Э.Батшугар: ХАР ЖАГСААЛТ гэх “санхүүгийн ял”-ыг байхгүй болгож, зээлээ цаг тухайд нь төлдөг ИРГЭДЭЭ УРАМШУУЛДАГ болно
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг Э.Батшугар гишүүн өргөн мэдүүллээ.
Энэ талаар Э.Батшугар "Энэ хууль өргөн баригдсанаар хар жагсаалт гэх санхүүгийн ял бүрэн алга болно. Гар утасны лизингийн төлбөрөөс болоод банктай харьцах иргэний харилцааг хааж ял үүрүүлдэг. Энэ тогтолцоог л арилгах юм. Мөн санхүүгийн сахилга баттай иргэдийг урамшуулдаг систем рүү орно. Бага зээлийн хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй урт хугацааны зээл олгож болно.
Заавал урьдчилгаа төлбөр төлж ипотекийн зээлд хамрагдах байдал арилна. Санхүүгийн систем онооны систем рүү орж байгаа гэсэн үг. Зээлдэгчийн зээлдэх зэрэглэлийн оноо олгох систем рүү орсноор банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү буурдаг. Монгол Улс энэ жишгээр явснаар 2-4 хувь зээлийн хүү буурах бололцоо бүрдэнэ гэсэн үг. Бүх санхүүгийн зах зээл хөгжсөн улс орнууд энэ системээр үйл ажиллагаагаа явуулдаг." гэв.