Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АН, МАН-ын ажлын хэсэг 17.00 цагт дахин зөвшилцөхөөр боллоо

2014 оны 11 сарын 26

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь намын бүлгүүдэд хамтран ажиллах саналыг хүргүүлсэн билээ. Энэ дагуу намын бүлгүүдээс ажлыг хэсэг гарч ажиллаж байгаа юм.  Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсэг МАН-ын бүлгийн ажлын хэсгийнхэн зөвшилцлийн ширээний ард суулаа. Дараа нь ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг, Су.Батболд нар  мэдээлэл хийсэн юм.

 УИХ-ын гишүүн М.Батчимэг: “Ардчилсан намын ажлын хэсэг өмнө байгуулагдсан байсан. Бүлгийн хурлаараа ярилцаад АН-ын бүлгийн дарга ажлын хэсэг ахлахаа больсон. Өнөөдөр өглөө ИЗНН-ын ажлын хэсэгтэй уулзсан. Мөн “Шударга ёс” эвслийн бүлэгтэй уулзалт хийлээ. АН 2012 оны сонгуулийн дараа хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээ үргэлжлүүлж Засгийн газартай хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн МАН-аас томилогдсон ажлын хэсэгтэй өнөөдөр уулзлаа. Улс төрийн тогтвортой байдлыг хангах, хамгийн гол нь улс орны өмнө тулгамдаж байгаа засаглалын хямралыг даван туулах, эдийн зсгийн хүндрэлийг шийдвэрлэх, дунд хугацаанд эдин засгийн хөгжүүлэхээр санал солилцох уулзалтыг хийлээ. Зарим асуудлууд дээр тодруулах зүйл байгаа учраас 17.00 цагт эргэж уулзахаар боллоо” гэв.

УИХ-ын гишүүн Су.Батболд: “МАН ажлын хэсэг байгуулж энхүү хямралыг хэрхэн даван туулах вэ, юун дээр хамтарч ажиллах талаараа эхний санал солилцох уулзалтый хийлээ. МАН-ын хувьд улс орны эрх ашиг бол үнэт зүйл. Тэр утгаараа улс орны үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахын тулд АН ямар саналуудыг тавьж байгаа юм бэ гэдгийг харилцан ярилцлаа. Хамгийн түрүүнд эдийн засгийн хямралыг, улс төрийн хүрээнд хэрхэн ажиллах вэ гэдгийг ярилцсан. Ирэх баасан гаригийн 14.00 цагт товлогдсон МАН-ын Бага хурлын гишүүдэд Засгийн газарт хамтарсан нөхцөлд эдийн засаг, улстөрд үүсээд байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд Ардчилсан нам ийм санал нөхцөл тавьж байна, МАН ийм санал, нөхцөл тавьж байна гэдэг мэдээллийг өгнө. Гэхдээ өнөөдөр үүсээд байгаа асуудал нь улстөрийн эрх ашиг гэхээс илүүтэй улс орны эрх ашгийг тэргүүнд тавихаас аргагүй байна” гэсэн юм.

-Су.Батболд: ӨНӨӨДӨР ХАМТРАХ ТУХАЙ ЯРИХАД ЭРТ БАЙНА-

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 -Тодруулах ёстой хэд, хэдэн асуудлыг эргэж ярилцахаар болсон гэлээ. Мөн дахин зөвшилцөх үеэрээ ямар, ямар баримтуудад гарын үсэг зурах вэ?

-Су.Батболд: Бид олон удаа зөвшилцөл хийж байсан. Энэ удаагийн зөвшилцлийн ажлын хэсэг сонгуулийн дараах улс төрийн нөхцөл байдалтай холбоотой хүндрэлтэй асуудлаар хэлэлцээрт суугаагүй. Зөвхөн өнөөдрийн Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөж байна.

-М.Батчимэг: Засаглалыг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд УИХ-д суудалтай намууд юун дээр хамтарч ажиллах ёстой вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Монгол Улсад ардчилал хөгжсөнөөс хойшхи хугацаанд 15 дахь Ерөнхий сайд томилогдлоо. Үндсэн хуулийн хүрээнд ч засаглалын тогтвортой байдлыг хангах чиглэлээр анхаарч байна. Засаглалаа тогтворжуулахдаа ямар өөрчлөлтүүд хийх ёстой вэ, УИХ-ын сонгуулийн тогтолцоо холимог болсонтой холбоотой парламентад суудалтай намуудын хооронд тогтвортой ойлголцол хэрэгтэй болдог. Тиймээс парламентад суудалтай намуудын хооронд тогтвортой ойлголцол бий болгож ажиллахын тулд ямар зүйл дээр хамтарч ажиллах ёстой вэ гэдэг дээр саналаа боловсруулах шаардлагатай гэж үзлээ. Мөн эдийн засгийн хямралыг даван туулах хүрээнд ямар ажлууд хийх вэ гэдэг тодорхой санал гаргаж, эргэн уулзалдъя гэж ярилцлаа.

-“Шударга ёс” эвслийн зүгээс МАН-тай хамтарвал АН-тай байгуулсан гэрээгээ хүчингүй болгоно гэж байсан?

-М.Батчимэг: АН-ын бүлэг өнөөдөр өглөө “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Зарим нэг хувь хүмүүс байр сууриа хэлж байгааг үгүйсгэхгүй. Бүлгүүдийн ажлын хэсгийнхний зүгээс ийм яриа гараагүй.

-Зөвшилцөл хэзээ дуусах вэ?

-Су.Батболд: Монгол Улсын Ерөнхий сайд ирэх арванхоёрдугаар сарын 5 гэхэд танхимын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьсан байх шаардлагатай. Тэр хугацаа хүртэл зөвшилцөл үргэлжлэх байх. Бидний ярилцах сэдэв өргөн хүрээнд байна. Аль нам нь орох, орохгүй гэдэг талаар ярихад эрт байна. Бий болсон нөхцөл байдлыг улс төрийн намууд ойлгох байх. Өнөөдөр АН, МАН-ын хоорондох зөвшилцлийг хоёр намын гэхээсээ улс орны ирээдүйд чиглэсэн асуудалд  хоёр том хүчин хэрхэн ойлголцох вэ гэдэг нь чухал.

-Зөвшилцлийн явцаас хоёр нам хамтрах нь гэж ойлгож болох уу. АН-ын ажлын хэсэг ИЗНН зэрэг холбогдох ажлын хэсгийнхэнтэй уулзалдаад тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрсэн үү?

-Су.Батболд: Бид хоёр жилийн хугацаанд ширээний хоёр талд суусан. Тиймээс тодорхой ярилцах асуудал байгаа. Эцсийн шийдвэрийг манай намын бага хурал гаргана. Тиймээс өнөөдөр хамтрах тухай ярихад эрт байна.

-М.Батчимэг: Бид ИЗНН, “Шударга ёс” эвсэлтэй уулзалт хийсэн. Уулзалтаар 2012 оны сонгуулийн дараах гэрээгээ үргэлжлүүлнэ. Гэхдээ гэрээнийхээ агуулгад өөрчлөлт хийж болно. Улс төрийн нам эвслийн эрх ашгийн үүднээс гэхээсээ илүү улс орны эрх ашгийг бодолцож энэ хэлэлцээрийг хийж байгаа гэдгийг онцолъё.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12785
0 эможи
keyboard_arrow_up