Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улсын их хурлын гишүүдэд хариуцлага тооцох тухай хуулийг өргөн барих шаардлагатай

2015 оны 12 сарын 11

МҮАН, ИЗНН хамтран “Монголоо босгоё, хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгийг Хууль зүйн хүрээлэнд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт хоёр намын гишүүд, төлөөлөгчид саналаа хэлж, цаашид авах арга хэмжээний талаар хамтдаа ярилцаж, санал бодлоо хуваалцсан юм. Энэ үеэр ИЗНН-ын Тамгын газрын дарга С.Батбаатартай ярилцлаа.

Өнөөдрийн “Монголоо босгоё, Хөгжлийн гарц” нээлттэй хэлэлцүүлгийн зорилгыг та товч танилцуулахгүй юу?

Манай ИЗНН нь эхний ээлжинд МҮАН-тай хамтран улс орныхоо хөгжлийн бодлого- гарцыг тодорхойлох, үүн дээрээ тулгуурласан намын мөрийн хөтөлбөрүүдээ боловсруулах зорилготой юм. Өөрөөр хэлбэл иргэдийн дуу хоолой, санал бодлыг бодитоор мөрийн хөтөлбөртөө тусгах нь бидний эн тэргүүний зорилт юм. Тиймээс бид бүхэн өнөөдөр Монгол улсын өнөөгийн эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдал, ард түмний өрийн дарамт гэх мэт хэд хэдэн асуудлаар санал бодлоо солилцож, боломжийг эрэлхийлэн энд цуглаад байна.

Хэлэлцүүлгээс ямар үр дүн танд ажиглагдав?

Өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлгээр Монгол улсын хөгжлийн чиг хандлага болон нэгдсэн бодлого, төлөвлөлт бидэнд зайлшгүй хэрэгтэй талаар намын гишүүд, мэргэжилтэнгүүд болон иргэд чөлөөтэй санал бодлоо солилцож байгаа нь сайн хэрэг. Мөн жил болгон алдагдалтай төсөв батлаад зогсохгүй гаднаас хэмжээ хязгааргүй өр зээл тавьж, улс орноо барьцаалан өрөнд оруулж байгаад иргэд их эмзэглэж байгаа нь хэлэлцүүлгээс харагдлаа. Ийм хүнд нөхцөл байдлаас бид хэрхэн гарч, улс орноо хөгжүүлж болох талаар иргэд мэргэжилтэнүүдээс тодорхой хэмжээний ойлголт авч чадсан гэж бодож байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг бол дөнгөж эхлэл нь. Бид 2016 оны 1 дүгээр сард Эдийн засагчид болон УИХ-ын гишүүдийг хамарсан илүү том хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Танай нам ирэх 2016 оны сонгуулиар ямар бодлого баримтлах төлөвлөгөөтэй байна вэ?

2016 оны сонгууль болоход тун бага хугацаа үлдсэн байна. Нам болгон өөр өөрийн гэсэн бодлогоо гаргадаг. Гэхдээ яг амьдрал дээр, хөрсөн дээр буусан бодлогыг тодорхойлохын тулд бид энэхүү хэлэлцүүлгээ зохион байгуулсан. Энэ сонгуулийн тоглоомын дүрэм нь тодорхой бус учраас аль ч намууд хүлээлтийн байдалтай байна.

Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тал дээр та ямар санаа бодолтой байна вэ?

Иргэд өнөөдөр яагаад улс төрийн намуудад итгэх итгэл алдарчихав? Яагаад томоохон намууд улс төрийн бодлого ярихаасаа илүү сонгуулийн болон үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд зүтгээд байна вэ гэдэг дээр иргэд сонгогчид шүүн тунгаах цаг болсон.  

Тиймээс үндсэн хууль, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж би хувьдаа үздэг. Гэхдээ өнөөдрийн эрх зүйн чадамж муутай Улсын Их Хурал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад дутагдалтай. Харин үүнийхээ оронд өнөөдрийн эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулах арга замыг хайх ёстой гэж үзэж байна.

Тэгвэл таны бодлоор цаашдаа ямар хуулийн төслийг баталвал зүйтэй вэ?

Өнөөдрийн нөхцөл байдалд хууль өөрчлөхөөсөө илүү Монгол улсыг эдийн засгийн уналтанд оруулж, ард түмнийг өрийн дарамтад унагасан хүмүүст хариуцлага тооцох, хариуцлагын тухай хуулийг хамгийн түрүүнд өргөн барих шаардлагатай байна. Бид бүхэн урьд нь “УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай” хуулийг 2011 онд өргөн барьж байсан. Одоо УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох цаг нь болчихжээ.

Үнэхээр эд нарт өөрсдөд нь зориулсан хариуцлагын тухай хууль, эрх зүйн системийг хамгийн түрүүнд оруулж ирэх шаардлагатай байна. УИХ-ын гишүүдийг татан буулгадаг эрх зүйн орчин өнөөдөр Монголд маш дутмаг байна. Дөрвөн жилээр сонгогдсон УИХ-ын гишүүд  хэнийг ч, юу ч гэж гүтгэн доромжилох,  улс орныг ямар ч зүг чиг рүү хөтлөн явж болохоор тийм нөхцөл байдал бий болсон байна. Тиймээс  манай намын дийлэнх гишүүд хариуцлагын тухай хуулийг өргөн бариасай гэсэн байр суурьтай байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26915
0 эможи
keyboard_arrow_up