Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын бүлгийн дүгнэлт бүрэн эхээрээ

2014 оны 11 сарын 05
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОРОВЫН АЛТАНХУЯГИЙГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛААРХИ УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДҮГНЭЛТ
 

Улаанбаатар хот                                                2014.11.05

Улсын Их Хурлын дарга, Улсын Их хурлын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын нэр бүхий МАН-ын бүлгийн гишүүд тэргүүтэй 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн барьсныг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцээд дараах дүгнэлтийг гаргаж байна.

Одоогоос хоёр жилийн өмнө үндэсний үйлдвэрлэл хомсдолтой, халамж харсан хэрэглээний эмзэг эдийн засагтай, үр ашгийн тооцоогүйгээр тараасан өр, зээлтэй Монгол оронд шинэчлэл хийх, шударга ёсыг тогтоох үүрэг Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчдын олонхиос бүрдсэн Норовын Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газарт ногдсон юм. 

Монголын ард түмний баялаг болох томоохон уул уурхайн орд газруудыг барьцаалж, нийт 2.7 тэрбум ам.долларын өр тавьж, 17.6 сая ам.долларын хүүгийн алдагдал хүлээж байсныг улсын төсвөөс төлж эхэлж байна.

Оюу толгой, Таван толгойн гэрээний нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний уналттай давхцаж экспортын орлогын татралт, түүнээс шалтгаалсан валютын хомсдол, Оюу Толгой ордын эхний шатны хөрөнгө оруулалт дуусч, “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн алдаатай бодлогоос улбаатай гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, урьдчилан авсан зээлийн төлөлт, ужгирсан хэт үрэлгэн байдал нь манай улсын эмзэг эдийн засгийг эрсдэлд оруулах суурь нөхцөл болсон.

Эдийн засгийн бодит хүндрэл нь төрийг ч, бизнес эрхлэгчдийг ч, иргэдийг ч зах зээлийн бодит шалгуур дээр авчирч тавьсан.

2011 оны 17.3 хувийн эдийн засгийн өсөлтийн 5.7 пунктийг импортын өсөлт бүрдүүлсэн бөгөөд тэр дундаа Оюутолгойн хүнд машин механизм болон нүүрс олборлох, зөөвөрлөх хүнд машин механизмийн импорт эзэлж байсан. Үүн дээр уул уурхайн, олборлолтын салбарын өсөлтийн нэмсэн нийлбэр нь 13.8 хувьтай байхад Монгол Улсын бусад үйлдвэрлэлийн салбарын өсөлт тэр дундаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг оролцуулаад дөнгөж 3.5 пункт болж байлаа. Энэ бол эдийн засгийн өсөлт гэхээсээ илүүтэй гадаад худалдаа тэр дундаа импортоос хараат байсныг бэлхнээ нотолж байна.

2013 онд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг эрчимжүүлснээр барилгын салбар 80 хувиар, мал аж ахуйн салбар 16 хувиар тус тус өслөө.

Тэгвэл 2014 оны хагас жилийн 5.3 хувийн өсөлтийн 3 пунктийг уул уурхай, олборлолтын салбар тэр дундаа Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл болон түүхий газрын тосны олборлолт эзэлж байна. Мөн 1.9 пунктийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бүрдүүлж байна.

Энэ бол манай улс дотоод нөөц бололцоогоороо бусдаас хараат бусаар бий болгож буй эдийн засгийн анхны цэвэр өсөлт юм.

Энэ оны хүлээгдэж буй 5-6 хувийн эдийн засгийн өсөлт дэлхийн дундаж орчим байх болно гэдгийг онцлон хэлмээр байна.

Макро эдийн засгийн мөчлөгт уруудалттай давхцаж байгаа энэ үед үүсч буй бодит хүндрэлийг бид үгүйсгээгүй. Харин аль болох богино хугацаанд, хүндрэлээс гарах, эдийн засгийг идэвхжүүлэх хуулийн төслүүдийг өргөн барьж, эхнээс нь хэлэлцэн шийдвэрлэж байна.

Засгийн газар өөртөө өндөр үүрэг оногдуулж 100 хоногийн хугацаанд бизнесийн орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай хууль, эрх зүйн орчны болон гүйцэтгэх засаглалын түвшний шинэчлэлт, өөрчлөлтийг тусгасан 69 ажлыг төлөвлөсөн. Эдгээр нь тоон утгаараа  нэг ажил мэт харагдавч цаанаа бүхэл бүтэн салбарын асуудал, эсхүл одоо байгаа хуулийг шинэчлэн найруулах, мөн цоо шинэ хууль санаачлах  зэрэг өргөн далайцтай ажлууд байлаа.

Монгол орон хоёрхон жилд дампуурч буй хэрэг биш, 20 жилд буй болгосон эдийн засгийн буруу суурин дээр бүдэрч явна.

Манай улсын зээлжих зэрэглэл буурсан нь үнэн.

Зээлжих зэрэглэлийг бууруулсан гол хүчин зүйл нь манай улсын гадаад валютын нөөц багассантай холбоотой. Гадаад валютын нөөц багасах болсон үндсэн шалтгаан нь гадаад валютын орох урсгал эрс багассан тухайлбал гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оноос эхлэн эрс буурсан, манай экспортын бүтээгдэхүүний үнэ огцом буурсантай холбоотой гэдгийг та бүгд маш сайн мэдэж байгаа.

Зээлжих зэрэглэл буурсан хоёр дахь хүчин зүйл нь манай улсын хөрөнгө оруулалтын орчин муудсантай холбоотой. Гадаадын хөрөнгө оруулалтын орчин нь УИХ-аас баталдаг хууль, холбогдох тогтоол, шийдвэрүүдээс голлон хамаардаг асуудал. Зэрэглэлд нөлөөлсөн гурав дахь хүчин зүйл нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унасантай холбоотой бөгөөд олон улсын зах зээл дэх өөрчлөлтийг урьдчилан таамаглах хэцүү.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан өдрөөсөө л гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхээр идэвх гарган ажиллаж байна. Харамсалтай нь хөөгөөд явуулчихсан гадны хөрөнгө оруулагчдын итгэл тийм ч хурдан сэргэхгүй байна.

Засгийн газар 2012 онд гарч болох хүндрэлийг зөв тооцоолж, дэлхийн санхүүгийн зах зээлд 5 тэрбум ам.долларын бонд гаргах шийдвэрийг УИХ-аас гаргаж, эхний 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгосон нь улс орны эдийн засгийн бодит хямралаас гаргахад онцгой үүрэг гүйцэтгэж чадсан.

“Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмж, Бодлогын зөвлөлийн зөвлөмж болон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Хөгжлийн банк Засгийн газрын үнэт цаасны буюу бондын хөрөнгийг зарцуулж байна.

Хөгжлийн банкны гаргасан бонд болон Самурай бондын хөрөнгөөр хийгдэж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай нийцтэйгээр төсвөөс гадуур зохицуулалттай явж байна.

Хэрвээ уг төсвөөс гадуурх зохицуулалтыг төсөвт тусгах тохиолдолд хууль эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлага үүсч байгаа юм.

Олон улсын зах зээлд үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг хэрхэн зохион байгуулах, Улсын Их Хурал, Засгийн газар, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэг, оролцооны талаар болон Хөрөнгө оруулалтын төсөвлөлтийн талаар тодорхой зохицуулалтуудыг

    Төсвийн тогтвортой байдлын тухай

    Төсвийн тухай

    Монгол Улсын хөгжлийн банкны тухай

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд оруулах шаардлагатай байна.

Монгол Улсын Хөгжлийн банк хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд 2012 онд нийт 492.3 тэрбум, 2013 онд нийт 1,688.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус хийгээд байна.

“Чингис” бондыг:

-Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээнд 908 тэрбум төгрөг,

-Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх төслүүдийн хэрэгжүүлэхэд 809 тэрбум төгрөг,

-Хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг түргэтгэхэд зориулсан төслүүдийг 598.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.

Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, үр ашгийн тооцоог үндэслэн эргэн төлөлт нь баталгаатай төслүүдийг санхүүжүүлж байна.

Хэрэв “Чингис” бондыг босгож, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй байсан бол:

-2013 оны эхээр төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэж гадаад валютын дотогшлох урсгал 1.5 тэрбум ам.доллараар багасах байлаа;

-Бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх, үргэлжлүүлэх боломж бүрдэхгүй байлаа;

-Ханшийн хэлбэлзэл  2013 оны эхнээс буюу нэг жилийн өмнөөс эхлэх байсан,

-Моргейжийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох нөхцөл бүрдэхгүй байсан бөгөөд энэхүү зээлийн хөтөлбөрийг Монголбанктай хамтран хэрэгжүүлж эхэлснээр өнөөдрийн байдлаар нийт  40,537 иргэн энэ зээлийг авч орон сууцанд орсон байна. Нийт зээлийн дүн 1,8 их наяд төгрөгт хүрснээс 12,385 иргэний 513,1 тэрбум төгрөгийн зээл Монголын Ипотекийн Корпораци руу шилжсэн байна.

-Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарыг санхүүжүүлсэн зээлийн хүү нэг оронтой тоонд хүрэхгүй байсан.

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэл уналтад орох байсан.

Дан ганц Хөгжлийн банк, Чингис бондын хөрөнгийг оруулан тооцоход 2013 онд 2.7 их наяд төгрөгийн буюу сүүлийн 15 жилд хийж байгаагүй хөрөнгө оруулалтаар дотоод зах зээл, бизнес эрхлэгчдээ дэмжлээ.

Жижиг эдийн засагтай цөөн хүн амтай манайх шиг улс оронд ажлын байрыг хадгалж үлдэх нь амин чухал байсан. Энэ бүхэнд Чингис бонд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Урьдын эрх баригчид 2.7 тэрбум ам.долларын өр тавьснаа өөрөө олсон юм шиг, өөрөө автор нь болж, халамж нэрийн дор тараан цацсан нь өнөөдрийн хүндрэл нөлөөлж байна.

Урд нь тавьсан өр, өнөөгийн Засгийн газрын Чингис бондын зээл хоёр эрс ялгаатай.

Гадаадын зээлийг дунд хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй, жижиг дунд үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд чиглүүлж байна.

Бид дэд бүтцийн хөгжилгүйгээр Монгол орны хөгжлийг төсөөлөх аргагүй юм. Таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км автозам тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км авто замыг ашиглалтад орууллаа.

Монгол Улсаас БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээрийг шинээр баталж, манай улс транзит тээвэрт хөнгөлөлт эдлэхээр болж, царигийн асуудлаа шийдвэрлэлээ.

2008 онд дөнгөж 720 хүүхдийн цэцэрлэг, 3930 хүүхдийн сургууль ашиглалтад орж байсан бол Шинэчлэлийн Засгийн газар зөвхөн 2014 онд түүнээс 8 дахин их буюу 5500 хүүхдийн цэцэрлэг, 9896 хүүхдийн сургуулийг шинээр ашиглалтад оруулаад байна. 2015 онд үүнийгээ улам ахиулахаар ажиллаж байна.

Засгийн газраас орон сууцны зээлийн санхүүжилт, цахилгаан станцууд, шинэ төмөр замын төсөл, сумын төвийн шинэчлэл, “Гудамж” төсөл, аймаг нийслэлийг хатуу хучилттай авто замаар холбох төслүүдэд хүч, анхаарал төвлөрүүлж ажилласан нь улс орны өмнө тулгамдсан асуудлыг богино хугацаанд хөрөнгө оруулалтаар дэмжиж, шийдвэрлэх боломжтойг нотоллоо.

Зөвхөн “Гудамж” төслөөс техникийн ашиглалтын зардал, цаг хугацааны хэмнэлт, байгаль орчны өгөөжтэй болон бусад хүчин зүйлийг тооцоход 2013 онд 20 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд бус үр өгөөжийг өгчээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр голлох импортыг орлох Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, дулааны цахилгаан станц III, IV-ийн өргөтгөл зэрэг үйлдвэрлэлд бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч, үр ашгаа өгч эхэллээ.

Төсвийн хөрөнгө оруулалт:

2010 онд 400 тэрбум байсан бол

2012 оны сонгуулийн жилд 1,7 их наяд болж огцом өссөн.

2014 онд 2 их наяд болж тогтворжсон.

2015 оны төсөвт тогтворт өсөлтийн хэмжээ хэвээр хадгалагдаж байгаа.

Төсвийн хөрөнгө оруулалтыг улс төржсөн байдлаар шийдвэрлэж ирснийг халж чадсан байна.

Зөв зам дээр гарахад тэвчээр, харилцан ойлголцол хэрэгтэй. Өчигдрийн аргаар өнөөдрийг бүтээж, маргааш амжилт олно гэж байхгүй.
Аливаа улс орон нь өөрийн орны нийгэм, эдийн засгийн шинж чанартаа тааруулж өрийн зохицуулалт, хязгаарлалт тогтоодог. Тиймээс олон улсын хэмжээнд тогтсон нийтлэг, зохистой өрийн түвшин гэж байхгүй.

Тухайлбал, Япон болон Америкийн өрийн хэмжээ нь маш их байдаг. Япон Улсын хувьд өр нь ДНБ-ий 240 орчим хувьд хүрсэн байна. Иймд аливаа орны нийгэм, эдийн засгийн шинж чанар, санхүүгийн салбарын хөгжил, чадавхийг харгалзан үзсэний үндсэн дээр өрийн хязгаарлалт, түүний түвшинг тогтоож өгөх нь зүйтэй байдаг.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан улсын өрийн тухай төсвийн тусгай шаардлага болох өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн улсын өрийн ДНБ-д эзлэх хувь 2014 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 49.3 хувьтай тэнцэж байна. Энэхүү үзүүлэлт нь тухайн оны ДНБ болон валютын ханшийн жилийн эцсийн гүйцэтгэлээс хамаарч өөрчлөгдөж болно.

Өнөөгийн үнэ цэнээр улсын өрийн 2013 оны жилийн эцсийн үлдэгдэл 8,759.3 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа. Харин Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайланд 17 их наяд 683 тэрбум төгрөгийн нийт өр төлбөртэй гэж тусгагдсан байгаа нь гадаад зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн зээл, Чингис бондын өр төлбөр болон байгууллага, төсөв хоорондын өр, зээлийг давхардуулан тооцсон нийлбэр дүн.

Бид арилжаанд шунаад амжилт олсонгүй, өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө экспортлох цорын ганц зам үлдсэн.

Валютын ханшийн өсөлтийг хязгаарлахын тулд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, экспорт хийхэд илүү тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг биднээс шаардаж байна.

Эдийн засаг улс төрийн хэрсэн торноос мултарч, бүтээгчдийн гарт аажим шилжиж байна.

Төрөөр халамжлуулж, санхүүжиж, хөрөнгө оруулалт дээр амьдарч байсан бүх зүйл унтрахын хэрээр хүн бүрийг шударга хөдөлмөрлөж амьдрахыг амьдрал шаардаж эхэлж байна.

Төсвийн хэт тансаглалыг хумьж, монгол хүн хөдөлмөрөө үнэлүүлэх болсон бүтээлч хандлага руу эрчимтэй шилжиж байна.
Эдийн засаг нь уул уурхай, импортоос бүрэн хараат байснаас үүссэн хүндрэлийн бурууг хэн нэгнээс хайж улс төрийн ашиг хонжоо хайх эрх бидэнд үгүй.

Шинэчлэлийн засгийн газар олсон зээлээрээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, их бүтээн байгуулалтыг эхлүүлж, дэд бүтэц тавьж, иргэдээ хямд орон сууцтай болгож, авлигачдын тарьсан хогийн ургамлыг үндсээр нь суга татан хаяж, эрх зүйт төрийг бэхжүүлж, хуулийн шинэчлэлийг эхлүүлсэн.

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын бүх түвшинд хоёр хөрштэйгөө эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд нэгдмэл байхаа илэрхийлсэн. Саяхны төрийн тэргүүнүүдийн уулзалт улс төрийн тогтвортой байдал, харилцан ойлголцлыг шаардаж буй шинэ нөхцөл байдлыг үүсгэлээ. Монгол Улс гадаад харилцаандаа хоёр хөршийн итгэлийг олоход хамгийн чухал нь төрийн тогтвортой байдал мөн.

Тогтворгүй байдлын төлөөсийг ард түмэн нуруун дээрээ үүрдэг. Төр тогтвортой байх нь Монгол Улсын язгуур  эрх ашиг юм.

Нийгэм өөрөө эв нэгдэлтэй, айдас хүйдэсгүй байх нь эдийн засаг, нам бүлэглэлийн явцуу эрх ашгаас илүү чухал гэдгийг бид ойлгох ёстой. Ард олон төр тогтвортой байхыг чин сэтгэлээсээ хүсч байгаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэт үзэх, олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр зарлаж, түүгээр ч барахгүй УИХ-д үндэслэл болгон өргөн мэдүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн ноцтой зөрчил болж байна.
Бүх зүйлийг үгүйсгэн эсэргүүцэж, улс оронд гялтайх зүйлгүй мэт харагдуулах гэсэн улстөржсөн үйлдэл нь Монгол төрийг сулруулах, нийгэмд зохиомлоор айдас төрүүлэх, Монголын ард түмнийг талцуулан хэмлэлдүүлэх оролдлого болон хувирч байна.

Бидэнд Монголын ард түмний өмнө хүлээсэн үүрэг бий. Сөрөг хүчин Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй унагаах оролдлогуудаас болж УИХ дээр шийдвэр, шийдлээ хүлээсэн олон асуудал хойшилж, гацаж, цаг хугацаа алдсаар байна.

2013.04.12-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг;

2013.12.17-ны өдөр Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд                Н.Батбаяр нарыг;

2014.04.07-ны өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг;

2014.05.29-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг;

2014.10.17-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг чуулганы хуралдах үеийн ажлын 94 хоног хэлэлцсэн бөгөөд энэ хугацаа нь УИХ-ын 2014 оны Хаврын ээлжит чуулганы хуралдсан хоногоос даруй 1.5 дахин их юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу “давхар дээл”-ийн асуудлыг УИХ бүтэн 11 сар хэлэлцсэнээс харж болно.

Ардчилсан нам өөрийн үнэт зүйлтэй.

Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, ажил хэрэгч, шүүмжлэлт сэтгэлгээ зэрэг нь ардчилалын амин сүнс. Энэ бүхнийг хөндлөнгөөс задлах үйлдлийг бид тэвчих ёсгүй.

Цаашид нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх, айдас хүйдэст автуулахуйц эдийн засгийн үндэслэлгүй, худал тоо баримт бүхий үнэнд үл нийцэх мэдээллийг улс төрийн сэдлээр зориуд олон нийтэд цацаж байгаа УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх цаг болсон.

Ард түмний эв нэгдэл, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах үүднээс УИХ дахь олонхи цаашид макро эдийн засгийн тэнцвэртэй байдал, эдийн засгийг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллах бөгөөд Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай, Өрийн удирдлагын тухай, Худалдааны тухай, олон жил сунжирч шийдлээ олж чадаагүй Монголын Улсын хөгжлийн бодлого, Газрын тухай, Татварын багц хуулийн шинэчлэлийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж байна.

 Ардчилсан нам улс орныхоо хөгжлийн төлөө бусад намуудтай ойлголцож, нийгэм, эдийн засгийн эрх зүйн орчноо сайжруулах, улс төрийн тогтвортой, эв нэгдэлтэй хамтран ажиллах чиг хандлагыг тууштай баримтлана.
Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулах саналыг дэмжихгүй гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг шийдвэрлэсэн болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11470
0 эможи
keyboard_arrow_up