Л.Сонор: Т.Доржханд сайд миний авга ах, аавын дүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийн томилгоог хэлэлцэв. Тус хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол зохион байгуулж Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ.
Харин Шадар сайд Т.Доржхандын ахын хүү Л.Сонорыг томилохоос татгалзав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Нэр дэвшигч Л.Сонорыг төрийн өндөр албан тушаалтан, хувьдаа ББСБ-тай, даатгалын бизнестэй ураг төрлийн холбоотой гэж хэвлэлээр бичээд байна. Энэ үнэн үү" гэв.
Нэр дэвшигч Л.Сонор " Т.Доржханд сайд бол миний аавын дүү, авга ах. Гэхдээ би энд хариуцлагатай мэдэгдэл хийх нь зөв байх. Намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд ямар нэг хувь хүн, улс төрийн намын квот, аливаа бүлэглэл ямар нэг байдлаар нөлөөлөөгүйг хариуцлагатайгаар хэлэхийг хүсэж байна." гэв.