Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга нам байгуулвал...

2014 оны 4 сарын 30

АН ойрдоо ороо бусгаа байна. Ядаж байхад яр гэдэг нь тус намд тохиогоод байгаа бололтой. Ерөнхийлөгчийн  УИХ-д оруулж ирсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл Н.Алтанхуягийн засгийг  задлахдаа тулаад байгааг хаа сайгүй ярьж байна.

 

Мэдээж сөрөг хүчин МАН-ын зүгээс энэ яриаг хүчтэй тарааж байгаа болов уу. Гэвч цагаа тулахад холын дайснаас ойрын нөхөд гай болдог шиг сайд нарын “давхар дээл”-ийг энэ зунаас тайлъя гэж намынхаа эсрэг санал өгч эсэргүүгээр тодорсон Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нар бөөн асуудал дэгдээж мэдэхээр байна.

УИХ-ын гишүүд  сайдын албыг давхар хашихгүй байх хуулийг ирэх 2016 оны сонгуулийн дараагаас мөрдье  гэсэн хуулийн өөрчлөлтийг өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж  эцсийн хэлэлцүүлэг явуулав. Хуралдаанд Н.Алтанхуяг Ерөнхий сайд өөрөө оролцож “Бүгдээрээ 16 оноос хуулиа хэрэгжүүлье” хэмээн бараг л  гуйсан боловч  өнөөх “эсэргүү” Р.Бурмаа, Ж.Батзандан хоёр гүрийсээр байгаад 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр нь авч үлдэж  чадлаа. 

Энэ үйл явдалтай  зэрэгцэн намынхаа эсрэг санал өгч чаддаг  айхтар дөрвөн нөхрийн тухай яриа улам их түгэв. Нэгэнт асуудал өөрөөр эргэхдээ тулвал  тэднийг намаас хөөнө гэдгийг бүлгийн дэд дарга С.Одонтуяа зарлачихсан. Үүнээс хөврөөд “Женко” Х.Баттулга АН-аас гарч нам байгуулна гэх “бор шувуу” өндрөө авчээ. Мэдээж намынх нь нэр тодорхой, МОАХ байх гэнэ. Цаашлаад хөөгдөх, зайлуулагдах дээрээ тулаад буй Ж.Батзандан шинэ намын генсек нь болно, Р.Бурмаа бас нэг удирлага нь байна гэх томилгоонуудыг ярьж эхэлж. Эдгээр нь цуу яриа байж болох ч өнөөгийн нөхцөл байдалд биелэх боломж бас бий. Тэгээд ч уржигдар бүтэн өдөржин хуралдсан бүлгийн хурлын үеэр Х.Баттулга Н.Алтанхуягтай ширүүхэн “үзэлцсэн”  гэнэ. Намаас хөөх ярианаас эхлээд Х.Тэмүү­жингийн асуудлаар үргэлжилж газар авсан юм байх.

Нөгөө талаар Х.Баттулга нам байгуулна гээд зүтгэвэл чадах хүн. Гэтэл нөхцөл  байдлаа бодох юм бол АН-д одоо эв нэгдэл туйлаас чухал. Хэрэв тус нам доторх хагарал энэ мэт үргэлжилж, Х.Баттулга хэдэн нөхдийн хамт үнэхээр МОАХ болж “тасарвал” АН 2016 оны сүйрлээ дуудсантай ялгаагүй. 2000 оны сонгуулиар одоогийн МАН тухайн үеийн МАХН үнэмлэхүй ялалт байгуулж байсныг уншигчид  мартаагүй.  Шалтгаан нь тун энгийн байсан. Тухайн үед МАН мундагтаа ялчихаагүй, товчхондоо бол 1996 оны сонгуульд ялсан Ардчилсан холбоо эвсэл дотроо бужигнаж, дөрвөн Засгийн газрын нүүр үзээд улмаар хоёр хуваагдан сонгуульд орсноос л болсон. Албан тушаалаас болж үймсэн ардчилагчид өрсөлдөгчдөө ялалт бэлэглээд өөрсдөө хоосон хоцорсон хар түүх хуучраагүй. Ийм байхад  бараан түүхийг давтаж хэрэв АН хуваагдвал МАН-д  маш том “бэлэг” болно гэсэн үг. АН анхнаасаа дотоод эв нэгдлээрээ МАН-аас дутуу  явж  ирсэн. Түүнийгээ манай нам  дотоод ардчилалтай, хувь хүний үзэл  бодлыг  хүндэтгэдэг хэмээн тайлбарладаг байлаа. Харин одоо дөрвөн гишүүнээ намын эсрэг санал өгсөн гэдгээр нь хөөх, туух тухай ярьж, өнөөхдөө  өөрсдөө орооцолдож эхэллээ.  Х.Баттулга нам байгуулна гэдэг АН-д аюулын дохио. Тиймээс эртхэн хэл амаа  ололцож засгаа ч, намаа ч аварсан нь дээр байх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2289
0 эможи
keyboard_arrow_up