П.Батчимэг: Суррон, скүүтер хэрэглэгчдийн аюулгүй байдлыг цогцоор нь хангах шаардлагатай
УИХ-ын гишүүн П.Батчимэг өөрийн цахим хуудастаа "Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөө, 2027-2028 оны төсвийн төсөөлөл зэрэг улс орны төсөв, санхүүгийн чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батална. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлж, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах чиглэлээр Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байгаа Ажлын хэсгүүд ажлын үр дүнгээ тайлагнах чухал хугацаа.
Миний бие УИХ-ын намрын ээлжит чуулган засварласан хугацаанд сүүлийн жилүүдэд иргэд, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуус цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцож байгаагаас үүдэлтэй тулгамдсан асуудлуудыг цогцоор нь зохицуулах зорилгоор ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн төслийг боловсруулж дуусаад байна. Энэ талаарх мэдээллийг та бүхэндээ удахгүй мэдээллэх болно" гэжээ.








