Д.Ганмаа: Мега төслүүдийн үр дүн айл болгоны өрхөөр орж бидэнд мэдрэгдэх ёстой
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа " Мега төслүүдийн үр дүн айл болгоны өрхөөр орж бидэнд мэдрэгдэх ёстой" гэдгийг онцлов.
Тэрбээр, "Хамтарсан ЗГ байгуулагдаад хэд хэдэн мега төслүүд хөдлөөд байна. Зорилго нь иргэдийн амьдралын чанар сайжрах, ололт амжилт нь айл бүрийн өрхөөр орж бидэнд мэдрэгдэх ёстой.
Хэмждэг 3 үзүүлэлт нь эрүүл мэнд, боловсрол, орлого.
Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн ажил нь үйл ажиллагааныхаа бодлоготой уялдаж байна уу. Эрүүл монгол чиглэлийн 4 зорилго, 18 зорилт бий. Үүний шалгуур үзүүлэлт нь тунхагийн шинжтэй, бодлогын ул суурьгүй, үргэлжилсэн үгийн зохиол шиг гэсэн шүүмжүүд удаа дараа яригдсан. Гэтэл шалгуур үзүүлэлт нь ийм байхаар яаж дүгнэх вэ хэмээн санаа зовниж байна. БСШУ-ны сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар ЕБС-ийн 1-р ангийн хүүхдүүдийг нүд, шүд, зүрхний урьдчилсан үзлэгт хамруулна гээд 2 газар давхар орж иржээ. Төсөв нь мөн давхардаад олгогдчихсон байх вий.
Нийгмийн эрүүл мэндээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээ талаас хэд хэдэн асуулт байна. Эрүүл мэндийн тусламж, чанар, үйлчилгээ, хүртээмж, аюулгүй байх гол үзүүлэлтүүдэд тус бүр ямар шаардлага тавьж байна вэ? Шалгуур үзүүлэлт байтугай, тодорхойлолтыг нь олж харсангүй." гэв.








