Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Гарамгайбаатар: Дубайн айлчлал Оюутолгойгоос гадна олон боломжийг нээлээ

2015 оны 5 сарын 26

Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан /2015.05.25/ болж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

Б.Гарамгайбаатар: Арабчуудтай хамтарч савласан мах экспотолно

Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонсч, өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан дэд ажлын хэсгүүдийн ажлын явц, мэдээллүүдтэй танилцан гишүүд санал бодлоо илэрхийллээ.

Өнгөрөгч баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Дубайд хийсэн айлчлалынхаа талаар тодорхой мэдээлэл өгсөн. Дубайд зурсан төлөвлөгөө үндсэн таван чиглэлээр хийгдсэн байна. Нэгдүгээрт, Хайлшийн роялти болох хоёр хувийг Рио Тинто авдаг байсныг зогсоолоо. Хоёрдугаарт, Татварын ерөнхий газраас тогтоосон татварын торгуулийн 30 сая ам.долларыг Оюутолгой төлөх шийдвэр гаргасан байна. Гуравдугаарт, борлуулалтын орлогын таван хувийг Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр боллоо. Өмнө хийсэн бүх борлуулалтын  орлогоо ирээдүйд хийх ажлын таван хувьтай нийлүүлж өгөхөөр ярилцсан. Дөрөвдүгээрт, менежментийн зургаан хувийн асуудал байгаа. Үүнийг далд уурхайд гурван хувь болгон өөрчилсөн. Энэ талаар хоёр тал бүрэн ойлголцлоо. Тавдугаарт, Цахилгааны эх үүсвэрийг Монгол Улсаас авах талаар мөн хоёр тал ярилцаад бүрэн ойлголцсон гэсэн тайлбар өгсөн. Тавантолгойд эрчим хүчний цахилгаан станц байгуулах ажлыг түргэвчлэх шаардлагатай байгаа. Энэ ажлыг М.Энхсайхан сайдад даалгасан гэж Ерөнхий сайд албан ёсоор хэлсэн. Хэлэлцээрийн үеэр мөн хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Гадаадын хэвлэлүүд айлчлалыг “ихээхэн ашигтай, үр дүнтэй боллоо” гэж дүгнэн бичсэн байна.

Айлчлалын үеэр Арабын томоохон компаниудтай хэлэлцээр хийсний үр дүнд Монголоос нэг сая орчим толгой малыг махны чиглэлийн бүтээгдэхүүн болгон гаргахаар зарчмын хувьд тохирсон байна. Арабууд "Халал" хэмээх мах удаан хугацаагаар хадгалах шинэлэг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэ төслөө Шинэ зеландид хэрэгжүүлээд байгаа. Монголд хэрэгжүүлэх санал тавьсан байна. Монгол Улс эхний ээлжинд  нэг сая толгой малын мах савлан экспортлох шаардлагатай байгаа. Улсын хэмжээнд нийт 60 сая толгой мал тоологдож байгаа тул цаашид 10 сая хүртэл толгой малын махыг энэ технологиор савлаж экспортлохоор төлөвлөж байгаа гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан. Бүлгийн гишүүд энэ асуудалтай уялдуулан махны экспортын стандартын асуудлыг нэг төвшинд авчрах талаар санал бодлоо илэрхийллээ.

Ерөнхий сайдын айлчлал Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалтай давхцсан. Японы талаас энэ айлчлалд нэлээд ач холбогдол өгч, хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан талаар уг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдээлсэн.

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаар мэдээлэл өгч, нисэх буудлыг түшиглэн казино байгуулах, офшор буюу чөлөөт бүс байгуулах талаар саналаа хэллээ. Бүлгийн гишүүд энэ талаар харилцан санал солилцож, Дубайн нисэх онгоцны буудал дээр байдаг шиг тийм чөлөөт бүсийг Монголд байгуулвал илүү үр ашигтай байж болохыг онцолсон юм. Дубайн чөлөөт бүст зочилдог нийт жуулчдын 60-70 хувь нь хятад хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр тийшээ 6-8 цаг нисч, чөлөөт бүст очиж байхаар 1 цаг 30 минутын дотор Монголд орж ирээд, хөшгийн хөндий дэх чөлөөт бүст үйл ажиллагаагаа явуулаад гарч болох юм. Чөлөөт бүс байгуулдаг хэдхэн компани байдаг юм байна. Тэдгээр компанид санал тавьж, нэгийг нь сонгон авч энэ асуудлыг шийдэх нь оновчтой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ.

Бүлгийн хуралдаанаар мөн Солонгос улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар, хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн асуудлыг Монгол Улсын Засгийн газар шинэ төвшинд гаргах талаар гишүүд санал солилцож, Гадаад хэргийн яаманд тодорхой чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ.

Эдгээрээс гадна гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Эдгээр дэд ажлын хэсэг тус бүртээ бодлого гаргахаар ажиллаж байгаа. Нэгдүгээрт, Хүнд аж үйлдвэрийн бодлогын баримт бичиг, хоёрдугаарт, Хот төлөвлөлтийн бодлогын баримт бичиг, гуравдугаарт, Хөдөөгийн хөгжлийн талаар бодлогын баримт бичиг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байгаа.

Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг бүлгийн хурлаар мөн ярилцлаа. Өнгөрсөн баасан гарагт Ардын намын зарим гишүүд Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлыг хэвлэл мэдээллээр ярьж байсан. Үнэн хэрэгтээ тус нам Б.Бат-Амгалан гэдэг хүний гаргасан санаачилгыг өөрийнхөө намын нэрээр хөөцөлдөж байна гэсэн албан ёсны мэдээллийг бид авсан. Б.Бат-Амгалангийн хувьд маш олон жил энэ асуудлыг хөөцөлдөж байгаа юм байна. Түүний бэлдсэн бичиг баримтыг Ардын нам өөрийнхөө нэр дээр авч уг асуудлыг тавьж байгаа нь сонгуулийн нэг шоу гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна.

С.Одонтуяа: Энэ долоо хоногт “Шинэ яармаг” төсөлтэй танилцана
 

Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын Дубайд хийсэн айлчлалын үр дүн болон Оюутолгой төслийн талаар мөн бусад хөрөнгө оруулалтын  талаар мэдээллийг сонсч, бүлгийн гишүүд үр дүнг нь сайшаан, баяр хүргэсэн. Цаашид энэ чиглэлээр дэмжиж ажиллахаар бүлгийн гишүүд тус бүртээ үүрэг аваад ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд хөшгийн хөндий дэх нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай таницлсан бол энэ долоо хоногийн хувьд “Шинэ яармаг” хорооллын ажилтай танилцана. Тус хороололд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс тэндээ сургалт, үйлдвэрлэлийн төвд хамрагдангаа бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, байр орон сууцаар хангагдах маш чухал төслийн ажлыг эрчимжүүлэх үүднээс бүлгийн гишүүд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллаж байна.

Түүнчлэн хөдөө аж ахуйн биржийн ажилтай танилцсан. Энэ бирж байгуулагдсан цагаасаа хойш нэг их наяд гаруй төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн ажил нь саатсан бусад төслүүдийг дэмжин шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана.

Урт нэртэй хуультай холбогдуулан аж ахуйн нэгжүүдээс маш их санал хүсэлт ирж байгаа. Асуудлууд шийдэгдэхгүй байна, хүнд суртал ихтэй байна гэсэн гомдлууд олнооороо ирж байна. Иймд Уул уурхайн сайд Р.Жигжид болон Байгаль орчны яамны холбогдох албан тушаалтнуудыг дуудан ирүүлж, хүнд суртлыг арилгах, хайгуул, олборлолт, ашиглалтын асуудлыг шийдвэрлэх талаар тулд тодорхой үүрэг даалгаавр өглөө.

Ардчилсан намын бүлгээс Ажилгүйдлийг шийдвэрлэх, Хот төлөвлөлт, Шинэ хөдөө гэсэн гурван ажлын хэсэг байгуулсныг өнгөрөгч долоо хоногт та бүхэнд мэдэгдсэн. Өнөөдрийн хуралдаанаар Ажилгүйдлийг шийдвэрлэх ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан мэдээлэл хийсэн байгаа.

Ж.Батзандан: Хүнд аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулна
 

Эдийн засаг хүндэрлээ гээд элгээ тэврээд хэвтэж болохгүй. Илүү их ажиллах ёстой. Иймээс бид гурван ажлын хэсэг байгуулсан. Ажилгүйдлийг шийдвэрлэх ажлын хэсгийн тухайд 2012-2016 оны хооронд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдээ даруйхан эхлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэн хүрлээ. Тухайлбал, “Цахилгаан-торгоны зам” төсөл байгаа. Энэ төслийн Техник эдийн засгийн үзүүлэлт нь хийгдээд дуусч байна. Ази, АСЕМ-ийн улс орнууд руу цахилгаан экспортлох чиглэл гаргаж байна. Үүнийг манай бүлэг дэмжиж байгаа. Мөн Нүүрс шингэрүүлэх төслийн талаар судалсан. Монгол Улс бензин, шатах, тослох түүхий эдийн хувьд гаднаас хараат байгаа. Манайд 150 сая тн нөөцтэй хүрэн нүүрсийг боловсруулан шингэрүүлэх замаар дотоодын хэрэгцээгээ хангахын дээр гадагшаа экспортлох боломж байна, үүнийг ашиглах хэрэгтэй гэж үзлээ.

Шинэ төмөр замын бодлого гэж бий. Тавантолгойгоос зүүн тийш хөндлөн чиглэлд төмөр зам тавих төслийн санхүүжилт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Их хурлын даргын айлчлалын үр дүнд шийдэгдэж байгааг дуулгахад таатай байна.

2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, өөрөөр хэлбэл, коксжсон нүүрс, төмрийн хүдэр, жонш гурвыг нийлүүлээд ган үйлдвэрлэх томоохон цогцолбор байгуулах асуудал олон жил яригдсан. Ардчилсан намын бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд ямар ч байсан уг төслийг эхлүүлэхэд анхаарлаа хандуулахаар шийдвэрлэлээ. Арьс ширний аж үйлдвэр, “Шинэ яармаг” гэх мэт томоохон төслүүд энэ зун хэрэгжиж эхэлнэ. Ажилгүйдлийг шийдвэрлэж байж л Монгол Улс хөгжинө. Тиймээс Ардчилсан нам ажилгүй нэг ч монгол хүн байхгүй болгох зорилт тавин ажиллаж байна. Ажлын хэсэг судалгаагаа хийж байна, Засгийн газарт чиглэл өгч байна. Миний бие Ажилгүйдлийг шийдвэрлэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд томоохон төслүүдийг урагшлуулахад анхаарал тавьж ажиллана. Бүлэг болон УИХ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр томоохон төслүүдийг хөдөлгөнө гэдгээ албан ёсоор илэрхийлье.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад бүлгийн удирдлага болон гишүүд хариуллаа.

-Оюутолгойн төлөвлөгөө Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж бие даагч гишүүд мэдэгдсэн. Энэ талаар Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ? Гэрээг яг хэзээ үзэглэх вэ?
Б.Гарамгайбаатар: -Оюутолгой төсөл одоо УИХ олон Засгийн газрын мэдлийн асуудал биш болсон. Компанийн мэдэлд бүрэн шилжсэн гэдгийг Ерөнхий сайд тодорхой хэлсэн. Сангийн сайд зурна гэсэн ойлголт байхгүй. Засгийн газраас энэ талаар дахин тодорхой мэдээлэл хийнэ гэсэн.

Ерөнхий сайдын Араб улсад зурсан баримт бичгийг АН-ын бүлэг төлөвлөгөө гэж үзэж байгаа юу, гэрээ гэж үзэж байгаа юу?
Б.Гарамгайбаатар: -Ерөнхий сайд албан ёсоор гэрээ биш гэдгээ хэлсэн.  Ерөнхий сайдын хэлсэнчилэн төлөвлөгөө гэж үзэж байгаа.

-Хүнд үйлдвэрийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд их хэмжээний санхүүжилт шаардагдах байх. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Б.Гарамгайбаатар: -Энэ төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээр зургаан тэрбум орчим ам.долларын  хөрөнгө босгох эрх нь нээгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, 14-15 арилжааны банкинд зургаа орчим тэрбум ам.долларын хөрөнгө босгож болох эрх нээгдэж байгаа хэрэг.

Ж.Батзандан: -Ерөнхий сайдын  АНЭУ-д хийсэн айлчлалын үр дүнд нэг тэрбум долларын Хөрөнгө оруулалтын сан Монголд байгуулахаар болсон байна.  Мөн Японы Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийх үедээ Засгийн газрын баталгаагүйгээр Монголд нэг тэрбумаас доошгүй зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн хамтарсан компани байгуулж, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтад оролцохоо мэдэгдсэн байна. Энэтхэг улсын Ерөнхийлөгч Н.Моди ирэхдээ манай улсад нэг ам.тэрбум долларын зээлийн кредит аян нээлээ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хооронд хүнд үйлдвэрийн цогцолборуудыг хэрэгжүүлэх чиглэлд хийсэн яриа хэлэлцээрүүд  бэлэн болсон.

Эдийн засгийн хүндрэл биднийг илүү томоор сэтгэх, том үйлдвэрүүдээ хөдөлгөхийг шаардаж байгаа. Энэ нөхцөл байдал санхүү, эдийн засгийн хувьд бүрдэж байна гэж харж байна. Ийм учраас Засгийн газар, Улсын Их Хурал, Ардчилсан намын бүлэг ярьж байгаад том төсөл хөтөлбөрүүд, хүнд үйлдвэрийн цогцолборуудаа эхлүүлэх шийдвэр гаргасан.

-Хөндлөн төмөр замын эдийн засгийн асуудлыг шийдэж байгаа гэсэн. Үүнд тодорхой тайлбар өгөх боломж байна уу?
Ж.Батзандан: -Тавантолгойгоос зүүн чиглэлд барих хөндлөн төмөр замыг ажлыг Японы Засгийн газар, Жибек банктай хамтарч хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Зураг төслийн ажил дууссан. Сая Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдсэн гэж  ойлгож болно. Ингэснээр Монгол Улс дэлхийн олон улс орон руу бүтээгдэхүүнээ гаргах гарц нээгдэнэ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн  Ажлын албаны Олон нийттэй харилцах хэсэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22239
0 эможи
keyboard_arrow_up