Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Сүхжаргалмаа: Парламентад суудалгүй намуудыг доромжилж байна

2015 оны 12 сарын 16

-Сонгуулийн хуулийн төсөлд танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Улстөрийн 22 нам оролцсоноос 20 нь хуулийн төсөлд идэвхтэй оролцсон. Олонхийн саналаар найман санал гаргасныг хуулийн төсөлд тусгуулахаар өгсөн. Сүүлийн үеийн тогтолцооны хүрээнд анх удаа бүх нам хамтран санал гаргасан. Манай нам тэр байр суурьтаа байна.

-“Нааштай найм” гэж нэрлэсэн тэр саналд ямар асуудлууд багтсан бэ?

-Бидний дэвшүүлсэн саналд 48:28  гэсэн  хувилбар явж байгаа. 48-ыг нь жижиг тойргоор хийе гэсэн саналыг олонх дэмжсэн. Сонгуулийн сурталчилгааг төрөөс санхүүжүүлье,  намуудыг нэг гараанаас гаргая гэсэн санал байгаа. Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувь болгоё, автомат машинаар саналын хуудсыг тоолсныг гар тооллогоор баталгаажуулъя гэсэн. Тэрэндээ хатуу зогсоно.

-Одоо УИХ-ын төвшинд ярьж байгаа хуулийн төслүүдээс дэмжиж байгаа болон дэмжихгүй зүйл юу байна? 

-Су.Батболд нар 48:28 гэсэн хувилбарыг оруулж ирсэн байна. Тэр хувилбар тэртэй тэргүй  бидний дэвшүүлсэн саналд бий. Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан төрийн үйлчилгээний албан хаагчдыг ажлаас чөлөөлөхгүйгээр сон­гуульд оролцож, нэр дэвших эрхийг баталгаа­жуулахыг зөв гэж үзэж байгаа. 

-Сонгуулийн суртал­чилгаа хийх хугацааг 15 хоног болгохоор ярьж байна. Энэ бас л иргэдийн сонгох,сонгогдох эрхэнд халдаж байна гэж үзэж болох уу?

-Сонгогдох боломж, бололцоог энэ мэтээр хумисан зохицуулалтыг бид дэмжихгүй. Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа Монголын улс төрийн намууд хүн хүч, хөрөнгө чинээний хувьд эрс ялгаатай. Тэгэхээр 15 хоногт нэр дэвшигчдээ олон түмэнд таниулна гэдэг бараг боломжгүй гэсэн үг. Парламентад суудалгүй намуудын хувьд сурталчилгаа хийх хугацааг 45 хоног болгоё гэсэн байр суурьтай байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуульд нэг сар гэж байгаа. Ер нь нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, улстөрийн намуудын боломж, нөөц бололцоог харгалзах ёстой. Тэгш гарааны зарчим гэж бий. Тэр боломжийг хязгаарлаж болохгүй.

-Орон нутгийн сонгуулийг Их хурлын сонгуультай давхар хийх нь зөв үү?

-Наадах чинь  мөн л тэгш гарааны зарчмыг хязгаарлаж байгаа юм. Яагаад гэвэл хөрөнгө нөөцийн хувьд бусад намууд сонгуулийг зэрэг явуулахад учир дутагдалтай байгаа. Сонгогчдынхоо сонголтыг өргөжүүлэх талаас авч үзвэл, иргэний сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангаж өгөхдөө ийм үүднээс хандвал Үндсэн хуульд заасан хүний эрхийг үгүйсгэж байгаа гэсэн үг.

-Сониноор  сурталчилгаа хийхийг бас л хязгаарласан зүйлүүд хуулийн зарим  төсөлд байгаа. Жишээ нь,гурван хуудас материал тараана гэдгийг та юу гэж ойлгож байна?

-Манай хуулиуд ихэнхдээ тийм шүү дээ. Хуудас л гэнэ, тал нүүр л гэнэ. Энэ талд нь, нөгөө талд нь л гэдэг. Ерөнхийдөө тодорхой тайлбар өгдөггүй. Тэрийг нь яаж ч ойлгож болохоор. Би энэ талаарх орчуулгыг нь СЕХ-нд хийж өгч байсан юм. Орчуулж байхад энэ мэт “бөөс” байсан. Дараа нь түүнийгээ түүх ёстой байдаг. Харин парламентад суудалгүй 20 гаруй  намын ажлын хэсгээс  хамгийн оновчтой санал гаргасан гэж үзэж байгаа. Тэр нь юу вэ гэвэл, төрөөс нэгдсэн журмаар  бүх нэр дэвшигчийн материалыг сонины нэг дугаарт багтаан айл өрх бүрт хүргэх юм.  Энэ нь сонгогчдод тустай. Тиймээс 20 гаруй нам хамтран дэвшүүлсэн энэ хувилбараа бид хамгийн зөв зүйтэй гэж үзэж, баталчихаасай гэж найдаж харж байна. Ингэж зохицуулвал аль нэг нам, нэр дэвшигч дураараа авирлах боломжгүй. Далд хэлбэрээр сурталчилгаа явуулах замыг хаах сайн талтай.

-УИХ-ын төвшинд байгуулж байгаа Сонгуулийн  нэгдсэн ажлын хэсэгт парламентад суудалгүй намуудсаналаа л өгөхөөс биш  орж ажиллах  боломжгүй биз дээ?

-Бидний зүгээс  сонгуулийн хууль тогтоомж дээр ажлын хэсэгт оруулаач гэдэг шаардлагыг бичгээр болон, амаар хэчнээн  удаа өгсөн. Тоогоо алдсан. Ардын нам сөрөг хүчин гэдэг утгаараа намуудыг уулзалтад урьж, нэгдсэн маягаар санал боловсруулсныг зүйтэй гэж үзэж байгаа.

-Хөгжлийн хөтөлбөр, урт хугацааны хөгжлийн бодлогод нэр дэвшигчид болон  намуудын мөрийн хөтөлбөрХөгжлийн үзэл баримтлалтай нийцэж байх гэсэн зарчмыг дэвшүүлсэн байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Зарчим нь ерөнхий­дөө зөв. Нам бүр өөрийн үзэл баримтлал, зорилго, зорилттой. Ийм байж болно. Гэхдээ сүүлийн 25 жилийн манай нийгмийн туршлагыг авч үзвэл бас ч гэж зангидсан нэг бодлого явж иржээ. Тэгж хэлж буйн үндэслэл  нь өнөөдөр эдийн засаг  хэчнээн хямарсан ч Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд очоогүй байна шүү дээ. Тэгэхээр муу, сайн ч гэсэн сонгогчдын саналаар гарч ирсэн  УИХ, тэнд байгаа 76 хүн Хөгжлийн үзэл баримтлал, бодлогоо баталчих юм бол  энэ чиглэлд нэгдсэн том зураг  гарчих болов уу. Гэхдээ бидэнд танилцуулсан эхний хувилбар маш түүхий байсан. Тэнд оролцсон бүх нам энэ саналыг хэлсэн. Тоо баримт дээр ч, бүтэц дээр ч, үзэл баримтлал, стартеги, арга зам дээр тодорхойгүй. Баахан хүслийн жагсаалт биччихсэн байх жишээтэй. Тухайлбал, монгол хүнээ хөгжүүлэх нь хөгжлийн хамгийн том зорилго уу, эсвэл эдийн засгаа хөгжүүлэх үү гэдэгт шинжлэх ухааны үндэстэй нарийвчилсан зүйлүүд харагдаагүй. Манай намын зүгээс  тэнд “Сүүлийн 25 жил сонсоогүй үг гэж алга. Бүгдийг сонслоо. Нөгөө л ярьдгаа ярилаа. Уул уурхай л гэнэ, аялал жуулчлал л гэнэ. Аль нь хаана байна вэ. Арга замаа тодорхойлооч ээ. Үзэл баримтлал, чиглэл болгон дээр өөрийн гэсэн зүйлүүдээ гаргаж тавиад тэрэндээ яаж хүрэх вэ гэдэг стратеги хаана байна. Тэгж яривал хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлоогүй  байна шүү дээ” гэдгийг хэлсэн. Байгаа юм нь Үндсэн хуулийнхаа зорилтыг л тавьчихсан байх жишээтэй. Гэтэл бусад улс орны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,тэдний төлөвлөлт, стратегийн баримт бичгүүдийг харахад ард түмний амьжиргаа гэдэгт гол анхаарал нь явж байдаг. Түүнээс ийм, тийм нийгэм байгуулъя гэдэггүй. Улсаа хөгжүүлнэ, ард түмнийхээ аж байдлыг сайжруулна, сайн сайхан амьдруулна. Нэгэнт хүрсэн төвшнөө бүхий л аргаар хамгаална гэж байдаг. Ерөөс аливаа   улсын үндсэн зорилго  нь тэр байхгүй юу. Гэтэл манайхны гаргаж байгаа бодлогод энэ талын зүйлүүд харагдахгүй байна лээ. Өмнөх Мянганы зорилтод суурилсан хөгжлийн  бодлогодоо дүн шинжилгээ, үнэлгээ хийгээгүй. Хэрэгжүүлж чадаагүй зүйлүүд нь юу болох, яагаад хэрэгжүүлж чадаагүй вэ, ямар бэрхшээл байв  гэдгээ гаргаж ирээгүй. Шинэ гаргаж ирж ирж буй үзэл баримтлалдаа тэр саад бэрхшээлүүдийг арилгасан, хэрэгжилтийг баталгаажуулсан ямар зохицуулалтыг оруулсан бэ гэдэг талаар сонсмоор байна. Тиймээс та нар дахиад танилцуулаач  гэсэн шаардлага тавьсан.

-Төрийн ажилд байгаа дутагдалд та ямар дүгнэлт хийж байна?

-Бид олон хууль, тогтоомжийн танилцуулга, хэлэлцүүлэгт оролцож, сонсч байна. Манай засаг, төрд байгаа нэг алдаа нь өмнөх юмныхаа үр дүн, алдаа, оноонд дүн шинжилгээ хийдэггүй нь хамгийн том дутагдал. Өөрөөр хэлбэл, судалгаа, мэдлэгт суурилсан юм огт хийдэггүй. Энэ маш том дутагдал. Үүнийг засахгүйгээр  улс хөгжихгүй,  урагшлах ч үгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26958
0 эможи
keyboard_arrow_up