийн чадавхыг сайжруулах талаар болон лабораторид ажиллах мэргэжилтэн цаашлаад эл салбарын боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулав. Мөн тогтоолын төсөлд мал сүргийг бүрэн эрүүлжүүлэх хүрээнд вакцины хүртээмж болон  хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэх асуудлыг хэрхэн тусгасныг лавлаж байлаа.   

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Засгийн газраас ХХААХҮЯ, МХЕГ, зэрэг салбар салбарын харьяанд байгаа лабораториудыг нэгтгэж хөндлөнгийн хараат бус үндэсний лаборатори байгуулан бэхжүүлж, импортоор оруулж ирж байгаа бүх бүтээгдэхүүнээ шалгаж баталгаажуулдаг болох шийдэлд хүрч, энэ чиглэлээр судалгаа хийж байгааг тодотгов. Мөн тэрбээр, "нэг малын эмчид 35-40 мянган мал ногдож байгаа зэргээс эхлээд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж байгаа. Иймд тогтоолын төсөлд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээрх төрийн өмчит их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулах, эдгээр салбарт тэргүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх бүх асуудлыг тусгасан" гэв.   

Түүнчлэн тэрбээр, "Малын эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гарсан. Энэ тогтоолын ерөнхий агуулга, үзэл санаа уг хөтөлбөрт бүрэн туссан. Өөрөөр хэлбэл, уг тогтоолын төсөлд малын гоц халдварт өвчний эсрэг вакциныг жилд хоёр удаа хийн дархлаажуулж, таван жилийн хугацаанд мал сүргийг бүрэн эрүүлжүүлэхээр тусгасан. Мөн хүлэмжийн аж ахуй чиглэлээрх үйл ажиллагааг бүрэн тусгасан бөгөөд өвлийн хүлэмжийг 50 мянган га-д хүргэвэл дотоодын хэрэгцээг хангана гэж тооцоод Сангийн яамтай ярилцаж, эх үүсвэрийг нь зээлийн батлан даалтын сангаар дамжуулан гаргахаар болсон. Улмаар Засгийн газраас хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулж энэ жил 3 хувийн нэмэлт эх үүсвэрийг гаргасан" хэмээв.

Ингээд Ажлын баг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааэ, байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637971
0 эможи

Zochin
2022-06-15 18:23
Laboratoriig turuljuulj mergejliin udirdlagaar hagah heregtei. Uls turiin tomilgoi hiisnees nurdag shuu
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up