Дулааны III цахилгаан станцыг шинэчлэх зураг төслийг ОХУ-ын компаниар гүйцэтгүүлэхийг УИХ дэмжив Дулааны III цахилгаан станцыг шинэчлэх зураг төслийг ОХУ-ын компаниар гүйцэтгүүлэхийг УИХ дэмжив
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дулааны III цахилгаан станцыг шинэчлэх зураг төслийг ОХУ-ын компаниар гүйцэтгүүлэхийг УИХ дэмжив

2024 оны 12 сарын 27

Arslan.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Тэрбээр “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨК-ийн 48 мВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 мВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50мвВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 198 мВт, дулаанаар 585 гига килокалори/цаг хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулж, тус станц Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг, нийслэлийн дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг тус тус хангадаг гэлээ.

Өвлийн улиралд ДЦС-ууд бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөл болохыг сайд онцлоод, энэ эрсдэлийг бууруулахын тулд станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Засгийн газар тус станцыг хоёр үе шаттай өргөтгөн шинэчлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан бөгөөд эхний үе шатад цахилгаанаар 50 мВт-ын, дулаанаар 100 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих, хоёрдугаар үе шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 мВт-ын станцыг буулгаж суурин дээр нь цахилгаанаар 250 мВт-ын, дулаанаар 400 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих төслийн зургийн ажлыг хийж гүйцэтгэх юм.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компанийг тус станцыг өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохыг илэрхийлсэн бөгөөд мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “ДЦС 3” ТӨХК болон “Интер Ровэ Экспорт” компани хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ.

“Интер РАО Экспорт” компани төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж 2022 оны есдүгээр сард “ДЦС 3” ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна. Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж харилцан зөвшилцжээ.

Монгол Улсын Засгийн газар энэ оны наймдугаар сард хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой зөвшилцсөн бөгөөд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 48 дугаар захирамжаар уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олгосны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр буюу энэ оны есдүгээр сарын 3-нд гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээрт төслийн зураг төсөл боловсруулах инженерийн судалгаа шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар “ДЦС 3” ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын “Интер РОА Экспорт” компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг баримтлан Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод уг асуудлаар санал дүгнэлтээ ирүүлснийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж, санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзсэн байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хоёр хөрштэйгөө харилцах харилцаагаа манай улс эн тэнцүү сайжруулах шаардлагатай байгааг чухалчилж, 20 сая ам.долларын зураг төслийн хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир эрчим хүч, нефть шатахуун зэрэг зарим чухал бүтээгдэхүүнээр ОХУ-аас хамааралтайг сануулж, энэ хамаарлыг арилгах, Эгийн голын усан цахилгаан станцын төслөө урагшлуулахад энэ хамтын ажиллагаа чиглэх учиртай гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа тог цахилгаангүй атлаа мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярих ичгэвтэр хэмээн тэрбээр хэлж, эхний шатанд ямар ч байсан зураг төсвийг хийлгээд үзье, болохгүй бол үгүй гэж хэлэх боломж бидэнд бий гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндэсний аюулгүй байдлын асуудалд ухаантай хандах ёстойг дурдаж, эрчим хүчний үнэ нэмсэн дарамтыг иргэд ухаалаг хүлээж авсныг сануулаад, иргэдийнхээ энэ эрсдэлийг дахин нэмэхгүйгээр асуудлыг зоригтой, хэрсүү шийдэж ажиллах шаардлагатайг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660883
1 эможи

keyboard_arrow_up