Г.Занданшатар: “Монгол-Туркийн бизнес форум” хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлнэ Г.Занданшатар: “Монгол-Туркийн бизнес форум” хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: “Монгол-Туркийн бизнес форум” хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлнэ

2022 оны 10 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол-Туркийн бизнес форум”-ыг Анкара хотноо (2022.10.15) зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга Ж.Мөнхбат,  БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоан,  Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Турк Улсын Танхим, Биржүүдийн холбооны гишүүн Фаик Явуз нар оролцож, үг хэллээ. 

Улсын Их Хурлын дарга форумын нээлтэд хэлсэн үгэндээ, өчигдөр бид Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийж, олон ажлыг хэрэгжүүлэхээр тохирсныг дурдаад, хоёр орны найрсаг, бат бэх харилцаан дээр суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр ярилцсаныг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр энэ удаагийн “Монгол-Туркийн бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд агаарын тээврийг үе шаттай либералчилснаар эл салбарын урсгалыг нэмэгдүүлж, томоохон дэвшил гарна хэмээн үзэж байна гэлээ.

Саяхан хоёр улсын Төрийн тэргүүн нар Самарканд хотноо уулзах үеэрээ найрамдал хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд энэ хүрээнд хөдөө аж ахуй нь хамтын ажиллагааны чухал салбар хэмээн тодорхойлсныг Улсын Их Хурлын дарга онцлов. 

Манай улс 70 гаруй сая толгой малтай. Монголоос ноос, ноолууран бүтээгдэхүүн Туркийн зах зээлд бага хэмжээгээр борлуулагддаг. Цаашид өлөн гэдэс, торомны ноос, сарлагийн хөөвөр, байгалийн гаралтай эко хүнсний бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх боломжтой. Энэ боломжийг Турк Улсын шинэ дэвшилтэт технологитой хослуулан боловсруулж, гадаад зах зээлд гаргахад хамтарч ажиллах боломжтойг дурдаж байлаа.

Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, уул уурхайгаас гадна бусад салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн. 

Цаашлаад Монгол Улс бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг төрийн бодлогоор дэмжих болно гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монголчууд мянга сонсохоор нэг үз гэж ярьдаг. Та бүхнийг Монгол нутагт өөрийн биеэр зочилж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг нүдээр үзэж, бизнесийн боломжоо нээж, дээр дурдсан боломжийг бодит ажил хэрэг болгохыг урья гэлээ.

Энэхүү арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн холбоо, тус улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл хамтран зохион байгуулсан.

Форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон албаны бусад хүмүүс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл боломж, хамтын ажиллагааны үр шимийн талаар илтгэл тавьж, “Шинэ сэргэлт”-ийн бодлого болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар танилцуулга хийн, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641401
0 эможи

Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up