Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Эрхэмбаяр: Бэлэнчлэх сэтгэлгээг засах том ажил АН-ын өмнө байна

2015 оны 9 сарын 21

Архангай аймагт энэ сарын эхээр болсон Хангайн бүсийн чуулга уулзалтын үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяртай ярилцав.

-“Монгол хүн-2020” хөтөлбөрийн бодитой үр дүн нь юувэ?

-Хамтарсан Засгийн газраас “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 70 хувьтай гэж  дүгнэсэн. АН алсыг харсан өргөн цар хүрээтэй хөтөлбөр дэвшүүлсэн юм. Өмнөх жилүүдэд болж байгаагүй их бүтээн байгуулалт,өөрчлөлт  хийгдсэнийг ард түмэн харж байгаа. Улаанбаатарт ямар өөрчлөлт гарав, хөдөө орон нутагт дэд бүтэц, эрчим хүч, ипотекийн зээлд, үнэ тогтвортой болгох хөтөлбөр гээд олон үр дүнтэй өөрчлөлт гарлаа.  Гэхдээ “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэхээр нэг хүнд ногдох жилийн орлого хэдэн төгрөгт, хэдэн долларт хүрвэл биелчихнэ  гэсэн шалгуур үзүүлэлт  тогтоогоогүй юм.

Тиймээс бид энэ хөтөлбөрийг 80-100 хувьтай гэж дүгнэхэд хэцүү. Зарим нь биелчихсэн, хангалттай биш гээд янз бүрээр ярьж байна. Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Огт хийгээгүй байсныг бодохоор хийсэн зүйл ихтэй явж байна. “Монгол хүн-2020” хөтөлбөрийн зарим зорилт нь хэдэн жилээр үргэлжлэхээр өргөн хүрээтэй, цаг хугацаа шаардсан асуудал байгаа. Тэгэхээр аливаа асуудлыг дэвшүүлэхдээ дөрвөн жилээр биш арван жилээр, хорин жилээр харж хийснээр цогц үйл ажиллагаа залгамж байдлаа хадгалах ёстой юм байна гэсэн дүгнэлтийг хийж байна.

-АН 2012 оны сон­гуулиар ялсан аймгуудад бүтээн байгуулалт нь бусад ялагдсан аймгаас түрүүлсэнбайна. Үүнээс үүдээд зарим хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг орон нутгийнхан хэлж байсан.Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтын харьцаан дээр?

-Өмнөх УИХ-ын гишүүд хэт жижиг зүйлээр хөөцөлдөж үндсэн ажлаа хийдэггүй байсан. Өөрөөр хэлбэл, айлаар ярих юм бол тогоо шанаганы асуудалд хутгалддаг байсан. Гишүүн бүрт багц гэж гурван тэрбум хүртэлх төгрөгийг хуваарилдаг байсан. Сургуулийн цонх шиллэх, дээвэр засах гээд гүйцэтгэх засаглалын хийх ажилд хутгалдаж, өөрийнхөө мөнгөөр биш улсын мөнгөөр шийдсэнээ “би хийсэн” гэж өөртөө аваачиж наадаг байсан утга учиргүй дампуу үйлдлийг АН 2012  онд Засгийн эрхэнд гарч зогсоосон. Энэ мөнгийг орон нутагт нь өгдөг болсон нь маш том дэвшил. Мэдээж аливаа зүйлийг хийхээр цааш улам боловсронгуй болсоор байдаг. Асуудлууд гарсаар байна. ОНХС-гийн хөрөнгийн хуваарилалтын харьцааг иргэдээсээ асууж байгаад өөрчилж болно. Сум болон багийн төвд иргэдээсээ асууж хийх ажил дууссан бол бодлогоор харьцааг өөрчилж болно. Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд шийдэх томоохон бүтээн байгуулалт, үйлдвэр барих зэрэгт ОНХС-гийн сум болон багт хуваарилсан багцаас татаж болох эсэхийг иргэдээс асуугаад хуульд өөрчлөлт оруулж болно. Хөгжлийг дагаад энэ  улам төгс төгөлдөр болох нь дамжиггүй.

-Төрийн албан хаагчийг намын үзэл бодлоос ангид байх тухай асуудлыг олон нийт их хөндөх юм. Энэталаар таны байр суурийг сонсъё?

-Төрийн албан хаагч сонгогдох сонгох эрхийн дагуу хэрэв УИХ-д нэр дэвших бол сонгууль болох жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  төрийн албанаас татгалзаж, тухайн хашиж байгаа ажлаа хүлээлгэн өгнө гэсэн хууль өнөөдөр үйлчилж байна. Сонгуульд нэр дэвших гэж ажлаа өгдөг,  дэвшээд гараад ирвэл ажлаасаа бүр мөсөн гардаг хуулийн энэ заалтыг эргэж харах, дундын ямар хувилбар байна гэдгийг оновчтой сонгож  хуульд тусгавал төрийн албан хаагч тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Мөн намууд сонгуульд ялалт байгуулсан гэж шагналын журмаар, намын харьяаллаар төрийн албан хаагчдыг хоморголон халж, сольдог, өөрчилдөг хохироодог явдлыг анхааралдаа авах цаг болсон.  Монгол Улсын төрийн алба  тогтвортой, үр бүтээлтэй ажилладаг төрийн албан хаагч нартай байсан цагт хөгжинө.

-Аймгууд хэтийн төлөвлөлтөд ирээдүйн ачааллыг тооцож, хүн ам, машин техник хэрэгслийн тоог огцомөсгөж тавьсан байна. Энэ зүйтэй байх. Гэхдээ хүн амын өсөлт ийм хурдацтай байж чадах уу. Эсвэл хотынтөвлөрлийг сааруулж хөдөөд татах гэсэн танай намын хөтөлбөрийн зорилт уу?

-Архангай одоо 11 мянган машинтай. 2028 он гэхэд 32 мянга болно. Тэр үед манай зам ачаалал даана гэж тооцсон байна. Ер нь ингэж зохицуулах ёстой. 2008-2012 онд бид улсын мөнгийг дэндүү буруу зарж байсан. Сар болгон хүн бүрт 21 мянган төгрөг буюу нийтдээ  80 тэрбумыг зүгээр тараасан. Энэ нь 80 км зам тавих мөнгө. Гэтэл энэ мөнгө аманд ч үгүй хамарт ч үгүй зүгээр хэрэглээ болж, олсноосоо илүү үрж зардаг ийм байдалд ард түмнээ бэлэнчилж сургасан. Гэтэл нөгөө сар болгон улсын хэмжээнд тараагаад байсан 80 тэрбум төгрөгөөр Архангай аймгийн төвд 14 км зам тавихад төрөл арилжихсан юм шиг хот харагдаж байна. Барууны хотод явж байна уу гэмээр зам хоорондын сүлжээг тавьсан байна. Цаашдаа манай монголчууд санал өгөхдөө хэт буруу тооцоогүй бэлэн мөнгөний, эсвэл санал авах гэсэн мөнгөний амлалт зэрэгт  анхааралтай хандах бодох цаг болжээ.

Хүн зовлонг туулж байж, биеэрээ мэдэрч, бизнесийнхэн шатаж байж бизнесээ олдог гэдэг. Түүнтэй адил буруу амлалтад саналаа өгч унаж тусч байж нийгмийн хандлага, уур амьсгал  дээшээ босох нь. Бусад улс орон ч гэсэн туулдаг юм байна. Манайх бас туулж байна. Энэ болгон буруу байж гэдгийг хэлж өгөх нь нийгмийг өөрчилдөг. Нийгмийн сэтгэл зүйг дээш нь татахад сайн  үлгэр жишээ болдог.

-АН, МАН-д үзэл бодлын ялгаа харагддаг. Нэг нь хийж чадвал сайхан амьдарна гэдэг бол нөгөө ньнийтээрээ тэгш байх бодлого барьдаг. Тэгэхээр ард түмэн цөөхүүлээ юм чинь бие биетэйгээ өрсөлдөхюмгүй тэгшхэн амьдрах гэсэн МАН-ын үзлийг илүү дэмждэг юм шиг. Тэр утгаараа танайхаас хийсэнзүйлийг харлуулсан мэдээлэл нь ард түмний ой тойнд сууж үлдсэн байдаг юм биш үү?

-Муу үг модон улаатай гэж зүйр үг байдаг. Тэдэн мод газар гэж ярьдагтай  адил улаа өртөө гэдэг шиг дамжаад явсан гэсэн үг. Жишээлбэл, тwitter, facebook-т “40 мянгатын уулзварыг шинээр зассан байна. Энэ сайхан зүйл болжээ” гээд бичвэл нэг ч хүн лайк дарах, дэмжсэн үг бичихгүй. “Харин тэнд нэг хүн зодоон хийжээ”, “Энд нэг хүн нууц амрагтайгаа байж байгаад баригдчихаж” гэвэл  цаашаагаа дуулиан шуугиан болгох жишээтэй. Муу юмыг хөгжөөж дэвэргэж, харин сайн зүйлийн төлөө үг хэлж чадахгүй болтлоо нийгэм доройтсон байна. Түүнээс бид хийсэн зүйлээ яриагүй биш ярьж байна. Үзүүлж байна. Тэр бол чихний нь хажуугаар сонсогдохгүй өнгөрч байна.

АН 1996-2000 онд Монгол Улсад томоохон өөрчлөлт хийсэн. Тухайл­бал, үнийг чөлөөлж зах зээлийн гольдролд нь оруулсан. Өмч хувьчлал зогссон байсныг сэргээж төрийн өмчит том компаниудыг хувьчилсан. Орон сууцыг эздэд нь өгсөн. 1992-1996 онд манай улсын хөгжил зогсонги байдалд хаазных  нь пүрш мултарчихсан  машин гэдэг шиг байсан. АН урагш нь хөдөлгөсөн. Тэр үр дүнгээ сурталчилж чадаагүй. Гэтэл нөгөө сөрөг талаас “Ардчилсан нам болдоггүй. Улс орныг сүйрүүллээ” гэдэг хар пи-арыг ард түмний дунд маш хүчтэй түгээж ой тоонд нь суулгачихсан. Яг сүйрчихсэн юм уу гэхээр үгүй. Одоо ч гэсэн эдийн засаг хямраад сүйд болсон юм байхгүй. Малчид 2012 онд 41 сая малтай байсан бол одоо 63 сая малтай боллоо. Шатахуун 1700 төгрөг байсан одоо энэ хэвэндээ байна. Долларын ханш өслөө гэнэ. Гэхдээ бүтээн байгуулалт эдийн засгийг сэргээсэн, том үйлдвэрийн газруудын  ашиглалтыг чадавхижуулах  тухайд маш том ажлуудыг хийсэн. Энэ болгоныг харлуулах, болохоо байлаа гэдэг уур амьсгалыг  цаагуур нь битүүгээр ярьж, тархи угаах ажлыг хийж эхэллээ. Түүнд иргэд автагдах байдал ажиглагдаж байна. Сөрөг хүчин өнгөрсөн хугацаанд нүдэнд үзэгдтэл гарт  баригдтал хийсэн юм байхгүй. МАН-д хийсэн хоёр ажил байдаг. Муу сайнаар хэлүүлээд байгаа Н.Энхбаяр ОХУ-ын их өрийг тэглэсэн. Нөгөөх нь шахааны трактор оруулж ирж урт хугацааны зээлээр газар тариаланчдад өгсөн буюу үйлдвэрлэгчдийг дэмжих гэж оролдсон атрын гуравдугаар аян.

-Хийсэн юмаа үзүүлэхээс илүүтэй сэтгэлгээг өөрчлөх гэдэг чухал асуудалтай тулгарч байна гэж болохуу?

-Мянга сонсохоор нэг үз гэдэг монгол ардын зүйр үг байдаг. Энд хийсэн юмыг нүдээрээ үзсэн хүн АН үнэхээр юм хийдэг гэдгийг харж байна. Архангай аймгийн Цэцэрлэгмандалд хотынхоо баруун захад гэр хороололд амьдардаг айл зүүн захаар тавьсан замаа хараагүй байсан тухай энд ирээд сонслоо. Хийсэн юмаа олон түмэнд харуулж сурталчилна гэдэг хар PR хийхээс хамаагүй хүнд хүчир ажил юм байна гэдгийг энэ жишээнээс харж болно. Бас аймаг орон нутаг минь хөгжинө, Монгол Улс баяжих нь баараагүй, томрох нь тодорхой гэдэг итгэл үнэмшил алга байна. Сайхан юм хараад баясаж чадахгүй болтлоо сэтгэлгээний ядууралд оржээ. Хүн хэт бэлэнчилж дээрээс юм унаад ирчих юм шиг төр засагт найдахаасаа илүүтэй өөртөө найдах ийм сэтгэлгээг суулгах хэрэгтэй болжээ. Тэр талаас нь ажиллах болно.  Хүн болгон өөрийнхөө төлөө итгэл үнэмшилтэй  хөдөлмөрлөхөд улс аяндаа хөгжинө.

-Бүсүүдийн чуулган хэр үр дүнтэй болж байна. Мөрийн хөтөлбөртөө тусгах зүйлүүд юу байна вэ?

-Мөрийн хөтөлбөрт тусгах бодлогын чанартай зүйлүүд нэлээдгүй байна. Олон нийтийн зүгээс давтамж ихтэй гарч байгаа хэд хэдэн санаа байна. Төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах талаар анхаарч, сургуулийн орчинд WiFi цахим сүлжээг хязгаарла гэж байна. Мөн санхүүгийн жилийг 10, 11 сараар дуусгадаг болгоё. Тэгэхгүй бол хамаг бүтээн байгуулалтыг хавраас эхлээд намар дуусгадаг учраас одоогийн мөрдөж байгаа хугацаа тохирохгүй байгаа талаар санал гаргаж байна. Ард түмнийг гэгээрүүлэх, бэлэнчлэх сэтгэлгээнээс салгах томоохон хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Монголын ирээдүй Солонгос кино савангийн дуурьт угаагдаж дууслаа. Тиймээс Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц хүн чанар, монгол  хүний чанарыг харуулсан гэрэл гээтэй урлагийн бүтээл кино урлаг, олон ангит уран сайхны кино хийхэд бодлогоор мөнгө гаргаж дэмжээч. Сайн санаж явсан хүний ажил үйлс бүтдэг, муу юм санаж явсан хүнийх бүтдэггүй гэдэг талаас харуулсан бусад олон төрлийн арга хэмжээг явуулах хэрэгтэй гэдгийг иргэд онцолж байна. Түүнчлэн монголчууд бид зуны гурван сард наадаж наргиж байна.  Цаг агаарын онцлогийг харгалзсан үндэсний уламжлалт тоймтой хэдхэн наадмыг товлож  сар өдөр нь тов тодорхой болгон дэлхий даяар зарла. Үүгээр жуулчдаа татах хэрэгтэй. Хөдөөд жуулчид ирэхээр үзэх юмгүй байна. Наадам нь хоёр гуравхан хоног болоод дуусчихдаг. Нөгөө талаар үйлчилгээ үзүүлж байж мөнгө олно гэхээсээ илүүтэй өндөр үнэ, өртөг нэмж үйлчилгээ үзүүлэх байдлаас салах хэрэгтэй. Бага өртгөөр, ирж байгаа хүний тоог нэмэгдүүлэх бодлого барих хэрэгтэйг хэлж байна. Хятад улсын хөгжсөн түүх  маш хямд өртгөөр олон хүн татах. Гэтэл манайх нэг гэрийг, 80-100 мянган төгрөг хүргэж байна. Боломжийн үнэ тогтоож олон хүний эргэлтээр ашиг олдог менежментэд сургах талаар санал гарч байна.Энэ бүх саналыг тэмдэглэж авч байна.

-АН олон фракцтай гэдэг. Таны хувьд олон фракцын үзэл санаанд тохируулж ажиллана гэдэг хүнд байдагуу?

-Дэлхий нийтийн жишигт намууд дотор янз бүрийн чиглэлийн фракц байдаг. Монголын нөхцөлд тэр тусмаа хөдөө орон нутагт фракц байхгүй. Нам нэгдмэл бай­­гаасай гэж хүсдэг. Тиймээс бид манай нам фракцгүй нам гэдгээ зарласан.

-Харин хөдөө орон нутагт намчирхах, фракцлах үзэгдэл илүү, эв нэгдэлгүй байдал бий шүү дээ?

-АН эв нэгдэлгүй дээ  фракц болоод байгаа юм биш. Ил тод ярьчихдаг болохоор тийм нэр зүүгээд байгаа юм. Нам дотроо ярьсан юмыг шууд олон түмэнд мэдээлчихдэг. Мэдээж янз бүрийн зөрчил маргаан аль ч намд байдаг л зүйл. Иргэний зориг-Ногоон нам хэчнээн жил хоорондоо хэрэлдэв. МАН-ын дотоод асуудлыг яримааргүй байна. Гэхдээ биш л байгаа байх. Манайд ч гэсэн зөрчил байж л байна.Тэр болгоныг өлгөж авч яриад байх хэрэгүй байх.

-Сая МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудал дээр АН ард түмнээс оноо алдсан гэдэгт та юу хэлэх вэ?

-Улс төрөөр манай ард түмэн хоол олж идээгүй шүү дээ. Нарийн ярьвал бараг сайдууд байлаа ч байгаагүй ч улс орны ажил явдгаараа явж ард түмний амьдрал үргэлжилж л байна. Улс орны ажил хэн нэгэн улстөрч албан тушаалаасаа огцорсон ч огцроогүй ч ажил цаашдаа явдаг байх тогтолцоонд шилжинэ. Хэн нэгэн сайдаас болоод амьдрал сүйрсэн гэж нэг хэсэг нь албаар ойлгуулж байна. Ард түмэн ч гэсэн хэт туйлширсан хандлагаар хандаж байна. Төр үймснээс болоод хувь хүний амьдрал сүйрсэн мэтээр ойлгуулж байна. Яг үнэндээ бол хувь хүн өөрөө л хөдөлмөрлөх ёстой. Зөв хэрэглээтэй байж олсон мөнгөө зөв зарцуулдаг байх хэрэгтэй. Өнөөдөр цалингийн зээлтэй  хэрнээ iPone 5 утас, машин авч унах нь зөв сонголт уу гэх мэтээр ард иргэдийг байгаа юмаа зөв ашиглаж сурахыг л ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Нөгөө хэсэг нь нээрээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг бас ойлгож эхэлж байна. Энэ бүх бололцоог ардчилал олгосон.

-Хөдөөгүүр явахад малчдын амьдрал ямархуу байна?

-Эдийн засгийн хямрал байхгүй. Хөдөөд амьдрал сайхан болсон.Энэ бол эдийн засгийн хямрал биш сэтгэлгээний хямрал юм. Бэлэнчлэх сэтгэлгээнд сургасныг засах том ажил Ардчилсан намын өмнө ирж байна.

-330 суманд хэзээнээс ажиллах юм бэ?

-Удахгүй энэ ажлаа эхэлнэ.  Дараа нь ард иргэддээ тайлангаа тавина. Бид хийсэн юмтай хэлэх үгтэй нүүр бардам байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25297
0 эможи
keyboard_arrow_up