Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Намуудын дарга нарын уулзалт: Сонгуулийн санал тоолдог хар машиныг шүүмжлэв

2015 оны 9 сарын 03

     МАН-ын  дарга М.Энхболдын санаачлагаар улс төрийн намуудын уулзалт Төрийн ордонд болж байна. Уулзалтад парламентад суудалтай болон суудалгүй 18 намын төлөөлөл оролцож байна.

Энэ үеэл МАН-ын дарга М.Энхболд “ Өнөөдрийн энэ уулзалтаар Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар санал бодлоо солилцохоор цуглаад байна. Үндсэн хуулийн тухайд УИХ-ын даргын захирамжаар  ажлын хэсэг байгуулагдсан. Үндсэндээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар холбогдох байгууллагаас нь санал авч, гишүүд нь гарын үсэг зураад УИХ-д өргөн барих бэлтгэл хангагдаж байгаа. Өнөөдрийн улс төрийн  хямралт нөхцөл байдлаас гарахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал маш чухал. Сонгуулийн хуулийн тухайд гэвэл 1992 оноос хойш УИХ-ын зургаан удаагийн сонгууль болсон. Ер нь сонгууль болохын өмнө Сонгуулийн хуулийг байнга өөрчилж байсан. Өмнө нь болсон зургаан удаагийн сонгуулийн тав нь мажоритар, 2012 оных холимог тогтолцоогоор болж өнгөрсөн. Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага байна гэж үзэж УИХ-д суудалтай намуудын оролцоог бий болгосон ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь ажлын хэсэг боловсруулсан хуулийн төслөө өнөөдрийг хүртэл санал авах, УИХ-д өргөн барих ажлыг хийгээгүй байна. Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэгт өнөөдөр бид саналаа хуваалцаж таарна. Иргэд олон түмэн 2012 оны сонгуулийн тогтолцоог төдийлөн таашааж үзэхгүй байгаа. МАН-ын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгуулийн тогтолцооны талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг Засгийн газраас санал авч УИХ-д өргөн барьсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн автоматжуулсан тогтолцоог 2012 оны сонгуулиар нэвтрүүлсэн. Гэвч үүнд иргэд ч улс төрийн намууд ч итгэл алдарсан зүйл байгаа. Тиймээс хар машинаар тоолох явдлыг хэрхэн үзэж байгааг намуудын саналыг сонсоно” гэлээ.

Үүний дараа танхимд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга н. Төмөрсүх сонгуулийн санал тоолдог хар машиныг шүүмжилж, гараар тоолох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн ямар нэгэн тойрог дээр очиж иргэдтэй уулзалт хийж, үзэл бодлоо илэрхийлж байгаагүй хүмүүс УИХ-д гардгийг болиулах хэрэгтэй гэв. Мөн арилжааны телевизүүдээр худал, үнэн нь мэдэгдэхгүй төлбөртэй нийтлэл гардгийг зогсоох ёстой гэлээ. Байр сууриа илэрхийлсэн хүмүүс үүнтэй санал нэгдэж байгаагаа хэлж байсан юм.

Түүнчлэн Эх орон нам, Хамаг Монголын Хөдөлмөрийн нам, Монголын Үндэсний намын дарга нар улс төрийн намын санхүүжилтийн талаар болон, Улс төрийн намын тухай хуулиар байр сууриа илэрхийллээ. Улс төрийн намуудын дарга нарын зөвшилцлөл үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24858
0 эможи
keyboard_arrow_up