Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мөнхбат: МАН эрх баригчид шиг бужигнахгүй

2015 оны 9 сарын 23

-МАН хэдийд ч эв нэгдлээ хангаж чаддаг, дүрэм журмаа биелүүлж чаддаг улс төрийн хүчин-

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-УИХ-аас хоёр жилийн өмнө Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулсан. Харин та бүхэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, бүлгээрээ хэлэлцэн, дэмжиж. Намуудын саналыг тусгасан юм уу. Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ, одоогийн холимог тогтолцоогоо хадгалах юм уу. Эсвэл 76 тойрог уу. Та ажлын хэсгийг ахалж байгаа юм байна. Тодорхой хариулт өгөхгүй юу?

-МАН-аас санаачлан Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй бүх улс төрийн хүчний төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Нийтдээ найман өөрчлөлт хийхээр хуулийн төслийг боловсруулсан.

УИХ-аас байгуулагдсан Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн ажил явахгүй байгаа, гурван жилийн өмнө УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шүү дээ. Тийм учраас бүхий л намуудтай санал солилцож, ажлын хэсэг байгуулсны үндсэн дээр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан.

Хуулиараа хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж санал авах ёстой, энэ долоо хоногт өргөн барина.  Засгийн газар 30 хоногийн хугацаанд саналаа өгөх ёстой.

Мөн бид УИХ-ын даргад хандаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулж, хэлэлцэн батлах саналыг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан хүргүүлсэн.

Сонгуулийн тогтолцооны тухайд өнөөгийн холимог тогтолцоо буюу 48х28-ыг олонхи нам дэмжсэн учраас түүнийгээ хөндөхгүй байх шийдэлд хүрсэн. Гэхдээ 48 тойрогт нэг намын хоёр хүн хоорондоо өрсөлддөгийг болиулж, нэг тойрог, нэг мандат буюу 48 жижиг можаритор болгоё гэж санал нэгдэж энэ заалт туссан.

-МАН-ын зүгээс сонгуулийн тогтолцоог 76 тойрог болгохыг чармайж байсан ч чадаагүй гэсэн үг үү?

-Ажлын хэсгийн төвшинд хуулийн төслийг хэлэлцэх үеэр сонгуулийн тогтолцоог тойроод маш олон санал гарсан. Жишээ нь, 48х28-аа хадгалъя, 38х38 болгоё, МАХН Монгол Улсыг нэг том тойрог болгоё гэдэг санал гаргасан. МАН гаргасан санал дээрээ цөөнх болж, олон нам 48х28 хувилбарыг дэмжсэн учраас одоогийн тогтолцоогоо хадгалах нь зөв гэж үзсэн.

-Саналын хуудсыг тоолоход гар тооллогыг давхар ашиглах уу, яах вэ. Төсөлд ямар байдлаар тусгасан юм? 

-Автоматжуулсан машинаар тоолоод гараар давхар тоолъё гэсэн санал дэмжигдсэн. Саналын хуудсыг давхар хоёр аргаар тоолохдоо сонгуулийн хэсэг хороодод камер зоож, мөн хэвлэл, улстөрийн нам, нэр дэвшигчид нээлттэй байлгая. Шаардлагатай гэвэл тойрог, хэсгийн хороон дээр болж байгаа тооллогыг дэлгэцээр шууд дамжуулъя гэсэн заалт оруулсан. Ингэх нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, нээлттэй, шударга тооллого болно. Хоёрдугаарт маргаан гараад шүүхэд очиход камерт шүүгдэж үлдсэн бичлэг юугаар ч хувиргаж болохгүй нотлох баримт болно.

-Гадаадын орнууд ингэж хоёр аргаар тоолдог юм уу, туршлага судалсан уу?

-Европын орнуудын дийлэнх олонхи буюу 90 хувь нь саналын хуудсыг гар тооллогоор хийдэг.  Австралид очоод Сонгуулийн ерөнхий хорооны даргатай нь уулзсан, 27 сая хүн амтай тус улс сонгууль явуулахад саналын хуудсыг гараар тоолдог юм билээ. Саналыг бол интернэтээр авч болдог.

Автоматжуулсан машинаар саналын хуудсыг тоолоход асар их зардал гардаг. Монгол сонгууль хийхдээ Канад руу цаас захиалж хэвлүүлээд авчирхад 20 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Гараар тоолоход бол асуудал байхгүй шүү дээ.

-Өөр ямархуу өөрчлөлт тусгасан бэ?

-Тойрог, хэсгийн хороодын 70 хувьд нь улс төрийн намын төлөөлөл байна, 30 хувьд нь төрийн жинхэнэ албан хаагчид байя гэсэн санал туссан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар төрийн албан хаагчид 100 хувь тойрог, хэсгийн хороодыг бүрдүүлж байгаа. Гэхдээ жинхэнэ төрийн албан хаагчид биш үйлчилгээний албан хаагчид ордог. Бас нэг хатуу заалт нь хэрвээ тойрог, хэсгийн хороодод орсон бүрэлдэхүүн болон төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийг булхай будилаантай болгох алхам хийх юм бол одоогийн хэрэгжиж байгаа хуулиар нэг жилийн хугацаанд төрийн албанд оруулахгүй гэсэн заалттай.  Одоогийн төсөлд бүх насаар нь төрийн албанд ажилд томилохгүй байх ёстой гэсэн заалт туссан.

-Маргаан гарвал яах вэ. Хурдан шийддэггүй сунжрууллаа гээд асуудал яригддаг?

-Сонгуулийн маргааныг хурдан шийдвэрлье, харьяаллыг тодорхой болгохоор тусгасан. Жишээ нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт болсон маргааныг Хан-Уул дүүргийн шүүхэд шийдсэн. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүнгүйгээр шийдсэн. Шүүх хурал явуулахгүйгээр бланкан дээрээ шийдвэр бичээд гарын үсэг зурж тамга дараад хүчин төгөлдөр болгосон. Ингэж 40, 50 мянган сонгогчийн эрхийг хууль бусаар шийдэж болохгүй. Тийм учраас тухайн сонгуулийн тойрог, хэсгийн хороон дээр болсон маргааныг тухайн харьяаллынх нь шүүх шийднэ. Шүүх шийдэхдээ бүрэлдэхүүнгүйгээр шийдэхгүй, гурван шүүгч хуралдаж байж шийддэг байна гэсэн. Мөн сонгуулийн хуулийг боловсруулах шатанд “Улс төрийн намууд сонгууль хийхдээ санхүүжилтэээ төрөөс нэхэж байна” гэдэг асуудал хөндөгдсөн. Энэ асуудлыг боловсронгуй болгохын тулд төрөөс мөнгө гаргуулахаа больё, эдийн засаг хямарсан үед улс төрийн намууд ард түмнээс мөнгө нэхэх эрхгүй гэж үзсэн л дээ. Энэ дагуу хэвлэмэл материалыг нэгдсэн стандартад оруулъя. Нэг хэсэг нь үнэтэй тансаг материал тараадаг, мөнгөгүй нь хэвлүүлж чаддаггүй байдлыг халъя. Тэгэхээр энийг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж, хэвлэмэл материалаа тараах нь зөв гэж үзсэн.

-УИХ-д эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд квотыг нэмэх нь чухал байгаа. Энэ тухайд?

-Жендэрийн асуудал одоогийн хуульд 20 хүртэл хувь байгаа. Энийг ажлын хэсэг дэмжээд 30 хүртэл хувь байж болно гэж үзсэн.

-УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль хамтдаа нэг өдөр зохион байгуулагдах уу?

-УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн найман саналд энэ асуудал ороогүй учраас нийслэлийн сонгууль нь УИХ-ын сонгуультайгаа хамт хуучнаараа үлдэнэ.

Ер нь намуудын зүгээс УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах ёстой гэсэн хатуу байр суурь барьж байгаа.

-Сүүлийн өдрүүдэд Дархан-Уул аймагт Засаг даргаа, ИТХ-ын тэргүүлэгчдийн даргатай нь хамт огцруулсан асуудал анхаарал татах боллоо. Дорнод аймаг ч мөн бужигнаад л байна. МАН энэ асуудлыг юу гэж үзэж байна вэ?

-Дархан-Уул аймгийн Засаг даргыг огцруулсан асуудал бол хууль бус ИТХ хуралдаж шийдсэн асуудал. Харамсалтай нь, Ерөнхий сайд өчигдөр/уржигдар шинээр томилогдсон Засаг даргыг батламжилсан байна лээ. Энэ асуудлыг МАН хуулийн хүрээнд эргүүлж тавьсан. Нам дотор асуудлыг ярилцаж байгаа, МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ.

Ер нь нэг зүйлийг онцлоод хэлэхэд, Засгийн газар орон нутгийн сонгуулийн шийдвэрийн үр дүн, ИТХ-ын шийдвэрт ялгавартай хандаж байгаа. Жишээ нь, Говьсүмбэр аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сард ИТХ-ын нөхөн сонгууль болж, МАН бүх тойрогт үнэмлэхүй ялалт байгуулсан. Өнөөдөр аравдугаар сар гарах гэж байхад нэг ч удаа ИТХ нь хуралддаггүй, Засгийн газар шахалт үзүүлдэггүй, иргэд сонгогчдын саналыг уландаа гишгээд хууль бус засаг дарга, ИТХ засаглалыг хэрэгжүүлээд явж байгаа. Нэг үгээр хэлбэл, энэ Засгийн газар хууль ёсны юмаа шийдэхгүй мөртлөө хууль бус шийдвэрийг 24 цагийн дотор шийдээд явж байгаа нь төрийн хуулийг дээдлэх гүйцэтгэх засаглал, Ерөнхий сайд ямар төвшинд ажиллаж байгаа вэ гэдгийг харуулж байгаа. Тийм учраас энэ асуудлыг Засгийн газартай, Ерөнхий сайдтай хариуцлагын өндөр төвшинд ярих болно.

Дорнод аймгийн хувьд ИТХ-ын даргаа өөрчлөх асуудал яригдсан, намын дотоод асуудал учраас Удирдах зөвлөлөөр ярина.

-МАН-ын гишүүн МАХН-д элсэн орсон гэдэг мэдээлэл гарах болсон. У.Хүрэлсүх гишүүнийг мөн МАХН-д гишүүнээр элсэнэ гэж мэдээлж байна?

-Ийм мэдээлэл цацагдаж байгаа. Аль намд орох нь тухайн гишүүний бүрэн эрхийн нээлттэй асуудал. Нам гишүүнээ бодлогоор барих юм уу, цензурдах боломжгүй. Гэхдээ өнөөдөртөө МАН-ын удирдлагад болон Хүний нөөцийн албанд гишүүдээс намаасаа гарлаа, өөр намд орчихлоо гэсэн албан ёсны хүсэлт, өргөдөл ирүүлээгүй байгаа. 

У.Хүрэлсүх гишүүний тухайд намаасаа гарч өөр намд орно гэсэн асуудал байхгүй болов уу. Саяхан бид уулзсан.

-Ийм мэдээлэл цацагдаад байгаа нь ямар учиртай юм бол?

-МАН эв нэгдэлтэй байхаар Ардчилсан нам шиг бужигнаасай, бутраасай, фракцийн зөрчилд ороосой гэсэн хүсэл сэдлүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ МАН ямар ч цаг үед эв нэгдлээ хангаж чаддаг, дүрэм журмаа биелүүлж чаддаг улс төрийн хүчин. Эрх баригчид шиг бужигнаад байхгүй.

-МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны залуус нэлээн хөдөлгөөнтэй нөхдүүд байна уу. Эсвэл бас л зохион байгуулалттай гүтгэлэгт ороогдоод байна уу. МАН-ын залуус машинаа шатаажээ, биенээ хутгалжээ гээд л аймшигтай мэдээллүүд цацагдах юм?

-Ташаа бөгөөд гүтгэлэгт мэдээлэл. Өвөрхангай аймгийн Сант сумын МАН-ын хороо 2014 оны шилдэг намын байгууллага болсон. Арга хэмжээ нь есдүгээр сарын 11-нд Сант сумын төвд зохион байгуулагдсан.

Харин хоёр иргэн биенээ хутгалсан хэрэг 2015 оны есдүгээр сарын 12-нд гарсан юм билээ. Тухайн суманд болж өнгөрсөн үйл явдлыг МАН-тай холбож гүтгэсэн мэдээлэл тараасан.

Мөн 2015 оны есдүгээр сарын 12-13-ний өдрүүдэд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос Говь-Алтай аймагт 1000 залуусын чуулга уулзалт зохион байгуулсан. Уг арга хэмжээ нь есдүгээр сарын 13-ний 17.00-18.00 цагийн хооронд өндөрлөсөн, цугласан залуучууд гэр гэрийнхээ зүг буцацгаасан.

Гэтэл Говь-Алтай аймгийн НАМЗХ-ны дарга, аймгийн намын хорооны дарга хоорондоо муудалцаж машин шатаасан гэдэг мэдээлэл гарсан.

Ийм мэдээллийг зөвхөн нэг вэб сайтад тавьж байгаа, цаадах эзэн нь эрх баригч хүчнийх.

Эрх барьж байгаа улс төрийн хүчнүүдэд өнөөдөр хийх ажил их байгаа. УИХ-ын ээлжит бус чуулган ямар байдлаар өндөрлөв, чуулганы ирц, идэвхи ямар байдалтай байв, байнгын хороод ажлаа хийж чадаж байна уу. Дээрээс нь эдийн засгийн хямрал гээд шийдэх олон чухал асуудал бий. Ийм байтал орон нутгийн чанартай жижиг зүйлд битгий оролцооч ээ, гүтгэн гүжирдсэн мушгин гуйвуулсан мэдээг битгий тарааж байгаач ээ гэдгийг эрх баригч улс төрийн хүчин, өөрсдийн нөлөөлөлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж тараадгаа болиоч гэдгийг албан ёсоор хэлэх байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25363
0 эможи
keyboard_arrow_up