Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томиллоо
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцлээ. Уг саналыг өчигдөр УИХ дахь намыг бүлгүүд, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн билээ.
Өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувийн дэмжлэгтэйгээр Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокурорыг улираан томиллоо.
Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
- 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг,
- 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.
Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд:
- 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт Хэсгийн прокурор, Хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор,
- 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор,
- 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хяналтын прокурор,
- 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор,
- 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор,
- 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга,
- 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч дарга
- 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,
- 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/








