Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ҮЗХ-ныхон өнөөдөр хуралдана

2014 оны 11 сарын 14

Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана. Тэгэхээр АН-ынхан ҮЗХ-дох уу, баасандах уу гэдгээ шийдэх өдөр ч гэмээр юм уу. Эрх баригч АН-ын удирдах дээд байгууллага Их хурал нь ирэх сарын 08-нд хуралдахаар товоо зарласан. Их хурлын чөлөөт цагт намын удирдах эрх ҮЗХ-ндоо шилждэг. Тиймээс ҮЗХ-ны хуралдаан гэдэг намын төдийгүй улс орны хэмжээний хариуцлагатай шийдвэр гаргадаг байгууллага. Өнөөдөр ҮЗХ ийм л чухал асуудлаар хуралдах гэж байна.

АН-ын гэхээсээ илүү улс орны амьдралд чухал ач холбогдолтой шийдвэр өнөөдөр ҮЗХ-ноос гарна. ҮЗХ-ны 200-гаад гишүүн Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг тодруулна. Ингээд АН-ын ҮЗХ-ноос эцэслэн баталсан нэр дэвшигчээ ирэх долоо хоногийн эхээр УИХ-д өргөн мэдүүлж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах юм бол шинэ Засгийн газрын тэргүүн танхимаа бүрдүүлэх ажилдаа яаравчлан орох болно.

Сүүлийн арав хоногийн турш АН-ын доторхи фракцууд шинэ Ерөнхий сайдыг тодруулах марафон өрнүүлсэн. Фракцууд бүгд л өөрсдийн хүнээ албан бусаар нэр дэвшүүлж олон нийтэд мэдээлж байв. УИХ дотроос З.Энхболд, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр, Ц.Баярсайхан, Д.Ганбат, парламентын гаднаас Ерөнхий прокурор Д.Дорлигжав, хотын мээр Э.Бат-Үүл гээд л. Энэ долоо хоногийн мягмар гаригт УИХ дахь АН-ын бүлэг энэ бүх таамгийг эцэслэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэдэгт 100 хувь санал нэгдсэн.

Гэхдээ 100 хувь санал нэгдсэн гэдэг нь АН-ын бүлгийн даргын хэлсэн үг. Яг хэрэг дээрээ бол АН-ынхан Р.Амаржаргалыг нэр дэвшүүлье гэдэгт 100 хувь санал нэгдээгүй. Тус намын бүлэг сүүлд “Шударга ёс” эвслээс тус намд элссэн Д.Батцогт гишүүнийг нэмээд УИХ-д 36 суудалтай.  Гэтэл Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр хуралдахад эдгээр 36 гишүүний ес нь хуралдаа суугаагүй. Тэд бол АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракцынхан байв. Хуралдаа суугаагүй гишүүдийг эсрэг санал өгснөөр тооцоход АН-ын бүлгийн нийт гишүүдийн 25 хувь нь Р.Амаржаргалыг дэмжээгүй гэсэн үг.

Тэгэхээр АН-ын бүлгийнхэн шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчээ 100 хувийн саналаар гаргаж ирсэн гэдэг бодит үнэнд нийцэхгүй. Нөгөө талаас Д.Эрдэнэбат гишүүний онцлон хэлсэнчлэн АН анх удаа фракцын зөрчилгүйгээр, ашиг сонирхол харалгүйгээр Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа гэдэг ч худлаа юм. Бүлгээс нь есөн гишүүн хуралдаа суугаагүй, тэр байтугай Ерөнхий сайд асан, эдүгээ намын даргаар нь ажиллаж байгаа хамгийн нөлөө бүхий лидер нь өөрийн фракцынхнаа аваад “алга болсон” байхад фракцын зөрчилгүйгээр нэр дэвшүүллээ гэдэг бол ямар ч хүчгүй, үнэмшилгүй сонсогдсон.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12035
0 эможи
keyboard_arrow_up