Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга М.Энхболдын тавьсан илтгэл

2015 оны 6 сарын 03

МАН-ын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга М.Энхболдын тавьсан илтгэл

-2016 ОНЫ УИХ-ЫН БОЛОН ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ТУХАЙ-

Эрхэм хүндэт журмын нөхөд өө!

            Намын бүх шатны удирдах ажилтнууд аа!

            Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

            Намын ХХVII Их хурлаас хойш бид удирдах ажилтны зөвлөгөөнийг хоёр дахь удаагаа хийж байна.

Манай орны бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн намын хороодын 750 гаруй удирдах ажилтан оролцож байгаа энэ зөвлөгөөнөөр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, намын дотоод тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангах талаар ярилцах юм.

            Өнгөрсөн оны 6 дугаар сард болсон намын Удирдах ажилтны зөвлөгөөнөөс хойш улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд гарсан зарим өөрчлөлтийн талаар товч мэдээлье.

            “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын алдаатай бодлого, буруутай үйл ажиллагаа, хяналтгүй зарцуулсан их хэмжээний мөнгөнөөс шалтгаалж, эдийн засаг хямарч, инфляци, валютын ханш өссөн нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, иргэдийн амьдрал доройтон, улс орны аюулгүй байдалд нөлөөлөхүйц өрийн дарамтанд орж болзошгүй байгааг манай нам 2013 оны 08 дугаар сараас хойш удаа дараа анхааруулан, шүүмжилж ирсэн.

Эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал нүүрлэсэн нөхцөл байдлыг цаашид даамжрахаас сэргийлэн манай намын бүлгийн санал, шаардлагаар өмнөх Засгийн газарт хариуцлага тооцон огцруулсан билээ.

            Ардчилсан намын удирдлага болон шинээр томилогдсон Ерөнхий сайд манай намд Засгийн газарт хамтран ажиллах санал тавьсныг бид намын Бага хурлаараа хэлэлцэн олонхийн саналаар гүйцэтгэх засаглалд хамтрахаар шийдвэрлэсэн юм.

Монгол Ардын Нам Засгийн газарт хамтрахдаа дараах зорилго, чиглэлийг баримталсан билээ. Юуны өмнө улс төрийн нам, хүчнүүд үндэсний аюулгүй байдал, улс орны язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэлтэй байж, хүнд үеийг хамтдаа даван туулах ёстой гэж үзсэн.

Эдийн засгийн хямрал гүнзгийрч, ард иргэдийн амьдрал доройтсон үед  Засгийн газарт хамтарснаар нийгмийн тогтвортой байдлыг хангаж, ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал зорилт гэж тодорхойлсон.

Улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогын алдаа гажуудлыг засч залруулах, эдийн засаг гүнзгий хямарч, өрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байсан.

            Монгол Ардын Нам, УИХ дахь бүлэгтэйгээ хамтран макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр 50 гаруй санал боловсруулж Засгийн газарт хүргүүлснээс 40 орчим саналыг дэмжиж, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд тусган баталсныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

            Манай нам Засгийн газарт орсноор эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэлтэй болж, Засгийн газрын өрийн хязгаар, бондын хөрөнгийн зарцуулалт зэрэг сөрөг хүчин байхад хаалттай байсан зарим мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо.

            Хөгжлийн банкны зээл, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалт зэргийг шалгаж дуусаад байна. Төсөв, мөнгөний бодлогыг чангатгаж инфляци, валютын ханшийн өсөлтийг бууруулах алхам хийж байна. Төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, урсгал зардлыг багасгаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хязгаарлан, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт суулгах зэрэг арга хэмжээг авлаа. Улсын төсвийн орлогыг аль болох бодитой төлөвлөж, төсвийн гадуурх хөрөнгийг төсөвт нэгтгэж тооцох болсноор төсвийн алдагдал, өрийн хязгаарыг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд илүү ойртуулж улсын төсвийг баталлаа. Монгол Ардын Нам улсын өрийг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. УИХ дахь манай намын бүлэг Засгийн газрын өрийн хүрсэн түвшин 58,3 хувь болсон байна гэдгийг баталгаажуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын өрийн дунд хугацааны стратегийг батлууллаа.

Үүнийг буруугаар ойлгож МАН засагт хамтарснаар өр нэмсэн мэт ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд байх ёстой өрийн түвшин хууль зөрчин 58,3 хувь болсныг бодит байдлаар тогтоож, ил болгосон гэдгийг олон нийтэд зөв ойлгуулах ёстой.

МАН улс орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ манай улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахгүй байх зарчмыг баримтлан ил тод нээлттэй хэлэлцэж, хууль тогтоомжийн хүрээнд зөвшилцөн шийдвэрлэж эдгээр төслүүдийг ажил хэрэг болгохын төлөө байна.

Гэвч УИХ дахь Ардчилсан намын гишүүд, Засгийн газрын хооронд үүссэн үл ойлголцол, үзэл бодлын зөрчлөөс үүдэн эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ, шийдвэрлэх асуудлууд хуримтлагдан, цаг алдаж байна.

Хэрэв энэ байдлаар удаан үргэлжилбэл улс орны эдийн засаг, тусгаар тогтнолд аюул учрахад ойрхон байгааг бид сануулж ҮАБЗ-д байр сууриа илэрхийлсэн болно.

Эрхэм журмын нөхөд өө!

Улсын Их Хурал болон Орон нутгийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд ялалт байгуулах явдал манай намын ойрын зорилт, эрхэм зорилго болж байна.

Монгол Ардын Нам өнгөрсөн зуунд эх орныхоо улс төрийн тусгаар тогтнолын эх сурвалж,  баталгаа болж байсан бол Энэ зуунд улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын их ачааг үүрэх хариуцлага хүлээж байна.

Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, босгож чадах боломж, боловсон хүчний нөөц, ажлын туршлага зөвхөн манай намд л бий.

Дээрх шалтгааны улмаас сонгуульд туйлын хариуцлагатай чамбай хандаж, амлалтаар биш, ажлаараа ард түмний итгэлийг эргүүлж авах ёстой.

 Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуулийн өмнөх жил гэдгээрээ 2015 оны хором бүхэн бидэнд үнэ цэнэтэй.

Зун намрын зургаан сар бидний орон нутагт ажиллах ид ажлын цаг байх ёстой. Нийт намын хэмжээнд дотооддоо сонгуулийн бэлтгэлийг хангах ажил тодорхой төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангах ажлыг бид намын ХХVII Их хурлын дараагаас эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн онд намын Удирдах ажилтны зөвлөгөөнөөр ч тодорхой асуудлуудыг ярилцаж, зорилт дэвшүүлснийг Та бүхэн сайн санаж байгаа.

Одоо энэ ажлаа улам эрчимжүүлж, ирэх оны сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтыг бүрэн хангаж, бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй байна.

Юуны өмнө ирэх долоон сарын хугацаанд намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулж батлах, сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж бүртгэх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлого, чиглэлээ тодорхойлох, намын ухуулагч, ажиглагч нараа бэлтгэх, намын гишүүдийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлэх, нам бусчууд, дэмжигчиддээ хүрч ажиллах, ялангуяа залуучуудыг намаас зохиож байгаа ажилд татан оролцуулах зэрэг олон  ажил хүлээж байна.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг Намын даргаар ахлуулан санхүү, мөрийн хөтөлбөр боловсруулах, хэвлэл мэдээлэл, залуучуудтай ажиллах, хот суурин газарт сонгууль зохион байгуулах зэрэг дэд хэсгүүдтэйгээр байгуулан  ажиллаж байна.

Намын удирдах ажилтны энэхүү зөвлөгөөний дараа “Бид хамтдаа” 6 сарын аяныг нийт намын хэмжээнд зохион байгуулахаар Удирдах Зөвлөл шийдвэрлэсэн.

Цаашид Сонгуулийн хуулийг боловсронгуй болгохоос эхлээд намын үйл ажиллагааг сонгуулийн “дэглэм” хэмнэлд оруулах, намын мөрийн хөтөлбөрийг улс орны хөгжлийн алс хэтийн зорилго, эдийн засгийн чадавхийг  нэмэгдүүлэх зорилтод нийцүүлэн гишүүд, дэмжигчид иргэдийн санал, санаачлагад тулгуурлан оновчтой загвараар боловсруулж хэлэлцүүлэх, олон түмний итгэл даахуйц, улс орны хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлох мэдлэг, чадвартай нэр дэвшигчдийг тодруулах, сонгуулийн сурталчилгааг шинэлэг хэлбэрээр үр ашигтай зохион байгуулах, саналын үр дүнг бодитой шударга гаргах зэрэг шил шилээ харсан харилцан хамааралтай ажлууд байна.

Улс төрийн ээлжит сонгууль эхлэхэд нэг жил, сонгуулийн хуулийн зохицуулалт хязгаарлалтын хүрээг тооцвол идэвхтэй үйл ажиллагаа явуулах долоон сарын хугацаа үлдлээ.

Иймд цаг хугацааны хүчин зүйлийг нарийн тооцож сонгуулийн хуанлийг 06 дугаар сард багтаан батлан гаргаж мөрдүүлэхээр төлөвлөж байна.

Та бүхэн холбогдох арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарвал зохино.

Ер нь зөвлөгөөнөөс хойшхи намын байгууллагын ажлыг сонгуулийн бэлтгэлийн хуваарьт ажлыг хэрхэн гүйцэтгэснээр дүгнэнэ. Сонгуулийн хууль нь намын удирдах ажилтнуудын  анхаарал тавьж, санал бодлоо илэрхийлэх ёстой асуудал.

Монгол Ардын Намын удирдлага, УИХ дахь манай намын бүлэг, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа. УИХ-ын энэ хаврын чуулганаар сонгуультай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

Манай намын хувьд УИХ-ын гишүүдийг аль нэг намын нэрээр халхавчлан сонгох бус харин ард түмнийхээ итгэлийг хүлээж, иргэдээсээ сонгогддог мажоритар буюу шууд сонгох хувилбарыг баримтална. Ингэхдээ нэг тойрогт нэг намаас нэг л хүн нэр дэвшүүлдэг байх нь зүйтэй гэж үзсэн. Иргэд олон түмний маань санаа бодол ч ийм байгаа.

Намын удирдлага, УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллахад сонгогч олон түмний санал, хүсэлт, захиа даалгаврын нэг нь “үзэгдэж харагддаггүй намын жагсаалт бус, өөрсөдтэй нь нүүр тулж уулздаг УИХ-ын гишүүнтэй байх”-ыг чухалчилж  байна.

Тиймээс манай намын Удирдах Зөвлөл, Намын бүлгээс сонгуулийн тогтолцоог иргэн өөрөө шууд сонгодог мажоритар байх эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзэж тогтоолын төслийг холбогдох хууль, журмын дагуу УИХ-ын даргад өргөн барьсан.

Намын удирдах ажилтнууд Та бүхэн намынхаа энэхүү улс төрийн шийдлийн утга учрыг ард иргэд, гишүүд дэмжигчиддээ сурталчлан таниулж, дэмжүүлэх талаар анхаарах нь зүйтэй.

Сонгуулийн тогтолцооноос гадна сонгуулийн санал тооллогын үйл ажиллагаанд автомат машиныг цаашид ашиглах уу, үгүй юу гэдэг асуудлыг иргэд, сонгогчид ярьж, байр сууриа илэрхийлж байна.

Одоогийн хуулийн төсөлд нэр дэвшигч, түүний сонгуулийн багаас хүсэлт гаргавал саналыг гараар дахин тоолно гэсэн заалт орсон байгаа нь үндсэндээ манай намын байр суурьтай нийцэж байгаа юм.

УИХ-ын сонгуультай хамт Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж, Улаанбаатар хотын удирдлагыг гартаа авсан туршлага дээрээ тулгуурлан АН-ын зүгээс УИХ болон нийслэл, аймаг, сум, дүүргийн сонгуулиудыг хамтад нь явуулахыг эрмэлзэж байна.

Үүнийгээ улс орныг нэг сонгуулийн хуультай болгоно гэсэн халхавч үгээр тайлбарлаж байгаа. УИХ нь улс орны хууль тогтоох дээд байгууллага, харин орон нутгийн хурал нь иргэдийн төлөөллийг оролцуулсан орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэсэн Үндсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн УИХ ба Орон нутгийн гэсэн уламжлалт хэлбэрээр сонгуулийг тусад нь зохион байгуулах нь зүйтэй гэсэн зарчмыг бид баримталж байна.

Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад анхаарах нэг чухал асуудал нь  шат шатны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал юм. Сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа намын гишүүд, ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлэн, олон түмний санал дүгнэлт, судалгааг үндэслэн сонгон шалгаруулж байх Намын үндсэн дүрмийнхээ шаардлагыг хэрэгжүүлж ажиллана. Одоо сонгуульд нэрээ дэвшүүлэх нь олонд танигдаж тодрох, сонгогдох хүнээ таньж товлох богинохон хугацаа үлдэж байна.

Сонгуульд нэр дэвшихэд аль нэгэн даргад биш Ард түмэндээ найдаж, наашаа биш сонгогчид руу нүүрээ харуулж ажиллах хэрэгтэй шүү.  

Бид намын хамт олны саналыг тусгаж хэрэгжүүлээгүйгээс өмнөх сонгуульд нэг бус тойрогт оновчгүй нэр дэвшүүлж алдсанаа давтаж болохгүй.

Шинээр нэр дэвшигчдээ сонгогч олон түмэндээ таниулах, сурталчлах үүрэг намын байгууллагууд, намын удирдах ажилтнууд Та бүхний өмнө байна. Хуучин нэр дэвшиж байсан хүмүүсийн хувьд ч амаргүй сонгууль байх нь дамжиггүй.

 Ирэх оны  01 дүгээр сарын 01-нээс эхлэн Сонгуулийн хууль үйлчлэн сонгогч, ухуулагч, хэвлэл мэдээлэл, нэр дэвших хэн бүхэн сонгуулийн хуулийн эрх зүйн орчинд орж, хуулиар “амьсгалж”, хуулиар амьдрах болно.

Шат шатны сонгуульд нэр дэвшүүлж болох хүмүүсийг тодруулахдаа тэдний рейтингийн судалгааг гаргаж, намын байгууллагын хурлаараа хэлэлцэж, саналаа Удирдах Зөвлөлд ирүүлбэл зохино.

Намын гишүүд бол бидний сонгууль зохион байгуулах ажлын үндсэн суурь, тулгуур мөн. Намын гишүүдийнхээ итгэл үнэмшил, үнэнхүү сэтгэл зүтгэл дээр суурилсан, намын үүрийн гишүүн нэг бүрийг бүрэн хамруулсан, мэдээлэл түгээх, ухуулга сурталчилгаа хийх, эргэх холбоо бүхий сүлжээг үүсгэн зохион байгуулж, түүн дээрээ суурилсан идэвхтэй үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарал төвлөрүүлмээр байна.

Намын гишүүд, дэмжигчидтэйгээ зөвлөлдөх, тэднийхээ санал бодолд тулгуурлах, тавигдаж буй зорилт, хөтөлбөрөө тодорхойлох, хэрэгжүүлэхэд тэднийг жигд татан оролцуулахад анхаарч, гишүүд, дэмжигчдийн идэвхийг сэргээх шаардлага байна.

Сонгуульд бэлтгэхдээ аль ч түвшний намын байгууллага урьд өмнө нь намын болон сонгуулийн ажилд оролцож байсан туршлагатай хүмүүсээ ажилд татан оролцуулах хэрэгтэй.

Тэдний мэдлэг, туршлагаас гадна намаа гэсэн чин сэтгэл, ар гэр, ахан дүүсийнх нь  дэмжлэг, итгэл үнэмшил бидэнд үлэмж тус дэм болно.

Түүнчлэн нутаг дэвсгэрийнхээ сонгогчдын дэлгэрэнгүй судалгаа улс төрийн чиг хандлага, нийгмийн бүлэг, насны байдал, тухайн сонгогчид тулгамдаж байгаа асуудлуудаар нарийвчлан гаргаж, тэдэнтэй ажиллах арга, тактикаа боловсруулж, бүх талын мэдээлэл судалгаатайгаар, зорилтот бүлгүүдэд нөлөөлөх төрөл бүрийн арга хэлбэрийн ажлыг одооноос эхлүүлбэл зохино.

Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, идэвх санаачлагыг нь өрнүүлэн, орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулж ажиллах нь иргэд, сонгогчдод илүү хүрч, тэдний дэмжлэгийг авах өргөн боломж олгоно.

Намын дэргэдэх ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын, оюутны байгууллагууд ч сонгуульд чиглэсэн бодлого, хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцээ тодорхой болгож, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байна.

Өнөөдөр манай улсын хүн амын дийлэнхийг залуучууд эзэлж байна. Бид залуучууддаа хүрч ажиллаж чадахгүй байгаа, тэдний дэмжлэгийг хүлээж чадахгүй байгаа нь манай намын нэг сул тал болж байгаа юм.

Иймд залуу гишүүд, дэмжигчидтэйгээ ойр ажиллах, олонд танигдсан залуучуудыг үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулах, ахмад үеийнхний ажил амьдралын баялаг туршлагаас  хуваалцах, тэдэнд улс төрийн бодит мэдээлэл өгөх, сонгуулийн тухай мэдлэг, боловсрол олгоход  анхаарвал зохино.

Залуучуудыг намын үйл ажиллагаанд өргөн оролцуулах хамгийн сайн арга нь тэдэнд урам өгч, итгэл, хариуцлага хүлээлгэж, чөлөөт үйл ажиллагаагаар хангах явдал юм. Энэ хүрээнд намын үүр, хороодын дэргэдэх сайн дурын үүсгэл санаачилга бүхий мэргэжил, сонирхлын бүлэг, клуб, хамтлаг байгуулж ажиллуулах зэрэг арга хэлбэрүүдийг өргөн ашиглах нь зүйтэй.

Сонгуульд оролцогч намууд өрсөлдөгчөө шинжиж үзэх нь зүй ёсны асуудал юм. Та бүхэн ч улс, аймаг, нийслэл, сум, дүүрэгтээ нэр дэвшихээр бэлтгэж байгаа өрсөлдөгч намуудын нэр дэвшигчдийг тандах, судлах, харьцуулан дэнсэлж үзэх хэрэгтэй. Орон нутагтаа өрсөлдөгч улс төрийн хүчнүүдийн зохион байгуулалт, үйл ажиллагааны арга барил, түүний сул болон давуу тал, санхүү, хөрөнгийн эх үүсвэр, намын гишүүдийнх нь болон түүнийг удирдаж байгаа хүмүүсийн талаарх бүхий л мэдээллийг цуглуулж, өрсөлдөгчдийнхөө нөөц боломж, чадавхийг мэдэрч, тэдэнд тохирох үйл ажиллагааныхаа хэлбэрийг сонгож, ажлын арга барил, тактикаа боловсруулбал зохино.

Саяхан Нийслэлийн Монгол Ардын Намын хороо байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг Нийслэлийн намын хорооны хамт олон өргөн дэлгэр, амжилттай сайн зохион байгууллаа. Ойгоо угтаж бүтэн хоёр сар гаруйн хугацаанд нийслэл, дүүргийн намын байгууллагуудаас нийтийг хамруулан зохион байгуулсан арга хэмжээнүүд нь намын гишүүд, дэмжигчид төдийгүй олон түмний санаа сэтгэлд нийцсэн талаар сайхан мэдээнүүд олон байна. Манай улсын хүн амын тэн хагас нь дангаараа оршин суудаг Улаанбаатар хотын сонгогчдод хүрч ажиллах амаргүй.

Саяхан манай намын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга хотын 152 үүрийн дарга нарт сар бүр урамшуулалт цалин олгох асуудлыг бүтэн жилээр нь шийдвэрлэлээ. Нийслэлийн сонгогч иргэдэд хүрч ажиллах улс төрийн ажлаа энэ мэт бие даан эрчимтэй өргөн далайцтай өрнүүлж ажиллахыг Нийслэлийн намын хороо болон Улаанбаатар хотод байгаа намын нийт сонгуульт ажилтнууддаа даалгаж байна. Нөр их хөдөлмөр, хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулж байж сонгуулийн ажлын бэлтгэл хангагдана. Энэ олон хүмүүсийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг үр дүнд хүргэх нь туйлын том хариуцлага юм.

Энэ утгаараа аймаг, нийслэл, сум, дүүргийн намын сонгуулийн штабыг удирдах бүрэлдэхүүн, сонгуулийн менежерүүд, сонгуулийн сурталчилгааны үед ажиллах намын ухуулагч, шадар туслагч, ажиглагч нар, сонгуулийн санал хураах, санал тоолох ажлыг зохион байгуулах сонгуулийн хэсэг, тойргийн хорооны бүрэлдэхүүнийг их хариуцлагатай сонгон шалгаруулж авахад онцгой анхаарах хэрэгтэй.

Энэ хүмүүс хэрхэн ажилласнаас сонгуулийн эцсийн үр дүн, бидний хувь заяа  шалтгаалах  болно. Намдаа үнэнч, туйлбартай, тэмцэх чадвартай, илтгэх, ярих өндөр ур чадвар эзэмшсэн, нэр хүндтэй хүмүүсийг одооноос сонгон шалгаруулж, тэднийг сонгуулийн хууль тогтоомж, шаардлагатай бүхий л мэдээллээр байнга, тасралтгүй хангаж, сургаж дадлагажуулж, тогтвортой ажиллуулах хэрэгтэй байна.

Эрхэм журмын

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22505
0 эможи
keyboard_arrow_up