Г.Занданшатар: УИХ авлигын эсрэг тэмцэх зорилтоо нэг алхмаар урагшлууллаа Г.Занданшатар: УИХ авлигын эсрэг тэмцэх зорилтоо нэг алхмаар урагшлууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: УИХ авлигын эсрэг тэмцэх зорилтоо нэг алхмаар урагшлууллаа

2023 оны 6 сарын 30

Arslan.mn

Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг анх 2016 онд баталсан, энэ удаа 11 зорилгыг дэвшүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталлаа. Энэ хүрээнд улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх манлайлал, ил тод байдлыг сайжруулна. Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид, ёс зүйт нийтийн албыг бэхжүүлэх зорилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.

Авлигатай тэмцэх нь зөвхөн төрийн ажил биш, бүх нийтийн үйл хэрэг. Тийм ч учраас авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхэд онцгой анхаарах ёстой. Дэлхий даяараа нийгмийн хэм хэмжээ өөрчлөгдөж, шинэчлэгдэж, авлигын эсрэг соёл бүрэлдэж байна. Нийгмийн сүлжээ, технологийн дэвшил шинэ боломжийг олгож байна. Шударга ёс, тэгш боломж гэдэг үг, уриа тунхагийн шинж чанартай байхаа больж, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүл зүй, нийгмийн сүлжээ авлигын эсрэг бодитойгоор тэмцэн, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхээр ажилладаг болсон. Үүнийг “Авлигатай тэмцэх 3 хэмжээст шинэ хандлага” гэж дэлхий даяар нэрлэж байгаа юм. Энэ шинэ соёл, дэлхий дахины хандлагад нийцүүлэн энэ өөрчлөлтийг хийж байгаа гэдгийг бид дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй.

Нийгмийн шаардлага, хүсэл эрмэлзлэлийг төрийн байгууллага, төлөөллийн байгууллагын төлөөлөгчид дагаж ажиллах ёстой. Ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлж ажиллах ёстой. “Авлигатай тэмцэх 3 хэмжээст шинэ хандлага” бол авлигатай тэмцэх ажил. Босоо тогтолцооноос хариуцлагын хэвтээ тогтолцоонд шилжинэ. Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүл зүй, мэргэжлийн хяналт, төрийн хяналтын байгууллагууд хяналтын хэвтээ тогтолцоонд шилжиж байгааг сая баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-өөр баталгаажуулж байна. Төр дангаараа авлигын эсрэг тэмцэх биш бүх нийтээр, хамтын хүчин чармайлтаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ийм бодлого баталж, хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа, үндэслэл, нөхцөл, үр дагаварын талаар олон нийтэд зөв ойлгуулж, соён гэгээрүүлж, ил тод байж энэ хөтөлбөрийг дүнтэй хэрэгжүүлж чадна. Улсын Их Хурлаас баталж буй бүх хууль, тогтоолд авлигатай тэмцэх үзэл санааг багтаасан байгаа.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг олон нийтийн хяналтын дор шударга явуулахаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Нийтийн сонсголын хэм хэмжээг шинээр тогтоосон нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Хууль зүйн байнгын хороо анх удаа зохион байгууллаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг сайжруулсан чуулган болно гэдгийг тэмдэглэж байв. Энэ зорилтоо бид өнөөдөр нэг алхмаар үргэлжлүүлж, олон нийтийн шүүмж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудын үр дүнд нийцүүлэн төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх нөхцөлийг хангаж энэ өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг өнөөдөр баталлаа.

Үүнийг хэрэгжүүлэхэд хөтөлбөрийг зорилгын нэгдүгээрт заасан авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх манлайлал, хүчин чармайлт, хамтын хүчин зүтгэл чухал шаардлагатай. Энэ соёлыг төлөвшүүлэхийг уриалж, манлайлж ажиллах хэрэгтэй. Авлигыг тэвчих, ашиг сонирхлын зөрчлийг тэвчих нийгмийн шаардлага бодитой байгааг хаа хаанаа гүнээ ухамсарлан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлбэл зохино.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648596
0 эможи

keyboard_arrow_up