Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө

2014 оны 5 сарын 06

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит  хуралдаанаа хийж, таван үндсэн асуудлыг хэлэлцсэн талаар өнөөдөр Ардчилсан намын бүлгийн  удирдлагууд мэдээлэл хийх үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө

 

-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл хэлэлцэх үед сөрөг хүчний зүгээс тавьж буй яамдыг орон тоо бүтцийн хувьд цомхотгох асуудал яригдаж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Засгийн газар төсвийн тодотгол оруулж ирэх ёстой. Төсвийн тодотголд яамдын асуудлыг ямар байдлаар оруулж ирэх нь тэдний эрх. Ер нь манай гишүүдийн олонхи Засгийн газрын бүтэц зохион байгуулалт цомхон байлгах тал руу өөрчлөх ёстой гэсэн саналыг дэвшүүлж байгаа нь нууц биш. Үүнийг ярилцъя гэж буй гишүүдиэйгээ  санал нэг байна. Гэхдээ  ч  цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдгийг мөн тооцох ёстой.

-Төмөр замтай холбоотойгоор өргөн нарийн царигийн асуудал яригдах болсон. Олонхийн бүлэг энэ талаар байр сууриа нэгтгэсэн үү?
-Төмөр замын цариг ямар байх вэ гэдгийг шийднэ. Цаг хугацаа хүлээхгүй байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа.

-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Эдийн засгийн өршөөл гэхээсээ илүү ил тод байдлыг хангах тухай гэж ойлгож  байгаа. Засгийн газар дээр энэ хууль боловсруулагдаад богино хугацаанд өргөн баригдах ёстой. Ямар чиглэрээр боловсруулагдаж байгаа мэдээлэл байхгүй. Өргөн баригдмагц бүлэг авч хэлэлцэнэ.

-ҮХАА-н салбарт хийгдэж буй шинэчлэлийг Х.Баттулга сайд үргэлжлүүлэн явуулах нь зөв үү. Аль эсхүл хувь хүний асуудлыг хүндэтгэж үзэх шаардлагатай юу?
-Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт гарч буй ололт, шинэчлэл олон. Гэхдээ Х.Баттулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас эхлээд Засгийн газар нухацтай авч үзэх шаардлагатай. Аливаа нэгэн шинэчлэл, хүсэл эрмэлзэл байгаа эсэхийг Х.Баттулга сайдаас өөрөөс нь асуух ёстой болов уу.

-Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудад Ардчилсан намын бүлэг байр сууриа нэгтгэсэн гэж  мэдээлсэн. Үр дүн нь эсрэг гарсан. Ардчилсан нам дотроо хагаралдаад, фракци хооронд зөрчил их байгаа мэт анзаарагдаж байна?
-Давхар дээл гэж яригдаж байгаа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн анхны өргөн барисан хувилбарыг дэмжинэ гэдэгт Ардчилсан  намын бүлэг байр сууриа нэгтгэсэн. Харамсалтай нь  хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болоход анхны өргөн барисан хувилбар 180 градус эргэсэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн  төсөлд зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно гэсэн байсан бол үндсэн чиг үүргийн  яамдын сайдууд байж болно гэж өөрчлөгдсөн. Мөн 2016 оноос мөрдөнө гэж заасан нь 2014 он болж өөрчлөгдсөн. Тиймээс эцсийн хэлэлцүүлгийн үед Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн анх өргөн барьсан төслийг дэмжинэ гэсэн байр сууриндаа хатуу зогссон  гэж ойлгож болно. Бид аливаа зүйлийг мушгиж болохгүй. Үүгээр далимдуулж Засгийн газрыг унагах хөндлөнгийн өдөөлтөд орохгүй гэдгээ ч илэрхийлсэн. Цаашид ч орох ёсгүй. Өөрийн үнэт зүйл олон байдаг. Өмнө нь хэлж байсанчлан Ардчилсан нам нэг асуудлыг хэзээ ч 100 хувийн дэмжлэгтэйгээр шийдэж байгаагүй. Тиймээс манай бүлгийн зарим гишүүд өөрсдийн үзэл бодлоор саналаа өгснийг буруутгахгүй. Гэхдээ Ардчилсан намын бүлгийн гаргасан эцсийн байр суурь цаашид шийдвэр болж явах ёстой гэдгийг бүгдээрээ ойлгох ёстой.

-Р.Бурмаа гишүүн намын нөхдөөсөө эсрэг санал өгснийхөө төлөө намаасаа хөөгдөх шахсан. З.Энхболд дарга мөн адил үйлдэл гаргасан. Түүнийг намаас хөөх тухай асуудал яригдах уу?
-Намын асуудлыг бүлэг рүү оруулж ярих ёсгүй. Хяналтын ерөнхий хорооны шийдвэр нь дүгнэлт гэдгийг өмнө нь хэлж байсан. Нэгдүгээрт  “намаас хөө” гэсэн шийдвэр биш.Хоёрдугаарт эцсийн шийдвэрийг намын удирдах байгууллага буюу Үндэсний зөвлөлдөх хороо гаргана. Бид нэгэндээ ял тулгах гэж Засгийн эрхийг бариагүй. Үнэхээр намын үндсэн суурь зарчмаа хүндэтгэдэг байх улс төрийн ноён нуруу байх  ёстой. Цаашид манай бүлгийн гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь тэдний асуудал болж үлдэнэ. Гэхдээ асуудал үргэлж Ардчилсан намын шийдвэрээс гажихгүй байх гэж бодож байна.Бидэнд ойлголцох зүйл байгаа нь нууц биш. Үүнийг бидний дунд эвлэж болохооргүй хагарал үүссэн гэж ойлговол  дэндүү өрөөсгөл.

-Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал тавигдсан байгаа.Энэ талаар бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?
-Х.Тэмүүжин сайдтай холбоотой асуудалд Ардчилсан намын бүлгийн байр суурь хэвээр байгаа. Х.Тэмүүжин сайдын хувийн амьдрал руу хэт дайрсан нотолгоогүй зүйл их гарч байгаа талаар өмнө нь хэлж байсан. Дахин хэлэхэд хэн нэгний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хариуцлагын асуудал яригдахгүй. Пүрэв гарагийг нэгдсэн хуралдаанаар энэ асуудал  хэлэлцэгдэнэ.

-Мэргэжлийн хяналтын байгууллагын тоо цөөрвөл энэ байгууллагуудад  орон тооны цомхотгол хийгдэх үү?
-Мэргэжлийн хяналтын   байгууллага бүтцээрээ өөрчлөгдөж, дөрвөн үндсэн чиглэлд хуваагдана.  Орон тооноос гадна энэ байгууллагын ажилчдын цалин хангамж бусадтай давтагдахгүй байх талаар гишүүдийн санал гарсан.Саналыг авч хэлэлцэнэ.

-Ам.долларын ханш хэт өсч байгаатай холбогдуулан сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Ерөнхий сайд  өөрөө оруулж ирэх шаардлагатай юу?
-Ерөнхий сайдын асуудал. Тиймээс Ерөнхий сайдаас үүнийг асуусан нь зөв болов уу.

-Хяналтын хуульд 34-өөс 14 нь байхгүй болно гэхээр аюулгүй байдал алдагдах юм биш биз дээ. Төрийн дарамтыг багасгах нь зөв асуудлыг нөгөө талаас авч үзсэн үү?
-Хяналт сулрах юм биш биз гэдэг талаар яригдсан. Ийм хийдэл гаргахгүй байх талаар ажлын хэсэгт үүрэг өгсөн байгаа.

-Боловсролын тухайд стандарт гэдэгт нь ямар учиртай юм бэ. Кембриж гээд л нэг хэсэг  ярьсан  шүү дээ.
-Монгол хүн, монгол хүүхэд, залуу үеийн тухай ярьж байгаа юм. Стандартын тухайд сургуультай холбож ярьж байгаа юм. Тухайлбал, монголд 100 гаруй их дээд сургууль байх ёстой юу. Нэг үе тооны хойноос хөөцөлддөг байсан бол чанарт шилжье. Цаашид зөв авч явахын тулд ямар стандартыг  баримтлах  зэрэг шийдэх зүйл их байна. Жишээ нь төрийн дөрвөн их дээд сургуулийг дэлхийн стандартад дүйцүүлж, үүнийгээ дэмжих, дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд оруулах сургуулийг монголдоо бий болгох нь зөв гэдэгт бүлгийн гишүүд дэмжиж байгаа юм. Түүнээс ямар нэгэн гадны зүйлийг дуурайсан стандартын талаар ярих ёсгүй.

-Дараагийн ҮХАА-н сайд хэн байх вэ гэдэг асуудал яригдаж байна. Учир нь Х.Баттулга сайдыг   Ардчилсан намынхан хүчээр аваад үлдчих вий гэсэн хардлага байна. Өмнө  Р.Амаржаргал гишүүнийг өргөдлөө өгөхөд хүчээр авч үлдэж байсан. Хүчээр авч үлдсэн хүмүүс ажил хийдэггүйн жишээ энэ болсон. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?
-Дараагийн ҮХАА-н сайд хэн байх талаар эхний асуудлаа цэгцэлж байж ярих ёстой. Хүчээр барьж үлдэх вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Сайдын тухайд Засгийн газар эхлээд ярих ёстой. Х.Баттулга сайд Засгийн газарт өргөдлөө өгсөн. Тиймээс Ерөнхий сайд асуудлаа оруулж ирсний дараа УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2586
0 эможи
keyboard_arrow_up