Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Зоригт: Бичигт боомтын үүд хаалгыг өргөн, цэлгэр нээснээр Монгол Улсын эдийн засагт бий болоод байгаа саатал бүрэн шийдэгдэнэ

2014 оны 4 сарын 02

УИХ-ын гишүүн М.Зоригтыг “VIP” ярилцлагын буландаа урьж, Сүхбаатар аймгийн хөгжлийн талаар ярилцлаа.
-Сүхбаатар хил орчмын аймаг. Харин хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр Хятадын Улиастай хотын удирдлагуудтай санамж бичиг байгуулсан гэсэн. Энэ хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?
-Аливаа аймаг, хот суурин газар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх боломжийг судлах ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийн давуу талаа сайн гаргах нь чухал. Сүхбаатар аймгийн хувьд гол давуу тал нь нутаг усны байршлын асуудал. БНХАУ-тай хиллэдгийн зэрэгцээ хилийн цаана олон сая бидний нэг адил шашин шүтлэг, хүндэлдэг овоо, танхилгатай, соёл нэгтэй ард түмэн амьдарч байна. Энэ бол бидний хувьд аялал жуулчлалын хамгийн том боломж гэж харж байгаа. Тэгэхээр аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг нэн түрүүнд дэд бүтцээ бий болгох хэрэгтэй. Авто зам, аялал жуулчлалын маршрутын дагуух замууд, эрчим хүч, зочин гийчнээ байруулах зочид буудал, хоол ундны газар, гийчдийн анхаарлыг татах зохион байгуулалттай жуулчдад хандсан арга хэмжээнүүдийг явуулах гэх мэтчилэн олон зүйлийг хэрэгжүүлэх шаардлагатай. Сүхбаатар аймагт Монгол түмний бүх нийтээрээ тахин шүтдэг Алтан овоо байдаг ч хилийн цаанаас өндөр товцог дээр гарч сүслэн бишрэгдэг олон сая монголчууд байна. Шилийн богдыг зөвхөн манай иргэд шинийн 8-ны билэгт сайн өдөрт багтаж ирдэг биш. Монгол цусан ахан дүүс маань наашаа гарах боломжгүй ч гэсэн сүсэглэж, бишэрч байдаг. Тэгэхээр үүнийг ажил болгох явдал байгаа. Эрдэнэцагаан суманд Егүзэр хутагтын Өнөбилэгт хийд бий. Харин хилийн цаана хутагтын олон зуун мянган шавь нар байдаг. Хутагтын дууг мэдэхгүй хүн гэж байдаггүй. Ер нь дээр үед хаад, ноёд холоос аянчилж ирж нас юугаа нэмүүлээд буцахад нь найр наадам болдог байсан тухай Өвөрмонгол нутгийн монголчууд их ярьдаг.
-Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалаар дамжуулад соёлоо бие биедээ түгээх боломж ойртоно гэж хэлж болох нь ээ?
-Тэгж болно. Ер нь Сүхбаатар аймагт аялал жуулчлалын дэд бүтэц, энэ бүхнийг хөгжүүлэхийн тулд байнгын тогтмол жуучлалын урсгал хэрэгтэй. Харин дотоодын аялал жуулчлалыг өнөөдөр эмхлэн цэгцэлж, зохион байгуулалтад оруулах төвөгтэй байгаа. Яагаад гэвэл, машинтай хүн болгон дуртай цагтаа Алтан овоо, Шилийн богдоор тойроод ирж байна. Энэ цаг үед хүн болгон гэр бүл, найз нөхдөөрөө явах бололцоо байгаа тохиолдолд зохион байгуулалтад оруулах нь одоогоор төвөгтэй байгаад байгаа юм. Тиймээс 2015 оныг “Аялал жуулчлалын жил” болгон зарлах бэлтгэл ажлаа хийж байна. Энэ чиглэлд Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжил, мастер төлөвлөгөөг боловруулж дууслаа. Одоо Сүхбаатар аймгийн Аялал жуулчлалын газар Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуутай байгуулсан хамтын ажиллагааны хэлбэрээр нэлээд ажил хэрэгч болгох нь чухал байна. Бэлтгэл хангаж байгаа 2014 онд сүсэг бишрэл, бурхан шашны чиг хандлагатай 5000 жуулчныг Монголын тал хүлээж авна. Аялал жуулчлалын жилд 18-20 мянган жуулчин авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жуулчдад гурван төрлийн багцаас өөрийн дуртайгаа сонгох боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл, нэг шөнө, хоёр өдрийн багцад Бичигт боомтоор орж ирээд Егүзэр хутагт Ж.Галсандашийн буга нутагшуулсан Лхачинванд ууланд хүндэтгэл үзүүлээд хээрийн зочид буудалд ундлах. Мөн Эрдэнэцагаан сумын хутагтын хийдээр орохоос гадна соёл урлагийн арга хэмжээ үзэж, татваргүй барааны дэлгүүрээр орох боломжтой. Хоёр шөнө, гурван өдрийн багцад Эрдэнэцагааны хөтөлбөр давтагдаж, Шилийн богд, Дарьгангаар ороод буцах байгаа. Дөрвөн шөнө, таван өдрийн багцад эдгээр газраар яваад Баруун-Урт орох гурван чиглэлийн маршрутыг зүлгэж байна. Бэлтгэж байна даа. -Өвөрмонгол иргэдийн хувьд Монголыг санасан,  бэтгэрсэн байх нь бий. Тэгэхээр хил орчмын аялал жуучлалаар дамжуулаад хоорондоо уулзах боломж бүрдэх нь. Харин Монголд зорчих иргэдийг ямар бичиг баримтаар оруулах вэ?
-Хоёр орны Гадаад харилцааны яамдууд зорчих эрхийн үнэмлэх ямар байх талаар ярилцаж байна. Өвөрмонгол малчин хүн гадаад паспорт авна гэдэг бараг байхгүй. Тиймээс үүнийг нь хөнгөвчилж өгнө. Харин аялал жуулчлалын гэрээнд хамрагдсан нутгийн хүмүүс энэ бүхэнд хамаарах юм. Энэ мэтчилэн зохион байгуулалттай аялал жуулчлалыг хэрэгжүүлснээр гол маршрутад зочид буудал, үзвэр үйлчилгээ явуулах бүх зүйлийг энэ ондоо цэгцлэхээр төлөвлөсөн. 2015 нэгдүгээр сарын 1-ний нар угтах, “Аялал жуулчлалын жил”-ийн нээлтийн арга хэмжээ Талын агуйд болно. С.Оюун, Ц.Оюунгэрэл сайдын яам, орон нутгийн төсвөөс энэ тэнцүү мөнгө гарч, Талын агуйгаа сэргээн завсарлана. Талын агуй доторх нэг хэсэг ил бусад нь мөсөнд дарагдсан, мөлхөж ордог гээд хүндрэлтэй асуудал бий. Тэгвэл сэргээн засварласнаар гурван заал нээгдэж, зочин гийчид орж харахад хаалга үүд нь ая тухай болох юм. Харин Шилийн богдын бэлд хэн дуртай нь барилга, байшин бариад эхэлсэн. Үүнийг бид эрс эсэргүүцэж, зөвшөөрөхгүй байгаа. Алтан овооны дэргэд суурьшлын бүс болох Дарьгана сум бий. Хэрвээ үүнийг зөвшөөрвөл Шилийн богдын бэлд Дарьганга шиг сум бий болно. Өөрөөр хэлбэл, байгалийн онгон төрх, зэлүүд хээр тал байхгүй болох юм. Тиймээс аялал жуулчлалаар дамжуулаад дэгэнд оруулах, Дарьгангын Хэлтгий уулын бэл орчмоор авто зам барьж, эрчим хүч, усны асуудлыг шийдэж өгнө. Үүнээс гадна аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулж, соёлын арга хэмжээ явуулах бололцоог тухайн газарт олгох юм.
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн том гарц нь яах аргагүй зам. Улаанбаатараас Сүхбаатар аймгийн чиглэл хар замаар бүрэн холбогдоно. Харин цааш нь Бичигт боом руу зам тавих асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Энэ жил Баруун-Уртаас-Асгат-Эрдэнэцагаан-Бичигт рүү зам тавиж эхлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Бичигт боомтыг Улаанбаатартай холбосон авто замыг 2015 бүрэн дуусгана. Харин Баруун-Уртаас-Асгат-Эрдэнэцагаан-Бичигт рүү чиглэсэн авто замаас салааж Хэлтгий уул руу орох боломжийг олгоно. Харин Улаанбаатараас шулуун замаар давхисаар байгаад Шилийн богдоос 22 км зайд хүрч ирнэ. Ингээд Шилийн богд руу очиход тусгай маршрутаар, замгүй газраар явах чадвар бүхий машинд суугаад тойроод явах бололцоо бүрэн нээгдэнэ. Би нэгээхэн хэсгийг ярьж байгаа боловч энэ чиглэлд олон ажил хийгдэж байгаа.
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг элсэрхэг. Олон хүн очихоор хөрсийг сүйтгэх асуудал тулгардаг. Байгаль орчинд хор нөлөөгүй байх асуудлыг шийдэрлаж чадаж байгаа юу?
-Аялал жуулчлалын салбар өөрөө байгальд ээлтэй байх юм. Барилга байгуулжийг нэг л газар төвлөрүүлнэ. Үүнээс бусад газарт улирлын шинжтэй, хөнгөн хийцийн монгол гэрийг барих юм. Тиймээс учраас байгальд нөлөөлөх нөлөөллийг хамгийн бага байдлаар бий болгоно гэж хэлэх гээд байна.
-Сүхбаатар аймгийн Бичигт боомт өөрийн гэсэн захиргаатай. Харин Боомтын тухай хуулиар нэгдсэн захиргаатай байхаар тусгасан. Харин энэ хууль хэрэгжихээс өмнө боомтын захиргаа үйл ажиллагаа эхлүүлсэн гэхээр нэг давуу тал биз?
-Намрын чуулганаар Боомтын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар боомт болгон өөрийн гэсэн нэгдсэн захиргаатай байхаар тусгасан. Харин энэ хуулийг батлах, үзэл санаа нь манай Сүхбаатар аймгийн Бичигт боомтын амьд жишээ их нэмэрсэн болсон. Бид боомтын захиргааг ажиллуулаад дөрвөн жил болж байна. Орон нутгийг төсвөөс санхүүжүүлж ирсэн. Бичигт боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, мэргэжлийн байгууллагад дэм туслалцаа болох үүднээс эмнэлэг, цэцэрлэг, орон сууцны үйлчилгээг боомтын захиргаагаар дамжуулан дэмжиж ирсэн. Цэцэрлэгжилт, хог, усалгааны асуудлыг боомтын захиргаа хэрэгжүүлсэн. Одоо хууль хэрэгжснээр боомтын захиргаа өөрийн гэсэн зохиуцуулалтай болж, аймгийн мэдэлд байсан боомтын захиргааг удахгүй улсын мэдэлд шилжүүлэх ажиллагаа явагдана. Ер нь Бичигт боомтыг хөгжүүлэх асуудалтай холбогдуулж Монгол Улсын Засгийн газраас анхаарч байгаа. Засгийн газрын хэд хэдэн шийдвэр гарч, Бичигт, Замын-Үүдийн зэрэглэлийг нэг болголоо. Замын-Үүдийн боомтоор гарч, орж байгаа бүх нэрийн бараа Бичигтээр гарах үүд хаалга нээгдсэн. Өнөөдөр Эрээний зах дээрээс жимс жимсгэн, хүнсний бараа авдаг үнэ Бичигт боомтын цаанаас авах хоёрын хооронд 14-15 хувийн зөрүүтэй байдаг. Яагаад гэвэл Бичигтээс дамжин авахад хямдхан тусдаг. Мөн барилгын материал, мебелийн бараа, бүтээгдэхүүнийг Бичигт боомтоор дамжин авахад 20 хувь хямд байгаа. Учир нь барилгын материал, мебелийн үйлдвэрлэлийн 80 орчим хувь Бичигтээс зүүн тал руугаа бий. Энэ боомт авто замаар бүрэн холбогдохоор Замын-Үүдээр арилжаа наймаа хийдэг хүмүүс үндсэндээ Бичигтээр явдаг болно. Авто замаа бүрэн холбож өгнө гэдэг нь арилжаа наймаа хийгчид, тээвэрлэлтийн компаниудад ая тухайтай, хурдан ажлаа амжуулах бололцоог бүрдүүлнэ гэж харж байна.
Ерөнхий сайдын тушаалаар Засгийн газраас тусгай Ажлын хэсэг гарсан. Өнгөрсөн өдрүүдэд Бичигт боомтод томилогдон ажиллаж, авто зам, төмөр зам тавих мөрөөр явж, холбогдох мэргэжлийн хүмүүс газар дээр нь асуудлаа ярьсан. Цаанаас ирж байгаа төмөр замын асуудалд дүн шинжилгээ хийж мэдээлсэн авсан. Хятадын төмөр зам Монгол Улсын хилээс 70 км-ийн зайд ирээд зогссон байсан. Гэтэл Хятадын тал нэгэнт асуудал хурдтай явж байгаа учраас 60 км замаа тавиад эхэлсэн байна. Зургаадугаар сарын 30 гэхэд Хятадын төмөр зам Монголын хилийг тулж ирэх нь. Хятадын талд өнөөдөр 60 км зам дээр 2600 ажилтан, 800 гаруй тусгай техникийг ажиллуулж байна. Өдөр, шөнөгүй ажил оволзож байгааг хараад манай ажлын хэсгийн сэтгэл өндөр байсан. Ажлын хэсэг нэлээд олон санаа, оноотой ирсэн. Үүгээрээ нэлээд олон асуудлыг шийднэ. Шийднэ гэдэг нь минут, цагаар аслаа төлөвлөж ажиллах хэрэг.
-Монголын талаас барих төмөр замын асуудлыг хэзээнээс эхлүүлэх вэ. Төмөр замыг тавьснаар Бичигт боомтоор дамжуулаад далайд гарах гарц нээгдэнэ. Тиймээс яаравчлах асуудал байгаа шүү дээ?
-Монгол, Хятадын харилцааг, Монголыг далайд гаргах гарцын асуудлыг ойрын хугацаанд шийднэ. Хамтын ажиллагаа, бүтээн байгуулалт, аялал жуулчлалын асуудлаар цогц хэлэлцээр явагдаж байна. Монгол, Хятадын компаниуд хамтран ажлаа эхлүүлэхээр гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа. Энэ зун БНХАУ дарга Ши Шинь Пин манай улсад айлчилнэ. Түүний наана зарчмын бүх тохиролцоог хангахаар Засгийн газар, бүх салбар чиглэл чармайн ажиллаж байгаа. Энэ айлчлалын хүрээнд зурагдах гэрээнүүдээр зам, гарц нэн ялангуяа Монгол Улсын далайд гарах хамгийн хөнгөлттэй нөхцлүүд биелэгдэх байх гэж найдан харж байна. Үүний цаана Сүхбаатар аймгаар дамжин өнгөрөх авто, төмөр замын асуудал нээгдэх байх. Харин гадаадаас орж ирж байгаа бараа, материал Замын-Үүдийн боомт дээр гацдаг. Хүнээр төсөөлбөл судасны нарийсалттай байгаа учраас Монгол Улсын эдийн засаг саарах гээд байгаа юм. Орчин үеийн шинжлэх ухаанд зүрхний үйл ажиллагаа сайжруулахын тулд гуурс татаж, хоёр дахь сувгийг нээнээр цусан хангамж эрс сайжирдаг. Зүрх хэвийн ажилладаг. Түүн шиг Бичигт боомтын үүд хаалгыг өргөн, цэлгэр нээснээр Монгол Улсын эдийн засагт бий болоод байгаа саатал бүрэн шийдэгдэнэ. Тийм болохоор далайд ойр байдлаараа ч тэр ойрын ирээдүйд Бичигт боомтын нөлөөлөх байдал Замын-Үүдээс  хамаагүй илүү болно гэж төлөвлөж, харж байна. Мөн газар нутгийн давуу талыг ашигласан Сүхбаатар аймгийн хөгжлийн бодлого үүгээр илэрхийлэгдэж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1007
0 эможи
keyboard_arrow_up