Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гуравдагч хүчний орон зай

2016 оны 1 сарын 05

-Одоо төрийн эрхийг бүлэглэн барьж байгаа хүмүүстэй цаашид зам нийлэхгүй гэсэн бодолд захирагдаж ХҮН-ийг сонгож байна-

2016 он бол Монголын улс төрийн хувьд онцгой жил. Энэ хавар парламентын ээлжит сонгууль болно. 2015 он дуусахаас хэдхэн хоногийн өмнө УИХ Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар улс төрийн намууд ирэх сонгуульд оролцох стратегиэ тодорхойлох боломжтой боллоо. 2015 оны сүүлийн Баасан гариг буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулга хараахан хийгдээгүй байна. Гэсэн ч уг хуулийг бэлтгэсэн ажлын хэсгийнхэн хуулийн ерөнхий заалтуудын талаар мэдээлэл хийсэн. Юун түрүүн хамгийн гол зарчмын зүйл нь Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай гэсэн гурван хуулийг хамтатгаад, нэгдсэн нэг хууль болгон гаргасан явдал. Мөн аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулахыг хуульчиллаа. 2012 онд нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулж байсан юм.

Шинэ хуульд туссан гол заалтууд гэвэл сонгууль холимог тогтолцоогоор буюу 48х28 хувилбараар явагдана, сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног байна, автомат машинаар уншуулсан саналын хуудасны 50 хүртэл хувьд техникийн тооллого хийнэ гэсэн заалтууд. Өмнөх хуульд байсан сонгогчийн 28 хувийн санал авсан нэр дэвшигч сонгогдсон гэж үзэх заалтыг үгүй болгохын зэрэгцээ улс төрийн намуудад байсан босго болох сонгогчийн таван хувь хэвээрээ боловч мажоритар хувилбараар буюу тойргоос дор хаяж ганц хүн сонгогдож байж л тухайн улс төрийн нам УИХ-д суудалтай болохоор зохицуулжээ.

Он ч гарлаа, хууль ч батлагдлаа, одоо намууд хөдөлгөөнд орж эхэлнэ. Парламентад суудалтай намуудын хувьд мэдээж хувь, хувьсгалыг хослуулан сонгуулийн сурталчигаагаа аль хэдийнэ эхэлчихсэн. Харин парламентаас гадуурх намын хувьд өнгөрсөн намраас ганц нэг акц хийж байгаа. Эдгээрээс хамгийн том нь сонгуулийн санал тоолох хар машиныг эсэргүүцэн МАН-ын туган дор зохион байгуулалтад орсон явдал байсан.

Сонгууль угтсан намуудын идэвхжил дунд нэгэн содон зүйл байгаа ХҮН хэмээн нэрлэгдэж буй нам. Хөдөлмөрийн үндэсний нам гэсэн нэрээ ХҮН хэмээн товчилсон нь энэ намын эхний нэмэх оноо байсан гэж хэлж болно. Парламентын гаднах бусад нам гэсэн ангилалд багтаж байгаа ч бас ангилал дотроо сондгой байхыг хүсч байгаа нь анзаарагддаг.

Гишүүнчлэлийн хүрээгээ эрчимтэй тэлж буй энэ намын оны өмнөх хамгийн содон мэдээ нь УИХ-ын гишүүн, бие даагч С.Ганбаатар энэ намыг сонгосон явдал байлаа. ХҮН-д элсэх УИХ-ын гишүүдийн тоо С.Ганбаатараар дуусахгүй гэх яриа байгаа. С.Ганбаатарын араас явах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа УИХ-ын гишүүн Г.Уянга “орж ч магадгүй, орохгүй ч байж магадгүй” гэсэн тайлбарыг он шувтрахын алдал хийсэн. Улстөрчдөөс илүүтэй дунд давхаргын гэж хэлж болох ажилтай, мэргэжилтэй сэхээтнүүд энэ нам руу хошуурч байгаа нь юу өгүүлнэ вэ?

Юун түрүүн, Монгол орныг 1990 оноос хойш ээлжлэн удирдаж буй хоёр хүчин болох Ардчилсан нам, эдүгээ хоёр тасраад буй МАХН-МАН-аас иргэд аль хэдийнэ нүүр буруулсаныг илтгэж байна. МАНАН /үүнд МАХН мөн орж байгаа/ гэж товчлон нэрлэдэг улс төрийн хүчин хоорондоо ураг барилдаж, цус ойртон оюун санаа нь мөхөн доройтсон, энэ хүчин Монгол орны өмнө одоо тулгарч байгаа эдийн засаг, улс төр, нийгмийн шийдэх ёстой асуудлуудыг шийдэж чадахгүй гэж үзсэн хүмүүс ХҮН рүү очицгоож байна. Гэхдээ ХҮН өөрөө эдгээр асуудлыг яаж шийдэх, ямар гарц байгаа талаар бэлэн жор санал болгоогүй л байна. Ямар ч байсан одоо төрийн эрхийг бүлэглэн барьж байгаа хүмүүстэй цаашид зам нийлэхгүй гэсэн бодолд захирагдаж улс төрийн ийм шийдэл хийж байгаа болов уу гэсэн таамгыг хийхэд хүргэж байгааг хэлэх хэрэгтэй.

Аймаг орон нутгаар намын салбаруудаа байгуулж, хэвлэл мэдээллээр мэдээлэл тарааж байгаа далайцыг харвал яамгүй хөрөнгө зарж байгааг төвөггүй харж болно. Харин УИХ-ын гишүүн “фэнг-шуй”, “босоо” зэрэг хочит С.Ганбаатар энэ намд элссэн нь үр хойчийнхоо амьдрах эх орныхоо ирээдүйн төлөө сэтгэл зовинодог, төрөөс гарч байгаа бодлого шийдвэрийг засч залруулах юмсан гэсэн бодол тээж, улс төрийн баримжаа хайж байсан, түүнийгээ ХҮН-ээс олж магадгүй гэж тээнэгэлзэж байсан хүмүүсийг шийдвэрээ гаргах хугацаагаа хойшлуулахад хүргэсэн болов уу.

Монголын улс төрд гуравдагч хүчний орон зай байнга үгүйлэгдэж ирсэн. Энэ орон зайг нөхөх, хүчээ өгч болох улс төрийн хүчин гарч ирэхийг хүсэн хүлээдэг олон хүн нийгмийн идэвхгүй хэсэг болон өдий хүрсэн. Иргэний Зориг нам анх үүсэхэд тухайн үедээ гуравдагч хүчин хэмээн хүлээж авч байсныг эргэн санах хэрэгтэй. Үүссэн цагаас парламентад байнга суудалтай байсан бахархалтай түүхтэй ч харамсалтай нь энэ нам өргөжин тэлсэнгүй, ахиж дэвжсэнгүй, парламентын суудлаа ашигтай наймаалсаар өнөөг хүрсэн. Чухамхүү Иргэний Зориг намын өөх ч, булчирхай ч биш байдал Монгол дахь гуравдагч хүчний орон зай гэсэн ойлголтыг саармагжуулсан.

Одоо харин ХҮН гуравдагч хүчин болох уу гэдэг асуулт сонин байна. Иргэний Зориг нам байгуулагдаж байх үетэй харьцуулахад улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нь зайлшгүй шинэ хүчнийг шаардаж байгаа онцгой цаг үе тохиож байгаа учраас ХҮН-ийг хүн болгох боломж бий. Энэ боломж бодит болохын тулд ХҮН юунд зорьж байна вэ, МАНАН-гаас ямар ялгаатай байх вэ, парламентын гаднах бусдаасаа ямар ялгаатай байх вэ, одоо сайхан ярьж байгаа ч ХҮН хэзээ нэгэн цагт МАНАН шиг мангас болохгүй гэх баталгаа байна уу гээд олон асуултад хариу олмоор байна. Гэтэл сонгуулийн санал хураалтын шөнө сонгогчийн үзэгний үзүүр эдгээр асуултад хариулж байж зурдаг билүү. Энэ олон асуултад хариулж толгойгоо гашилгахын оронд ганц сар хэрэглэх шуудай гурил, гар утсанд ирсэн нэгж, дата багцын хэмжээгээр сонголт хийдэг шүү дээ. Мэдээж сонгогчдын боловсрол сонгуулиас сонгуульд дээшилж байгааг үгүйсгэхгүй. Гэсэн ч сэтгэлийг нь хурааж байж, биеийг хураах хэмжээнд очоогүй л байна.

Одоо байгаа үнэн бол МАНАН өнөөг хүртэл хураасан сэтгэлийг ч, биеийг ч алдсан явдал. Тиймээс энэ удаад гуравдагч хүчинд энэ удаа тоглолт хийх орон зай байна. Уг нь МАНАН-гаас бусад нь нийлээд гуравдагч хүчин юм шүү дээ. Харамсалтай нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүн хүч, төлөвшил, соёлын хувьд бүгд нийлээд ч гүрвэлийн дайнаас томорсонгүй. Харин МАНАН энэ хооронд аварга могойн дайтай болсон нь үнэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27380
0 эможи
keyboard_arrow_up