Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ

2014 оны 11 сарын 15

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус хуралдааны талаар АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд АН-ын дарга З.Энхболд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, ҮЗХ-ны ээлжит бус 44 дүгээр хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар оролцож ҮЗХ-ны хурлын албан ёсны шийдвэрийг танилцуулан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

АН-ын ҮЗХ өчигдөр ээлжит бус 44 дүгээр хуралдаанаа хийж хоёр чухал асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул  намын даргын сонгуулийг явуулж олонхийн саналаар УИХ-ын дарга З.Энхболд нэр дэвшиж сонгогдсон гэдгийг АН-ын удирдлагууд мэдээлэв. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж нууцаар санал хураалтын дүнд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Ч.Сайханбилэг ялалт байгуулсан байна.

ҮЗХ-ны хуралдааныг даргалсан ҮЗХ-ны гишүүн Ш.Түвдэндорж “Энэхүү хурлыг бид бүхэлд нь эв нэгдлийн хурал боллоо хэмээн үзэж байгаа” хэмээн онцолсон юм. 

Ингээд сэтгүүлчдийн асуулсан асуултад тэд дараах хариултыг өглөө.

З.Энхболд: Би АХХ-ны Ерөнхийлөгчөөсөө албан ёсоор татгалзаж байгаа

 

 

-Засгийн газар танхимаа бүрдүүлэх чиглэлд ямар бодлого барих вэ?

-Засгийн газрын танхимыг бүрдүүлэхийг ярих эрт байгаа. Ирэх даваа гарагаас эхлээд Ерөнхий сайдыг намуудтай зөвшилцөж, батламжлуулах ажил эхэлнэ. Түүний дараа хамтрах эсэхээ шийднэ. Үндсэн хуулийн  33.2-ын дагуу аль ч нам олонхийн суудал аваагүй учраас хамгийн олон суудал авсан нам буюу АН Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн бусад намын бүлгүүдтэй яриа хэлэлцээ хийнэ гэсэн үг. Мягмар гарагт Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар баталсны дараа ажлын хэсгүүд гарч ажиллаж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар ярилцаж тохирох байх. Тиймээс нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн хувьд шинээр бүрдэх кабинетынхаа талаар ярих эрт байна.

-АН-ын бүлгийн 27 гишүүн Ч.Сайханбилэг нэр дэвшигчийг дэмжээгүй. Тиймээс УИХ дээр дэмжлэг авч чадах уу?

-Ер нь Ерөнхий сайд намын дарга байна гэдэг заалт улс төрийн намын тухай хуульд байгаа. Гэхдээ манай Улс төрийн намын хууль, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Үндсэн хууль бүгдээрээ олонхитой намын үед хийгдсэн хуулиу. Үндсэн хуулийн 33.2 буюу олонхигүй бол гэдэг энэ заалт Үндсэн хуульд 2000 онд орсон өөрчлөлт. Тэгэхээр манай бүх хууль олонхи, цөөнх байна гэдгээ бодож хийсэн. Гэтэл олонхигүй парламент сүүлийн 24 жилийн дотор хоёр дахь удаагаа гарч байгаа. Энэ хоёр удаагийн тохиолдолд янз бүрээр шийдсэн.

Энэ удаагийн тохиолдолд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдох юм бол Засгийн газарт нь улс төрийн намуудын дарга нар орохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Засгийн газар гэдэг бол гүйцэтгэх засаглалын шуурхай удирдлага хэрэгжүүлдэг байгууллага. Тэр дотор олон намын дарга орчихоод манай нам, танай нам ингэж үзэж байна гэдэг газар биш. Тиймээс намуудын дарга нар орохгүйгээр энэ хоёр жилийг туршаад үзье.  Үндсэн хуулийн агуулгад нийцэх юм байна гэж бодож байгаа. Бүлэг дэмжих үү, үгүй  юу гэдэг асуулт зүй ёсоор гарах болов уу гэж бодож байна. Бүлэг ҮЗХ-д хүнээ нэр дэвшүүлж оруулж ирсэн. Одоо бол шинэ нөхцөл байдал үүсч байгаа.

АН-ын бүлэг ҮЗХ-ны шийдвэрийг хүндлэх ёстой. ҮЗХ бол нэр дэвшүүлэх эрх бүхий дээд байгууллага учраас дахин санал хурааж, АН-ын бүлгээр оруулаад бас бусад намын бүлгээр оруулна. Бид УИХ-д 36 суудалтай, Ерөнхий сайдаа дангаараа баталчих тооны гишүүн байхгүй учраас бусад намын бүлгүүдээр Ерөнхий сайдаа дэмжүүлэх ажлыг хийнэ гэсэн үг.

 

-Засгийн газрыг бүрдүүлэхдээ мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлэх ёстой. УИХ-ын дотроос сайд томилох байх ёсгүй гэсэн асуудлыг Ерөнхийлөгч илэрхийлээд байгаа. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгч энэ үзэл санаагаа сүүлийн хоёр жил илэрхийлж байгаа. Гэхдээ хуулиар бүх юм нээлттэй байгаа. Өмнөх Ерөнхий сайдыг бид ингэж ажилла, тэгж ажилла, давхар дээл, дан дээлтэй бай эсвэл энэ фракцын хүнийг сайдаар ав гэж шахсаар байгаад үндсэндээ хоёр жил ажлыг нь нэг утгатай хийлгэж чадаагүй. Энэ удаагийн Ерөнхий сайдад тэр эрх чөлөө нь байгаа. Хуулиар сайд нар УИХ-ын гаднаас ч, дотроос ч байж болно. Аль болох олон сайдыг гаднаас авч мэргэжлийн маягийн Засгийн газрыг бүрдүүлэх нь сайн. Гэхдээ  энэ бүхнийг шийдэх эрх нь Үндсэн хуулиар Ерөнхий сайдад өөрт нь байгаа юм. Ямар ч шийдвэр гарсан хуулийн дагуу байх ёстой. Өөр шалгуур ярих нь утгагүй.

-Танай нам фракц, бүлэглүүдэд хамаарагддаг. Энэ асуудлыг цэгцлэх, нэг бодлоготой байх тал дээр ямар бодолтой байгаа вэ. Дээрээс нь таныг “Шонхор” фракцаа төлөөлж  тохироо хийсэн гэдэг хардлага байна. Мөн намын дүрэм, Улс төрийн намын тухай хуульд ямар өөрчлөлт хэрэгтэй байгаа вэ?

-Ер нь бол тийм зөрчил бидэнд байгаагүй. Зөрчилтэй юм шиг харагдуулж байсан нэг хэсэг байгаа. Фракцууд байна гэхдээ раман дотроо байх ёстой. “Шонхор” гэдэг фракц бол миний хувьд бусадтай адилхан хэмжээнд очиж байгаа. Би албан ёсорор Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч гэдгээсээ больж байгаа. Энэ олон фракцууд байна гэдэг нь нам дотор эрүүл байгааг харуулж байгаа. Бас зөрчлийн эх үүсвэр байх ёсгүй. Фракцууд бол намынхаа дор байна. Намын дээр төр байна. Тиймээс төрийн ажлаа бид эхэлж чухалчилж явах үүрэгтэй. Үүнийг хэвлэлийнхэн дэврээх хэрэггүй сэдэв. Хэн нь хэнтэй яаж тохирсон нь яриад байх сэдэв биш. Анх удаа АН фракц, намаа бодолгүйгээр төрийн ажлыг бодож эдийн засгийн хямралтай тэмцэх хүнээ л гаргаж байгаа. Тэр нь олонхийн саналаар буюу 12 саналаар илүүгээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тодорсон. Энэ нь АН дотор олон үзэл бодол чөлөөтэй, эрүүл оршиж байгаагийн шинж болохоос зөрчил, ялгарлын шинж биш. Цаашид АН бодлогоороо 2012 оны сонгуулиар ард түмнээс авсан даалгавраа биелүүлэхийн төлөө ажиллахаас биш АН доторх фракцууд нь хэнтэйгээ яаж зөрчилдөж байгаа нь нэг сэдэв болохгүй байх ёстой гэж үзэж байгаа.

Ч.Сайханбилэг: Хямралаас гарах асуудал тэргүүлэх чиглэл байна

-ҮЗХ дээр тавьсан илтгэлийнхээ тухайд?

-З.Энхболд даргын хэлсэн энэ бүх процедуруудын асуудлууд дууссаны дараа байнгын хороогоор орж дэмжигдэх ёстой. Байнгын хороогоор орсны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал орно. Чуулганы  нэгдсэн хуралдаанаар олонхийн санал авч Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд шинээр байгуулагдах Засгийн газар юу хийх вэ, ямар зорилго тавьж ажиллах вэ, ямар зарчим дээр ажиллах вэ энэ бүгдийг дэлгэрэнгүйгээр УИХ-ын гишүүд болон нийт ард түмэндээ хандаж мэдэгдэх болно.

-Та мөрийн хөтөлбөрөөсөө тодруулаач. Ард түмний дунд шинэ Ерөнхий сайд гарч ирээд юу хийх бол гэдэг хүлээлт байгаа?

-Ерөнхий нэг зүйл бол бид одоо эдийн засгийн хямралтай нүүр тулчихаад байна. Тиймээс эдийн засгийн хямралаас яаж гарах вэ гэдэг шинээр байгуулагдах Засгийн  газрын хамгийн гол тэргүүлэх чиглэл болох нь ойлгомжтой. Одоо нэгэнт ийм цаг үе ирсэн учраас парламентад суудалтай бүх улс төрийн нам, эвсэл, улс төрийн намын бүлгийн явцуу эрх ашгаа түр орхиж, улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг барьж ажиллах цаг болсон байна гэдэг гол зарчим дээр тулгуурлаж явах болов уу гэсэн хувийн бодолтой байна.

-Ерөнхий сайд солигдоход төрийн албан хаагчдын болон агентлагын газрын дарга нар өөрчлөгдөх үү. Халаа, сэлгээ хэр явагдах уу?

-Аль болох тогтвортой, Төрийн албаны хуульд нийцүүлж ажиллах болно.

Ш.Түвдэндорж: Намын даргыг Их хурлаар баталгаажуулна

-Намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн зарчмыг энэ удаа мөрдөхгүй юү?

-Манай намын дүрмэнд яг энэ талаар тусгасан асуудал байхгүй. Намын журманд сонгуулийн үр дүнгээр тухайн шатны намын даргыг Засаг дарга буюу  Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Хэрвээ тэр хүн татгалзах юм бол тэрбээр дараагийн хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй байдаг.

-АН-ын даргыг Их хурлаараа хэлэлцэх үү. Н.Алтанхуяг даргыг Их хурлаас томилогдоогүй гэдэг асуудал яригддаг байсан?

-Манай намын Их хурлаар намыг даргыг дөрвөн жилийн хугацаатай томилдог. Тэр хооронд гурван шалтгаанаар ҮЗХ-ноос намын даргыг сонгох тохиолдол байдаг. Өчигдөр нэг тохиолдол нь болсон. Тэр нь намын дарга өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн учраас ҮЗХ-ны дүрмийн дагуу шинээр намын даргыг сонгосон. Намын Их хурал дээр дөрвөн жил намыг удирдах  шинэ даргыг томилох, баталгаажуулах үйл ажиллагаа явагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12101
0 эможи
keyboard_arrow_up