“Ногоон автобус“-ны хэргээр Ж.Сүхбаатарт ХИЛИЙН ХОРИГ тавьжээ
АТГ-аас "Ногоон автобус"-ны хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэдний дөрөв нь гадаад улсын иргэн юм.
Эл хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татан шалгах мөрдөгчийн саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа талаар өмнө бид мэдээлсэн.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас гаргасан саналын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Эргэн сануулахад, Ж.Сүхбаатарыг худалдан авалтын төсвийг суулгахад “онцгой” нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээн яллагдагчаар татах саналыг АТГаас прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Учир нь 2023 оны улсын төсөвт Ж.Сүхбаатарт 339 тэрбум 743 сая төгрөгийг УИХ-аас баталж өгсөн. Тэрбээр энэ мөнгөнийхөө 318 тэрбумаар нь “Ногоон автобус”-г сонгон шалгаруулалтгүйгээр авсан байна.