Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Алтанхуяг: МАНАН-тай замыг сонгохгүй

2014 оны 10 сарын 21

Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Түүнтэй хамт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь байлцав. Засгийн газрыг бүрдүүлж буй Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтын ажиллагаа хэрхэн эхэлсэн, одоо ямар байгаа, цаашид хэрхэх тухай мэдээллийг Н.Алтанхуяг дарга өгсөн юм. Тэрээр өнгөрсөн бямба гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үзэг зурсан. Үүнтэй холбогдуулан зарим ташаа мэдээлэл гарч буй учир тэрээр залруулж байгаа бололтой.

 

Н.Алтанхуягийн ярьсан зүйлийг сийрүүлэв.

 

ИЗНН БЯМБА ГАРИГТ ХАРИУ ӨГНӨ

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам парламентад олонх болж чадаагүй ч олуулаа болсон. Энэ нь дангаар Засгийн газар байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд тус нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулан удирдах төвшиндөө хэлэлцээд УИХ-д суудал авсан намуудаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарч ажиллахаар шийдсэн юм. Үндсэндээ дөрвөн намаас бүрдсэн гурван субъект Засгийн газрыг бүрдүүлж буй бөгөөд цаашид хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэх тухай өнгөрсөн хоёр жилд хэд хэдэн удаа ярилцаж байжээ. Ингэхдээ, нэгдүгээрт нэг намын гишүүн нь нөгөө намынхаа сайдыг огцруулах бичиг өргөн барьдаг байдлыг зохицуулах. Хоёрдугаарт, Засгийн газрын бүтцийг шинэчилж буй энэ үед намууд Засгийн газарт хамтран ажиллах квотоо бататгах, гуравдугаарт, хаа хаанаа боловсон хүчнээ дэмжин ажиллая гэж МАХН-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард Ардчилсан намд санал тавьжээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдан энэ саналыг дэмжиж тавдугаар сарын 28-нд тогтоол гаргасан байна. Нэгэнт МАХН , АН хоёр нам санал нэгтэй байгаа тул “Шударга ёс” эвслийг бүрдүүлж буй МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцаж бас санал нэгджээ. Иймд эдгээр намууд цаашид хамтран ажилласаар байх уу, 2016 он хүргээд харилцаагаа дуусгах уу гэсэн асуултын өмнө ирсэн ч бүгд үргэлжлүүлэх саналтай байж. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Итгэлцлээ улам бэхжүүлэхийн тулд гэрээгээ шинэчилсэн” гэж тодотголоо. Түүний тайлбарлаж буйгаар АН, МАХН, МҮАН ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтайгаа дотооддоо бүгд ярилцаж шийдсэн юм байна. Ингэхдээ дээр дурдсан намууд хоёр жилийн дараах УИХ-ын сонгуулиар харилцаагаа дуусгавар болгохгүй үргэлжлүүлэх саналтай байжээ. Харин Засгийн газарт хамтарч буй ИЗНН-ынхан ирэх бямба гаригт хуралдаж шийдвэрээ гаргах юм байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ, ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ХАМААГҮЙ ГЭРЭЭ

Мөн намуудын хамтын ажиллагааны гэрээнд хэд хэдэн өөрчлөлт оржээ. Ямар боловч дээрх намууд зөвхөн УИХ-ын сонгуульд үйл ажиллагаагаа уялдуулж оролцож байхаар тохирчээ. Яг ямар байдлаар оролцохоо тухай бүрт нь шийдэх аж. Харин Ерөнхийлөгч болон Орон нутгийн сонгуульд огт хамаагүй гэрээ гэнэ.

Хэрэв УИХ-ын сонгуулийн мажоритар тойрог буюу нэр дэвшигчийг өрсөлдүүлэх тойрогт хоёр нам хамтраагүй тохиолдолд хоёул зэрэг нэр дэвшүүлэхгүй байхаар зохицуулжээ. Учир нь үйл ажиллагаагаа уялдуулж буй хоёр намын нэр дэвшигчид нэг тойрог дээр нэг, нэгийнхээ саналыг хуваахгүй байх зарчимтай аж.

Мөн Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийнхний тохирсон өөр зүйл бол цаашид сонгуулиар бизнесийнхний харъяалалд ордог байдлыг үндсээр нь халах, улс төрийн нам өмчтэй байхыг хориглоё гэдэгт санал нэгдсэн нь гэрээний чухал заалт гэдгийг Н.Алтанхуяг онцолж байв.

ХОЁРДУГААР ЗАМААР ЯВАХГҮЙ

Ерөнхий сайдын хэлж буйгаар түүний тэргүүлж буй Засгийн газар яг одоо салаа замын уулзварт ирсэн байна. Нэг зам нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай цаашид хамтран ажилласаар байх уу, нөгөөх нь МАН-ын бүлгийнхний шаардлагаар Засгийн газраа огцруулж тэдэнтэй хамтран Засгийн газар байгуулж МАНАН бүрдэх үү гэсэн зам бий. Гэхдээ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн хэлснээр олон сумаар явж намын гишүүд, дэмжигчид, анхан шатны байгууллагынхаа төлөөлөлтэй уулзаж саналыг нь авчээ. Ингэхэд МАНАН байгуулж болохгүй гэж гишүүд нь захисан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэр ч энэ замыг сонгохгүй гэлээ.  Иймд нэгдүгээр зам буюу одоогийн хамтарч буй гурван намтайгаа цаашид хамтарна. Ийм үед хамтарч буй субъектүүдээ илүү итгэлтэй байлгахын тулд хамтын ажиллагааны  гэрээгээ шинэчлэн байгуулжээ. Хэрэв Ардчилсан намын чиг шугам өөрчлөгдвөл Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж болох аж. Өөрөөр хэлбэл, одоогийн явж буй зам бус, хоёрдугаар замыг буюу МАНАН бүрдүүлэх шаардлагатай гэвэл АН ҮЗХ-гоо хуралдуулж өөр шийдвэр гаргаж болох гэнэ. Гэхдээ тус нам чиг шугамаа өөрчлөхийг хүсэхгүй байгаа аж.

М.ГАНЦЭЦЭГ

 "Зууны мэдээ" сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10473
0 эможи
keyboard_arrow_up