Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Үзэгчид” Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Эрдэнэбатыг бус Э.Бат-Үүлийг хүлээж байна

2014 оны 11 сарын 07

Ардчилсан намынхан мэдрэмжтэй. Өнөөдөр хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны өмнөх “хар муурууд” маш хурдтай гүйлдэж Р.Амаржаргал, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, бүр Н.Батбаяр, Д.Дорлигжавыг хүртэл санал болгоод авсан. Хачирхалтай нь тэд ардчиллын “алтан хараацай”, улсын баатар Э.Бат-Үүлийн нэрийг дурьдахыг ч хүссэнгүй. Зөвхөн цахим хуудсаар болон “сэтгэгдэл бичигчид” л түүнийг санал болгож байв. Тэгэхээр зах зээлийн “хэлээр” бол эрэлтийг хүчээр хязгаарласан гэсэн үг.

Үнэн хэрэгтээ улстөрчийг ажилласнаар нь дүгнэдэг бол УИХ-ын 2012 оны сонгуулиар нийт хүн амын тал хувь нь оршин сууж буй нийслэлд ялалт байгуулаагүй бол өнөөдөр эрх барих боломж, Засгийн газрыг эмхлэн байгуулах санаачилга хэний гарт байх байсан бол. Гэвч “үгүйсгэлийн онол” үнэнийг үгүйсгэж гавьяаг нь үнэлж төрийн өндөр албанд томилох байтугай харин ч Ерөнхий сайдыг шүүмжилсэн гээд ял зэмгүй өнгөрвөл их юм бололтой.

Хамгийн сүүлийн байдлаар Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар хамгийн хүчтэй өрсөлдөгчдөөр тунаж үлдсэн ч энэ нь зөвхөн АН-ынхны л хүсэл болохоос ард түмнээ чагнасан мэдрэмж биш байлаа.Ардчилалд хайртай хүн бүхэн 20 жилийн өмнө хэзээ ч үзэгдээгүй эрсдэл үүрч “гайхамшигтай” алхмуудыг хийж ардчиллын үнэт зүйлсийг ард түмэнд авчирч өгсөн Ц.Элбэгдорж, С.Зориг агсан, Э.Бат-Үүл нараар удирдуулахыг хүлээж байсан. С.Зориг агсан харамсалтайгаар хорвоог орхисон. Ц.Элбэгдорж андынхаа үйл хэргийг нь үргэлжлүүлсээр цагийг эзэлсэн дарангуйлагчийг ялж Төрийн тэргүүнээр сонгогдоход ардчилалд хайртай монгол хүн бүрийн санал хамт ялсан. Харин Э.Бат-Үүл?

Албан тушаалд дургүй ч ардчилалд хайртайдаа тэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга болсон. Хотод хийсэн ажлыг нь үнэлэхэд Ерөнхий сайдаар хоёр жил ажилласан Н.Алтанхуягийнхаас нэг их дор орохгүй болов уу. Гэхдээ амбицгүй, бас этгээд ааштай “золиг” юм. Түүний хамгийн сүүлд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож ярьсан зүйлс үнэн учраас Ерөнхий сайдаар томилоход хэцүү л дээ. Гэвч АН-ын ҮЗХ-ныхон түүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллаж нэр дэвших эрхийг нь хасахгүй гэж найдаж байна.

Харин Ч.Сайханбилэгийг экс Ерөнхий сайдын ажлыг сайн үргэлжлүүлнэ гэж үзэж байгаа бололтой. АН-ынхны бараг хэрэглэдэггүй “Залгамж чанар” гэдэг үгээр жийрэглэж, жижиг заль хэрэглэж түүнийг сонгож болох л юм. С.Баярцогтын хувьд “өр барагдуулах чадвартай” Ерөнхий сайд гэж тодорхойлогдож байгаа бололтой. Ерөнхийлөгч түүнийг батламжилна гэдэг эргэлзээтэй. Өнгөрсөн хугацаанд нэр нь сэвтэж, гар, хуруундаа наалдсан, заримыг нь мартаж орхисон доллар, центүүд Засгийн газрынхаа нэр хүндэд цөв суулгах магадлал буй. Түүнд зүгээр л Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдвал л төрөөс өгч буй хамгийн том шагнал гэж хүлээж авмаар юм.

Д.Эрдэнэбатыг дэмжих “найраа” сайн хийгдсэн гэх боловч “ядрахад яр” гэгчээр байнгын хороон дээр хуруу хальтирч, төхөөрөмж гацаж “хайртай хүн”-ийхээ эсрэг санал өгч “кока” алдсан. Одоо хэдийнэ “хайрцаглагдсан” ҮЗХ-ны гишүүд түүнийг Ерөнхий сайдаар томилох нь юу л бол. Эмзэг, эгзэгтэй энэ цаг үед зөвхөн зөвшилцөл, арга эвийг олох тактикаар улс төр, эдийн засаг, институцийн хямралыг гэтлэх болоод байхад “Ингэж ч Засгийн газар руу буудлаа, тэгж ч төр рүү довтоллоо” гээд байнгын түгшүүртэй байх өдрүүд ирж мэдэх юм. Намын бүлгийг даргалахад ингэж омогшиж, бодлогогүй үг хэлж байгаа хүн Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, галын шугаман дунд зангидсан гар шиг танхимаараа цул болж ажиллаж чадна гэж үү. Тэгээд ч дангаараа байгуулж байгаа Засгийн газар биш шүү дээ.

Ингээд “хамгийн өндөр магадлалтай байна” гэсэн мэдээг хамгийн ихээр цацуулж буй гурван кандидат хүчээр л биш бол хүслээр томилогдох магадлал тун бага байна. Тэгээд ч Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг нийгмийн цонхоор дөнгөж шагайж, Д.Эрдэнэбатыг эд баялгийн үнэрээр ардчиллыг шиншилж ахуйд Э.Бат-Үүл арайхийн үг хэлэх, бизнес хийх эрх чөлөөг нь олж авчихаад, хамгийн наад зах нь орон сууцыг нь, гадаад паспортыг нь “май” гээд өгч байсан түүхтэй.

Уг нь манай ардчиллынхан чих зөөлөн, мэдрэмж сайтай сан. Үзэгчид эрх мэдлийг гартаа атгасан Үүл баатар Монголын Засгийн газрыг яаж удирдах бол гэдгийг хүлээгээд байгааг мэдрэхгүй байна гэж үү. Бусад нь бол “уншсан ном, үзсэн кино”. Юу хүсэж, ямар сэтгэл өвөрлөж ирснийг эс мэдэх биш. Хүн өөрийн гараар хийж бүтээсэн зүйлдээ хайртай байдаг. Тэр ардчиллын буйран дээр ирж дэвслэх бус, түүнийг ашиглан олз хайх бус, өөрөө бүтээн босгосон зүйлээ амьд, үнэ цэнэтэй байлгах гэж яваа зорилгыг нь ардчилалд “дурлагсад” мэдэрдэг юм. Тиймээс түүнд илүү итгээд байгаа хэрэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11590
0 эможи
keyboard_arrow_up