Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Монгол-БНХАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжин баталлаа.
Уг гэрээнд Хятадын талаас дээрх гэрээнүүдийн төслийг тохиролцох асуудлыг хэлэлцэх саналыг тавьж байгаа бол Монголын талаас Засгийн газар хоорондын гэрээг байгуулснаар бусад гэрээг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан. Энэ бол Замын-Үүд-Эрээний боомт юм. Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэлэлцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа батлах гэж байна. Энэ бол манай экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод боомт холбогдох юм.
Монгол Улсын Засгийн газрын яам, БНХАУ -ын Хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ юм. Энэ үеэр хэлэлцээрээр Хөгжил шинэтгэлийн хороон дээр боомтуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлсэн тухай проткол үлдэж байгаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг.
Шивээхүрэн боомт бол экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ. Шивээхүрэн боомтыг холбосны дараа автозамаар холбогдвол баруун босоо тэнхлэг болж байгаа.
Шивээхүрэнгийн дараа Бичигт. Бичигт мөн экспортоо 10 сая тонноор нэмэгдүүлэх болможтой.
Бичигтийг Эрээнцавтай холбочихвол зүүн бүсийн коридор болно. Үүний дараа тав дахь боомт бол Ханги. Энэ мэтчлэн бусад боомтыг ээлж дараалан ярих боломжтой. УИХ-аас өнөөдөр Гашуунсухайт -Ганц мод боомтын хэлэлцээрийг соёрхон бталснаар Шивээхүрэнтэй албан ёсны хэлэлцээр хийх боломж энэ протколоор нээгдэж байгаа." гэв.








