Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН хар машинтайгаа эвлэрчээ

2015 оны 12 сарын 21

      Сонгуулийн хар машиныг Монголд ашиглах санаачилга гаргасан нь МАН, харин авчирч ашиглах ажлыг гардан зохион байгуулсан нь АН гэдэг. Аль аль нь дэлхийн дэвшилтэт технологийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч МАН 2012 оны сонгуульд ялагдсан буруугаа хар машинд чихэж, одоо  гар аргаар дахин тоолохыг шаардаж байгаа. Үүний хариуд АН-ынхан, хэрэв сонгуулийн дүнг хар машинаар буруу тоолуулж, хэн нэгэн өөрт ашигтай болгодог байсан бол өнгөрсөн сонгуулиар олонх болох байсан гэж буй. Гэтэл тэднийх олонх болж чадаагүй, 35-хан суудал авч, бусад намтай эвсэж ажиллах гэж үйл тамаа үзэж байгааг ч нэг гишүүн нь ярьжээ.

Хэрүүлийн бай болсон хар машинаас болж төрийн ажил нэлээд цалгардсан тул энэ тухай Ерөнхийлөгчийн өрөөнд ч ярилцацгаажээ. Парламентын ажлыг гацаагаад буй гол шалтгаан нь МАН, тэд сонгуулийн хуулийг яаралтай хэлэлцэн батлахыг шаардаж, хар машинаар тоолсон сонгуулийн дүнг гараар давхар тоолох заалт оруулахыг хүсч буйг спикер Төрийн тэргүүнд дамжуулжээ.

Харин эрх баригчаар хамтарч буй хүчнүүд хуулийг өөрчлөх гэж яарахгүй, бүр өөрчлөх ч шаардлагагүй гэж хэлж байгаа юм. Гэхдээ УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэн батална гэж оруулжээ.  Тэгэхээр ажил гацаасан, гадаа шатаасан хар машинтайгаа МАН-ынхан эвлэрсэн бололтой. Эсвэл тэд олонхтойгоо тохирсон байх. Ямар боловч хуулийн төслийг хэлэлцэхээр болж, өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд МАН-ынхан сууцгаав. Ажил хаялтаа цааш үргэлжлүүлбэл МАН-ын нэр хүндэд сайнаар нөлөөлөхгүй, олонд таалагдсан пи-ар ч биш байлаа. Гэхдээ тэд бодит байдалтай эвлэрсэн үү, эрх баригчидтай  тохироо хийсэн үү гэдэг тодорхой биш. АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн баасан гаригийн орой удтал хуралдсан, хар машины тухай ярилцсан гэсэн таамаг ч бий.Энэ асуултын хариу өнөөдрийн нам, эвслийн бүлгүүдийн хуралдааны дараа тодорхой болох биз.

Сонгуулийн хуулийн төсөл дээр ажиллаж буй ажлын хэсгийн гишүүд өмнө нь 1-2 удаа уулзжээ. Хуралдах бүрт МАН-ынхан очоогүй, ажлын хэсгийн ахлагч А.Бакей, гишүүн Д.Тэрбишдагва хоёроос бусад нь эзгүй байдаг гэнэ. Гэтэл МАН-ын хуралд суух гээд очих бүрт ажлын хэсгийн дарга, бусад гишүүн нь хөдөө, гадаа явсан гээд хуралддаггүй гэж хоёр талаас хэрүүл хийсээр буй. Ажлын хэсгийн ахлагч А.Бакей өнгөрсөн долоо хоногт Япон улсад томилолттой байжээ. Мөн УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын дарга М.Энхболд Сонгуулийн хуулийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж,  2015 онд багтааж Сонгуулийн хуулийг батлахаар заасан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн УИХ-ын даргын захирамжийг сануулсан юм. Тэрээр “Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдахгүй байна. Ажлын хэсгийн даргын эзгүйд хурлын зар тараах төдийгөөр цаг их алдаж байна. Өнөөдөр гадна талд улс төрийн намууд сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шаардаж байна. Ард түмэн сонгуульд өгсөн саналдаа итгэл үнэмшилтэй байх бололцоог УИХ бүрдүүлээд өгөөч гэсэн шаардлагыг тавьж байна. Хар машинаас гадна гараар хяналтын тооллого хийдэг болъё гэсэн санал тавьж байна. СЕХ-ны дарга саналыг гараар давхар тоолох байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ард түмэн төрийн эрхийг барина гэж Үндсэн хуульд заасан. Тэгэхээр ард түмнийг төрийн эрхийг барих үйл явцдаа өөрсдөө итгэл үнэмшилтэй оролцох нөхцөл боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Ганцхан бид ч биш улс төрийн 22 намын 21 нь энэ тухай ярьж, саналаа хэлж байгаа. АН л үүний эсрэг байр суурьтай байна” гэсэн.

Мөн өнгөрсөн баасан гаригт улс төрийн намууд нийлж, Сонгуулийн хуулийн төслийг даруй хэлэлцэхийг шаардаж, жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр барьж суулт зарлаад байна. Гол зохион байгуулагч нь МАН юм. Тэдний жагсаал, тэмцлийн хариуд УИХ Сонгуулийн хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэн нэг мөр болгох нь. Гарах үр дүн нь МАН-ын талд уу, эрх баригчдын хүссэнээр үү гэдэг таашгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27097
0 эможи
keyboard_arrow_up