Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Энхбаярын хөлд чирэгдсэн Ц.Оюунбаатар суудалдаа хэрхэн эргэж суух бэ?

2015 оны 12 сарын 23

Засгийн газрын тэргүүн  холбогдох хуулийн дагуу 30 хоногт багтаан огцорсон сайдынхаа оронд дараачийн хүнийг томилох учиртай. Уг  30 хоногийн тоолуур Г.Шийлэгдамба огцрох өргөдлөө өгснөөс хойш гүйсээр, энэ сарын 6-ны өдөр дууссан. Гэвч өнөөг хүртэл Эрүүл мэнд, спортын салбарын сайд томилогдсонгүй. Мэдээж  хуулийн зохицуулалтаар засгийн газрын  тэргүүн энэ тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээх зохицуулалтгүй учраас  санаа амар явна.

Энэ хугацаанд МАХН-аас  нэгэн цагт Н.Энхбаярын эмч хийж явсан Л.Жамбалжавыг сайдад томилох хүсэлт хүргүүлсэн ч тэтгэвэрт гарсан гэх шалтгаанаар ерөнхий сайд буцаасан. Хоёр дахь хувилбар нь Н.Энхбаяр  Шадар сайд болж, Ц.Оюунбаатар  Эрүүл мэнд, спортын яамыг удирдах хэлбэр. Эхний хувилбарт ерөнхий сайд албан ёсоор татгалзсан хариуг бичгээр өгсөн бол Н.Энхбаяр дээр тодорхой хариулт өгөөгүй байна. 

Гэсэн хэдий ч АТГ-ын өгсөн чиглэлээр Н.Энхбаярыг Шадар сайд болгох  боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Дээрээс нь ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж нэг том  даваа байна.

Ер нь бол Н.Энхбаяр Шадар сайд болж, Ц.Оюунбаатарыг эрүүл мэндийн салбар луу хөрвүүлэх төлөвлөгөө нурах нь хэн хүнд ойлгомжтой болов. Харин яагаад Ч.Сайханбилэг үүнийг албан ёсоор мэдэгдэхгүй байгаа нь сонирхол татаж байна. 

Ингэж байтал хувь заяатайгаа эвлэрсэн МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж, гурав дахь хувилбараа гаргасан  талаар эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш Б.Амарсайхан, Г.Лхагвасүрэн нарыг Эрүүл мэнд спортын сайдаар томилуулах хүсэлтээ ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон байна.  Ерөнхий сайд өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би эрүүл, мэнд, спортын сайдад Г.Лхагвасүрэн гэж мэргэжлийн хүнийг дэвшүүлэх хувилбарыг илүү дэмжиж байсан. Гэтэл МАХН-аас өөр хувилбар оруулж ирсэн" хэмээн онцолсон нь бий. 

Одоо тэгэхээр ерөнхий сайд Н.Энхбаярт татгалзсан хариу өгч, дээрх хоёр мэргэжлийн хүний аль нэгийг нь сонгохоор харагдаж байна. Эрүүл мэндийн салбар төсөв батлагдах, оны төгсгөлд ажлаа дүгнэх зэрэг чухал цаг үеүдэд түр орлон гүйцэтгэгчтэй байлаа. Өдөр тутмын ажил нь  өлгөн явж байгаа ч бодлогын хүрээнд шийдэх асуудлууд овоорч байгааг иргэд шүүмжилсээр байгаа юм. Тиймээс оно гарахаас өмнө энэ салбарыг эзэнтэй болгох нь ерөнхий сайдын тэргүүн зэргийн үүрэг болчихоод байна. 

Харин яг энэ тохиолдолд Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ ерөнхий сайдад хүргүүлсэн Ц.Оюунбаатарын асуудал хэрхэх бэ  гэдэг нь тодорхойгүй байна. Хамгийн сонирхолтой нь эрүүл мэнд, спортын яамыг удирдах боломжтой гэгдэж буй хүмүүсийн нэрсэд түүнийг хэн ч нэрлээгүй. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй эргээд Шадар сайдын суудалдаа очих шаардлага үүсэж буй юм. Гэвч нэгэнт чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн болохоор ямар зохицуулалтаар суудалдаа эргэж очих нь бүрхэг асуудал болж хоцров. 

Яг энэ асуултад тодорхой хариулт өгч чадах хүн ч алга.  Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг эргүүлэн томилох, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эсвэл өөрөө өргөдлөө эргүүлэн татах зэрэг  инээдтэй хэлбэрээр тэр суудалдаа суух бололтой. Ямартай ч Н.Энхбаярын сайд болох хүсэл энэ удаа Ц.Оюунбаатарыг хөлдөө чирсэн үзэгдэл болов. Засагт хамтарсан "Шударга ёс" эвслийн хүчээр нэг удаа торгоож болж байгаа ч цаашид энэ мэт Н.Энхбаярыг дагасан сайдын сэлгээнд оролтгүй болохыг эрхмүүд ойлгоо биз ээ. 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27160
0 эможи
keyboard_arrow_up