Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бүү март! Мартвал сөнөнө

2014 оны 5 сарын 01

Хувьдаа малгүй, машингүй, орон сууцгүй, дэлгүүргүй, аж ахуйгүй, хувийн сонингүй, телевизгүй 80-аад онд “Бүү март! Мартвал сөнөнө” өгүүллийг залуучууд гараар хуулан тарааж, бие биедээ нууцаар дамжуулан уншиж  байлаа.

Нэг нам дангаар ноёрхсон систем нурж, Ардчилсан Үндсэн хууль 1992.01.23-нд батлагдан, чөлөөт нийгмийн үр соёолсон ч эрх чөлөөний төлөө тэмцэгчид гэнэн мөрөөдөмтгий, хуучин коммунист нам арга тактик, өмч хөрөнгө, шат шатны хэрсэн сүлжээ, тогтсон хэв “соёл”-оо тээсээр шинэ цагт орж явчихав. 

Үнэнийг дэлгэсэн “Хориотой ном” хүчтэй. Монгол улс, монгол үндэстэн, Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийн мөн чанарыг нээн тунгаасан өгүүлбэрүүдээс залуучууд үзэл суртлын хүлээсээ тайлж байсан юм. Баабарын “Айл гэр болж тоглох нь”, “Бүү март! Мартвал сөнөнө”, “Алтан гурвалжин”-ы үнэн үгс, С.Цогтсайханы Хонхны дуунуудын аялгуу, Ц.Элбэгдоржийн онож хэлсэн бүхэн далан жил ноёрхсон коммунист үзэл суртлын ханыг нураахад хүч нэмсэн юм.

УИХ-ын гишүүн нь сайдын алба давхар хашиж болно гэж Үндсэн хууль зөрчин хоёр хууль батлан өөрсөндөө зөвшөөрөл олгоод ч орхиогүй, ардчиллынханд бол нам, эвслийн сонгуульт ажил эрхлэхийг нь хориглох эсэх асуудал болгож байсан түүхтэй. 

Олон жилийн туршид боловсрогдсон улс төрийн ов заль, арга мэх маш нарийн байдгийг өнөөдөр долларын ханш, ажлын байр, цалин пүнлүү, нүүрсний үнээс ч чухал болтлоо дэрвэсэн хормойтой давхар дээлийн түүх ёстой л “Бүү март! Мартвал сөнөнө” гэж сануулж байна.

Давхар дээл өнөөдөр ч онц чухал болчихсон эд биш, ерөөсөө 1992 оноос хойших 22 жилд одоогийн МАН-ын хувьд уран мэх, Ардчилсан хүчинд бол унах мэх байсан юм. Давхар дээлийн намтар ардчиллын 22 жилийн түүхийн туршид хамт бичигдэж ирсэн, дахин давтагддаг жам ёсоороо л өнөөдөр ч Засгийн газар огцрох эсэх, АН эв эвдрэх, МАН илүү ашиг олох арга хэрэгсэл хэвээрээ байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн 2016 оноос хэрэгжих хугацааг мушгин гуйвуулж 2014 онд болгохоор “сайхан сэтгэл гаргаж”, дагуулан тонгорох, өөрсдийнх нь түүхэнд бичигдсэн нэр томъёогоор бол зүүний нугалаа завхрал гаргах замаар МАН дархан мэхээ энэ удаад бүр давхар уран хийж, АН дахиад л унаж байсан нүхнийхээ амсар дээр эргэж ирлээ. “Бүү март! Мартвал сөнөнө”

Давхар дээлийн намтар ардчилсан Үндсэн хуулийг баталсанаас зургаан сарын дараахнаас нь зөрчин бичигдэж эхэлсэн юм. Үндсэн хуулийн 29.1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заан, давхар дээлийг үндсийн үндсээр нь эгнэгт хориглосон. Улс төрийн олон жил боловсорсон ов мэх нарийн, Үндсэн хуулийг ч эвийг нь тааруулж, зөрчих чадвартай.

Наадмын уур амьсгал орж, бөх, морь, дээлийн өнгө ярьж байх зуур 1992 оны 7 дугаар сарын 6-нд Үндсэн дүрэм зөрчин, хориотой мэх хийж, давхар дээл нөмөрчээ. МАХН-ын 70 гишүүн баталсан УИХ-ын тухай хуулийн 22.1-д “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх УИХ-ын гишүүний тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй” гэж заажээ. Ард түмэн наадамлаж, Ардын намынхан Үндсэн хуулийн шүүгээнд эвхээтэй үлдсэн давхар дээлийг хулгайлж аваад гоёсон юм.

УИХ-ын гишүүн П.Жасрай Ерөнхий сайдаар томилогдож, Н.Энхбаяр, Л.Энэбиш, Ч.Пүрэвдорж, Ц.Гомбосүрэн нартай тавуулаа давхар дээл өмссөн байна. Нэг Үндсэн хуулиар “Болохгүй” хэмээн хорьсон тул мянган хуулиар “Болно” гэж бичсэн ч уг нь “Үндэснээсээ тусдаа навч ургадаггүй” байгалийн жамтай адил. Улс төрд, ов мэхний их дэлгүүр болсон нам жам ёс, Үндсэн хуулийг зөрчиж, мутац хувиралд орсон учраас төрөлхийн гажигтай үр хөрвөлийг давхар дээлийн хормойдоо төрүүлэх чадвартай. УИХ-ын тухай хуулин дээр нэмж, Засгийн газрын тухай хуулийг 1993 онд алх цохин “Давхар дээл” өмсөх давхар арга болголоо.

Харин Ц.Элбэгдорж, С.Зориг, Да.Ганболд нарыг ТББ тэргүүлсэн, чөлөөт хэвлэл үүсгэсэн, нам удирдаж буйг нь давхар дээл юм биш үү гэсэн зарга түрүүлж үүсгэн, Үндсэн хуулийн Цэцэд өрсөж асуудал тавиад, “харж үзэх” жишээтэй.

Давхар дээл өмсөж аваад, хувийн өмч, мал, алтан ээмэг, бурхан хурааж, 70 жил хориглосон нам өөрсөддөө өрөм тос аягалав. 1992-1996 онд улсынх юм шиг өнгөтэй өөдтэй бүхэн цаанаа хувийнх, бүр цаашилбал хувьсгалт намынх болсон байлаа. “Бүү март! Мартвал сөнөнө”.

УИХ-ын 1996 оны сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл 50 гишүүнтэй болмогц Үндсэн хуулийн цэц мөн л наадмын дараах амралтын өдрүүдэд буюу 1996 оны 7 дугаар сарын 17-нд давхар дээл өмсөж болохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Үндсэн хуулийн нүд цавчих ёсгүй харуул манаач болсон цэц давхар дээл нөмрөх УИХ, Засгийн газрын тухай хуулийг 4 жилийн дараа олж харав.

Ардчилагчид анх удаа эрх барихаар болж хоорондоо өрсөлдөж эхэлсэнийг Ардчилсан социалист хөдөлгөөн, МСДН-ын анхдагчдын нэг иргэн Д.Ламжав гомдол гаргаснаас санаж болно. Давхар дээлтэй хүн нэг ч байхгүй М.Энхсайханы Засгийн газар Цэцийн энэ шийдвэрээс сарын дараа бүрдэв.

М.Энхсайханы Засгийн газар төрсөнөөс 11 хоногийн дараа УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Орон сууц хувьчилж, суурь үнэ чөлөөлж, импортын татвар тэглэн, лангуу дүүргэсэн  Засгийн газар дан дээлтэй төрсөнөөрөө буруутан болов. Хийсэн ажлыг нь буруутгах аргагүй учир Үндсэн хуулиа хамгаалагчид болж, бирд нь бурханы дүрд хувирахад хүрсэн энэ түүх өнөөдөр ч яг давтагдаж байна.

Дампуурсан банкийг хувийнхтай нийлүүлж аварсаных нь төлөө, авлигатай тэмцсэнийх нь төлөө, хахуулийн гол крант гаалийн дарга Х.Баатарыг гайтууллаа гэж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад нь хоёр удаа огцруулж байсан тэр МАН, давхар дээлийн намтрыг эхлүүлж, бичиж, өмсөхийн ихийг өмсөж гоёхын дээдээр гоёж явсан тэр МАН өнөөдөр алдаа засах гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг мушгиж, ашиглаж, нугалаа болгож байгааг “Бүү март! Мартвал сөнөнө. 

1996, 1997, 1998 онд УИХ-ын гишүүдийн Засгийн газрын бүрэлдэхүүнд эзлэх хувийг гуравны хоёр хүртэл нэмэх, сайд, сонгуульт алба, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс бусад ажил хавсарч болохгүй гэх зэргээр хоёр сандал, хоёр тамга, хоёр тэрлэгийг бүр бататгав. Энэ бүх нөхцөл 100 хувь давхар дээлтэй сайд нараас бүрдсэн Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар 1998 оны 4 дүгээр сард байгуулагдахад хүргэв. Үндсэн хуулийн цэц мөн л гэнэт зөрчлийг олж харж, ардчилсан хүчний Засгийн газар 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн шинэ нөхцлийн эсрэг 1998 оны 10 дугаар сард давхар дээл өмсөж болохгүй гэсэн шийдвэр гаргалаа.

УИХ дүгнэлтийг хүлээж аваагүй боловч Цэц шийдвэрээ дахин баталгаажуулж, нэг ёсондоо Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн нөхцөл байдалд оруулав. МАХН буюу одоогийн МАН давхарлахаар нь олон жил хардаггүй, “Ардчилсан холбоо” эвслийн дан дээлтний Засгийн газар бүрдэхээр давхарлаж “Болно оо” гэдэг, давхарлахаар нь “Болохгүй ээ” гэдэг тоглоом ингэж давтагдаж, энэ янзаараа л 22 жил болсон байна. “Бүү март! Мартвал сөнөнө”.  

Зөвхөн дан дээлтнүүдээс Засгийн газар бүрдэх ёстой гэсэн Цэцийн эцсийн шийдвэр гарсан 1998 оны 10, 11 дүгээр сард учраас 100 хувь УИХ-ын гишүүн бус сайд нараас бүрдсэн Ж.Наранцацралтын танхим 12 дугаар сард бүрдэв. Захианы хэргээс болж 7 сар болоод огцорч, Ерөнхий сайд Р.Амаржаргалаас бусад нь УИХ-ын гишүүн биш сайд нараас бүрдсэн 4 дэх Засгийн газар байгуулагдлаа.

Үндсэн хуулинд Ерөнхий сайд, сайд нар давхар дээл өмсөж болно гэж өөрчлөлт оруулав. Давхар дээлийн намтраас үзэхэд МАН өмссөн тохиолдолд хөндөгддөггүй ашигтай, ардчилагчдын хувьд бол Засгийн газар нь яаж бүрдэнэ, яг түүнийх нь эсрэг хуулийн өөрчлөлт жил, сараар хувирч ирсэн байна.

Дан дээлтэй байгуулчихвал давхарлахыг зөвшөөрнө. Давхарлангуут нь хориглочихно. Дан болонгуут нь Засгийн газруудыг нь дараалан огцруулна. Тартагт нь тултал хямрааж аваад “Төрөө хямралаас гаргая” гэж уриалаад сонгуульд ялдаг. Энэ сценариар 22 жил явсан учраас давхар дээлийн асуудал Засгийн газар, эдийн засаг, сонгуулийн ялалт, эв нэгдэл ба бутрал хагарлын үнэ өртөгтэй, МАН-д үргэлж хожоотой, АН-д хожигдолтой байж иржээ. МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл дунд яс хаях, нэгийнх нь эсрэг нөгөөг нь турхирах, хэсэг бүлгийг салгаж дэмжих талаарх МАН-ын технологи гайхалтай хорон байлаа.

Урт үстэй, халамцуу залуу арын халаасандаа бөөн мөнгөтэй, түүнтэй наалдсан богино банзалтай эрээгүй  маягийн хүүхэн түрийвчтэй хэдээс нь хусч байгаа ухуулах хуудас бол нэг л жишээ. Залуу нь МҮАН, бүсгүй нь МСДН гэсэн хаягтай, “Итгэл алдрав, сэтгэл цөхрөв” гэсэн бичиг дагуулсан байж билээ. Давхар дээлээ тайл, буцаад өмс гэх зэргээр 1996-2000 онд УИХ-д 25 гишүүнтэй МАХН-ын бүлгийн дарга Н.Энхбаяр нар ардчилагчдаар бөмбөг шиг тоглож байхад дөрвөн Засгийн газар огцорч, С.Зоригоо алдаж, гурван гишүүн нь улсад ямар ч хохиролгүй, өмдний бүс, үзэг хахуульд авсан хэргээр шоронд сууж, дан дээлтэй Ерөнхий сайд болох гэсэн Да.Ганболд 7 удаа буцаагдаж байв.

Элсний 13 нөхөр МАН-тай гэрлэж, эцсийн дүндээ эвсэл нь задран, МҮАН, МоАН, МСДН гэсэн гурван нам 2000 оны сонгуульд салж ороод салам ялагдсан. “Бүү март! Мартвал сөнөнө”

Анх удаа эрх барьсан ардчилагчид туршлагагүй, “Айл гэр болж тоглохдоо” эв нэгдэлгүй, муу юманд сайн биш байсан нь ов мэхний их дэлгүүр, сан хөмрөг болсон одоогийн МАН-д ашигтай, алдаан дээр нь дөрөөлөх сайхан боломж байлаа. Монголыг Монголтой нь байлдуулна, хувааж захир гэдэг шиг ардчилагчид хоорондоо хөлөө жийлцэхээр салж сарниж, овтой хуучин өрсөлдөгчийнхөө идэш болж, дараагийн сонгуульд ялагдахдаа бүр далаараа нам тавиулдаг түүх давхар дээлийн намтартай хамт гурав дахь удаагаа давтагдах уу, үгүй юу? 1996, 2004, 2012 оны амжилт бүхэн эв нэгдэл, эвсэлтэй, 2000, 2008 оны сонгуулийн ялагдал эвсэл нь задарсан, салсан, нам хуваагдсаны дүн.

Эр хүн шартаж, эмэгтэй хүн жирэмсэлж ханахгүй гэдэг шиг Ардчилсан нам засаг барьж, Ардын нам жагсаж сурахгүй юм байна гэдгийг ард түмэнд гурав батлаад өгвөл 2016 онд ахиад л хожигдол ирнэ. “Бүү март! Мартвал сөнөнө.” 

УИХ 1996-2000 онд 51 гишүүнтэйгээр хуралдааны ирц хүчинтэйд тооцогддог Үндсэн хуулийн заалттай, “Ардчилсан холбоо” эсвэл хувь заяаны эгзгээр 50-иулаа, Уламжлалын нам, О.Дашбалбар агсанд нэг товчлуур үнэ цэнэтэй байсан юм.2000 онд МАХН буюу МАН УИХ-д 72 суудалтай болж аваад,

Үндсэн хуулинд 7 муу өөрчлөлт оруулан, саяхан л огт болохгүй хориотой байсан давхар дээлийг тухлан нөмрөв. Н.Энхбаярын Засгийн газрын 13 гишүүний 4 нь давхар дээлтэй, 9 нь дан дээлтэй байсан нь өнөөгийн 19 сайдын 17-той харьцуулахад наанаа даруухан хязгаартай харагдавч, цаанаа бол УИХ нь юун хяналт тавих, жинхэнэ доор нь орчихсон, хуулийн хэлтэс шиг нь л байлаа.

УИХ-ын даргаар С.Төмөр-Очир гэдэг хүн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахам бүтэн дөрвөн жил “томоотой тохитой” ажилласныг улс төр сонирхдог хүн ч бараг санадаггүй. Даргыг нь санахгүй байгаа гэдэг нь УИХ хяналт тавих үүргээ биелүүлээгүйн баталгаа юм. УИХ-ын даргаас буучихад аятайхан ажил байвал нэр хүндээ ч бодохгүй төрийн хамгаалалттай хэвээрээ дэд сайд, МУИС-ийн захирал болоод яваад байсан өвгөн шүү дээ.

Хуульч С.Нарангэрэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгуулах гомдлыг 2000 онд гаргаж, Цэц түүнийх нь дагуу шийдвэрлэсэн ч МАХН-ын давуу олонхийн УИХ хүлээж аваагүй. С.Нарангэрэл давхар дээл өмсүүлэхгүй гэснээрээ “намын дайсан” болж, хар жагсаалтанд бичигдэн, Цэцийн гишүүнээр томилогдохоор орох бүрт УИХ дээр МАН-ын бүлгээс удаа дараа унагасан юм.

2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл, МАХН-тай тэнцсэн тул Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн эвслийн Засгийн газар бүрдэн ажилласны гуравны хоёр нь давхар дээлтэй байв. Дан дээлтэй Ерөнхий сайдын Засгийн газар ТОП авлигачдаар зарлагдсан гэх, нэгээс бусад нь давхар дээлтэй Ардын намын 10 сайдын өргөдлөөр огцорсон билээ. Н.Энхбаяр 2005 оны сонгуулиар Ерөнхийлөгч болсон тул орон гарсан тойрогт нь М.Энхболд дэвшихдээ Ц.Элбэгдоржийг нэрээ татахгүй бол эвслийн Засгийн газар буюу цэнгэлдэхээ шатаана гэсээр гарч ирээд тэрнээсээ ч буцан, шууд давхар дээлтэн болсон.

Задарсан эвслийн М.Энхсайхан, Д.Эрдэнэбат, нэг хүний нам байгуулсан Л.Гүндалай, Б.Жаргалсайхан зэрэг дэл сул хүмүүс нийлж мөн л 17 сайдын 15 нь өнгө өнгийн давхар дээлтэй Засгийн газрыг 2006 оны 1 дүгээр сард байгуулав. Замдаа хоёрыгоо гээж оронд мөн хоёр давхар дээлтэй хүнээр нөхлөө. Н.Алтанхуягийн Засгийн газартай адилхан 17 хүнд давхар дээл өмсүүлсэнээрээ тэнцэж байгаа ч М.Энхболд өнөөдөр л тайлуулахын төлөө тайчих үзүүлбэр хийж буй нь өнөөх л МАН-д ашигтай, АН-д ашиггүй тэр түүх, танил сценари.

2007 онд бүрдсэн С.Баярын эхний засгийн газрын тал хувь нь давхар дээлтэн байв. 2008 онд дахисан С.Баярын, С.Батболдын засгийн газрын 15 сайдын 11 нь давхар дээлтэй байв. Мэдээж энэ цаг хугацаа МАН давхар дээлтэй байсан үе болохоор асуудал сөхөгдсөнгүй. Үндсэн хуулинд ахиад нэмэлт өөрчлөлт оруулах тухай судлах ажлын хэсэг л байгуулсан болохоос бус одоо тайлна, дараа хэрэгжүүлнэ гэсэн маргаанд хөтлөөгүй, ямар нэг хуулийн төсөл ч санаачилсангүй, нэг ёсондоо МАН өөрсдөө өмсөж давхар дээлийг өнөөдөр тайлах тухай хэзээ ч яриагүй.

ИЗНН-ын Д.Энхбат гишүүн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан, давхар дээл тайлуулахаар санаачилсан ч давхар дээлэнд өнөөдөр дургүй болчихсон МАН-ынхан тэгэхэд хөдлөөгүй нь мэдээж билээ. Ж.Сүхбаатар нарын санаачилсан төсөл Байнгын хорооноос хэтрэлгүй унав. АН-ынхан Засгаас гарахад нөхөж орсон МАН-ын тавын гурав нь давхар дээлтэн байв. Тайлах нь бүү хэл давхарласаар л байж ирсэн намтар. 2012 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдож, өнөөгийн 19 сайдын 17 нь давхар дээлтэй гэж цоллуулав.

Эд нар анх удаагийн биш сүүлчийн давхар дээлтнүүд, мэдээж МАН-ын биш АН-ын голдуу хүмүүс. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхнаасаа Ухаалаг төрд шилжих хүрээнд Засгийн газрын тухай хуулийг өөрчлөх санаачилга гаргаж, 2016 оноос хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан ч МАН-ынхан өнөөдөр тайлуулахаар мушгиж буй нь 22 жилийн АН-д ашиггүй, өөрсдөд нь унацтай намтар түүхээ давтаж буй танил тактик байна.

Давхар дээлийн тухай гоё яриа мэт боловч, Ерөнхийлөгч санаачилсан хуулийг нь мушгиж Засгийн газрыг огцруулахаар МАН-ынхан арга сэдсэн тул хориг тавихаа хоёргүй нэг утгаар илэрхийлэв. Уг нь санаачилсан Ерөнхийлөгч нь анхны төслөөр нь батлахгүй бол хориг тавих нь тодорхойг МАН-ынхан мэдэж байгаа. Зорилго нь АН-ын дунд яс хаях, түүнийгээ мөлжих “Монголыг Монголоор нь” гэдэг салган тусгаарлах бодлого, болж өгвөл дараагийн сонгууль гэхэд бүр хуваах боломж олох, дотроос нь “элсний эсэргүү бүлгэм өмнөөс нь ахиад төрүүлэх, давхар дээлэнд дуртай гэж муухай харагдуулахад оршино.

Эдийн засгийн хүндрэлийг эд нар бие дээрээ мэдрэхгүй, мах, талхны үнэ цээжлээд мартчихдаг улс. Монголд муу л бол МАН-д сайн. Олон жилийн өөрсдийнх нь хуримтлуулсан асуудлаас, хийгээгүй ажил, аргалж хойшлуулж явж ирсэнээс нь үүдсэн долларын ханш, хөрөнгө оруулалтын хумигдлын үр дагавар нь өнөөдөр гарч буйг АН-д тохож хариуцлагаас мултраад, давхар дээлийг далимдуулахыг зорьж байна.

Дөрвөн засаг нь огцорч, орондоо унтах завгүй хоорондоо байлдсаар ардчилагчид биелээгүй амлалт, хийгээгүй ажил, эв эвдрэлтэйгээ ахиад ялагддаг түүхийг давтах тооцоотой. МАН нэрээ цэвэрлэж, өөрсдөө шинэчлэгдэх боломжгүй, тэр нь бараг давагдашгүй нөхцөл болсон тул АН-ыг хагалан бутаргаж ирсэн 22 жилийн сурсан мэхээ хэрэглэхээс өөр арга зам үгүй. АН засаглаж, МАН жагсаж чаддаггүй гэдгийн цаана, давхар дээлийн хуулийн хугацааг мушгин гуйвуулж, Ерөнхийлөгчийн эрүүл санаачилгыг улс төрийн явцуу сонирхолдоо ашиглах бүрийн ард нэг л том үсгээр бичсэн, ардчиллын түүхийн эхэн үеийн алдартай өгүүлбэр бий. “Бүү март! Мартвал сөнөнө”

МАН-ынхан 90 хэдэн жилийн түүхээ кино хийгээд, боть ботиор нь зохио байгаад ярьдаг. Бид 24 жилийн түүхээ, алдаа оноотой нь шүүн тунгааж чадахгүй бол Бүү март! Мартвал сөнөнө

АН-ын хэсэг гишүүд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2379
0 эможи
keyboard_arrow_up