Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.ГАРАМГАЙБААТАР: Бизнесийн МОРГЕЙЖИЙН ЗЭЭЛИЙГ олгож эхэлнэ

2016 оны 1 сарын 12

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөрийн ээлжит хуралдаанаа хийсний дараа мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдэхдээ:

 

Бүлгийн хуралдаанаар уламжлал ёсоор УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын мэдээллийг сонслоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Харин Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж бүлгийн гишүүд үзсэн. Энэ хуулийн төслийг мөн Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн юм.

2016 онд зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн форум”-ын талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцууллаа.  Түүнчлэн Д.Ганбат нарын гишүүдийн өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцэхийг бүлгийн гишүүд 100 хувь дэмжиж, чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Өргөдлийн байнгын хорооны даргын сонгуульт хугацаа дуусгавар болсон тул тус байнгын хорооны даргаар Ардчилсан намын бүлгээс Ж.Батзандан гишүүнийг нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн гэлээ.

С.Одонтуяа: Зарим орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглана

С.Одонтуяа: Бүлгийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцээд, тодотголоор 40 орчим тэрбум төгрөг нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Гэвч байгууллагуудын бэлтгэл муу байгаа талаар иргэдийн зүгээс гомдол санал ирж байгаа. Сервер нь ачааллаа дийлэхгүй байгаа хэдий ч иргэд болон байгууллагуудыг чирэгдэлгүй болгох талаар шуурхай арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд мэдэгдсэн. Бүлгээс Засгийн газарт уг асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр иргэд бүгд татвараа төлдөг, төлсөн татвараасаа эргээд урамшуулал авдаг болно. Хамгийн гол нь далд эдийн засаг ил болно. Мөн Ажилгүй байгаа иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, ажлын байртай болгох тал дээр онцгой анхаарч ажиллахыг Хөдөлмөрийн сайдад үүрэг болголоо.

Өнгөрсөн долоо хоногт Монгол шуудан банкны төрийн өмчийн 34 хувийг нь хувьчлах асуудал зарлагдаад, 6.2 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөж байсан ч 12 тэрбум төгрөг давсан үнийн дүнтэй санал ирсэн. Төр тодорхой тооны өмчөө хувьчилж хөрөнгө босгох ажил амжилттай явж байгааг өнөөдрийн бүлгийн хурал дээр ярьсан.
   
Ипотекийн зээлийн хувьд УИХ-ын дарга болон манай бүлгийн дарга нар тодорхой мэдээлэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд 75 мянга гаруй өрх энэ зээлд хамрагдсанаас ердөө 40 хүн буюу 0.75 хувь нь зээлээ төлөхөд хүндрэл учирсан байгаа. Иймд энэ зээлийг бусад зээлийг бодвол хамгийн эрсдэлгүй, боломжит зээл гэж үзээд, цаашид хүүг нь бууруулах, нийгмийн дунд давхаргын иргэдийг аль болох олноор хамруулахын талаар тодорхой алхмуудыг хийхээр боллоо. Иргэдийн худалдаж авах байранд санаа тавихаас гадна мөн түрээсийн орон сууцны талаар иргэдээс УИХ-ын гишүүдэд санал, хүсэлт их ирж байгаа тул Засгийн газартай ярьж тохиролцоод, зохицуулалт хийж зарим орон сууцыг түрээсийн байр хэлбэрт шилжүүлэх тухай ярьсан. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулснаар иргэдэд очиж байгаа ачаалал төдийлөн буурахгүй. Хэдийгээр тухайн үедээ төлөх төлбөр нь багасч байгаа ч сар бүр төлөх төлбөр нь ихээр нэмэгдэнэ. Иймээс бид хүүг нь бууруулах тооцоо судалгаа хийж ажиллаж байна. Мөн энэ хэлбэрээр байр авах боломжгүй хүмүүс  бий. Жишээ нь: Эмч, багш, цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, мөн өрх тойлгойлсон олон хүүхэдтэй ээжүүд байр авах боломж  муу байдаг. Тиймээс эдгээр хүмүүст  төрөөс  тодорхой хэмжээний тэтгэлэг  олгох боломжтой эсэхийг ипотекийн зээлийн хүрээнд шийдэхийг зорьж байгаа.

Б.Гарамгайбаатар: Түрээсээр орон сууц эзэмшүүлэх асуудал яригдаж байна. Залуу гэр бүлүүд болон өндөр настнуудад илүү хамааралтай энэ асуудлаар удахгүй Засгийн газар шийдвэрээ гаргаж, журмаа боловсруулна. Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт баригдсан орон сууцнуудаас тодорхой хэсгийг нь түрээсийн орон сууцаар ашиглуулах зохицуулалтыг хийж өгнө гэсэн үг. Дээр нь Засгийн газраас бизнесийн моргейжийн зээлийн асуудлыг оруулж ирнэ. Энэ нь жижиг худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээл юм. Тэд түрээсэлж буй ажлын байраа ипотекийн найман хувийн зээлтэй нэгэн адил хүүтэйгээр моргейжийн зээлээр худалдан авах боломж байна гэдгийг судалсны дагуу Засгийн газраас энэ асуудлыг удахгүй бүлэгт танилцуулна. Ардчилсан намын бүлэг энэ хоёр асуудлаар Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдгээ бүлгийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэлээ.
Мэдээллийн дараа гишүүд сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Сэтгүүлч: Хариуцлага тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Ардчилсан намын бүлэг яагаад дэмжсэнгүй вэ? Уг нь баталсан бол дараагийн парламентад хэрэгтэй хууль юм биш үү? Дараагийн УИХ бас иймэрхүү шалтгаанаар хойшлуулах вий дээ ...

Б.Гарамгайбаатар: Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад, энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Нэгэнт холбогдох байнгын хорооноос дэмжлэг авч чадаагүй хуулийн төслийг манай бүлэг мөн хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Хуулийн төслийн зарим заалт нь авч хэрэгжүүлэх боломжгүй байсан. Тэдгээр асуудлыг цэгцэлчих юм бол хэлэлцэж болох юм. Цэгцлэхгүй бол улс төрд “хэрүүлийн алим” тарих нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байна.

Ш.Түвдэндорж: УИХ-ын гишүүнийг иргэдийн гарын үсгээр эргүүлэн татах заалт байсан. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм. Мэргэжлийн байнгын хорооны шийдвэрийг дагах нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Ер нь бол өөрийн тань хэлсэнчлэн энэ асуудлыг дараагийн парламентын бүрэн эрх хэрэгжихээс өмнө буюу ирэх хаврын чуулган эхэлмэгц  хэлэлцэх нь зүйтэй.

Сэтгүүлч: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн өөрчлөлт нь яг ямар өөрчлөлт байгаа юм бол? Банкуудын эрх ашгийг хөндсөн асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ?

Б.Гарамгайбаатар: 
Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс”  эвслийн бүлэг, Иргэний зориг, ногоон намын гишүүд хамтран Иргэний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрөгч баасан гарагт өргөн барьсан. Цэцийн гаргасан дүгнэлтээр өмнө нь мөрдөгдөж байсан хууль хүчингүй болсон. Иймд Монголбанк болон арилжааны банкууд, Банкуудын холбоо ипотекийн болон бусад зээлээ зогсоосон. Дээрх хуулийн төслийг байнгын хороо, УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэж гаргавал ипотекийн зээл эргэн хөдөлгөөнд орж, үйл ажиллагаа нь сэргэнэ гэж үзэж байгаа. Монголын ипотекийн корпораци, Монгол банкуудын холбоо, Монголбанкнаас моргейжийн зээлийн хүүг буулгах боломж бүрдсэн хэмээн албан ёсоор мэдээлсэн. Инфляци 14 хувьтай байхад найман хувиар олгож байсан бол одоо инфляцийн түвшин 2,9 хувь болсон тул  зээлийн хүүг 5 хувь хүртэл бууруулах боломж бий гэж үзэж байгаа юм. Мөн 80 м.кв гэсэн хязгаар  байхгүй болж байгаа.

Таван хувийн ипотекийн зээл хэрэгжиж сарын  530 мянган төгрөгийн орлоготой  өрх энэхүү зээлд хамрагдах боломжтой болно.


Ш.Түвдэндорж: Хуульд өөрчлөлт оруулснаар зээлдэгч банкнаас  зөвшөөрөл авахгүйгээр үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэх буюу бизнесийн орлого олох зорилгоор ашиглах боломжтой хэвээрээ байна. Зөвхөн худалдах, бусдын өмчлөлд шилжүүлэхдээ банкнаас зөвшөөрөл авна гэсэн өөрчлөлт оруулж байгаа.

Сэтгүүлч: Эрүүл мэнд,спортын сайдын асуудлыг хэзээ шийдэх вэ?

Б.Гарамгайбаатар: 
Бид үүнийг Засгийн газрын асуудал гэж үзэж байгаа. Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Бүлгээс  энэ асуудалд анхаарал тавиад, яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн байгаа.
 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Олон нийттэй харилцах хэсэг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27667
0 эможи
keyboard_arrow_up