Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг 100 хувь дэмжсэн

2016 оны 1 сарын 25

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Г.Уянга нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж 100 хувь дэмжжээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболдод сайн дураараа албан тушаалаасаа татгалзахыг шаардсан албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэж, сонгуулийн тойргийн мандатыг хуучнаар нь тогтоох ёстой гэж үзсэн байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийв.

Бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэл байгааг онцлов. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал өргөн баригдах үед гаднаас 850 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байсныг нь мэдсэн. Өмнөх өр зээлээ юунд яаж зарцуулах, хэрхэн төлөхөө шийдэж чадаагүй байж дахин өр тавихаар ярьж байгаа нь хариуцлагагүй асуудал. Улс орноо өрийн ангалд живүүлсэн, Монгол Улсын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн өртэй болсон. Байдал ийм байхад дахин өр тавих гэж байгаа нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд эрсдэл учруулж болзошгүй. Ерөнхий сайд ард түмнийг хуурсан. Ерөнхий сайд нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй гэж амласан хэрнээ татвар нэмж, ард иргэдийнхээ халаас руу гар дүрсэн. Бензин шатахууны үнэ дэлхийн зах зээлд дөрөв дахин, манай улсын хоёр хөршид 40-50 хувиар буурсан байхад Монгол Улсад олигтой буурсангүй. Шатахууны үнийг 250-400 төгрөгөөр бууруулах боломж бүрдсэн. Гэтэл шатахууны үнийг бууруулах боломж бололцоо байсан атал Засгийн газар бензиний импортын онцгой албан татварын дээд хязгаарыг нэмсэн. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдохдоо "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг" гэж хэлж байсан. 2012 онд 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед 7.8 хувьтай, Ч.Сайханбилэгийн засгийн үед 2.0 хувьтай болсон. Төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш түүхэндээ өндөр хэмжээнд хүрч чангарлаа. Улсын төсөвт гурван удаа тодотгол хийсэн.

Засгийн газар нэг тэрбум ам.долларын мах экспортолно гэсэн ч хэрэгжүүлээгүй. Малчдын амьдрал хүндэрсэн, мал аж ахуйн гаралтай түүхий эд, арьс шир, ноос ноолуурын үнэ огцом унасан. Малчид нэг тэрбум ам.долларын мах хэзээ гаргахыг Засгийн газраас асууж хүсэн хүлээж байна. Засгийн газар хүүхдийн мөнгийг олгох талаар зургаан тэрбум төгрөгийн өртөгтэй судалгаа хийсэн. Энэ судалгаанд үндэслэж 300 мянган хүүхдийн мөнгийг олгохгүй гэдэг асуудлыг УИХ-д оруулж ирж ард иргэдийг ихээхэн бухимдуулсан. Мөн авлигатай тэмцэх ажилд ахиц гарсангүй. Үндсэн хуулийн цэцийг авлигадсан, Лексус 570 автомашин өгсөн, сайд нь албан өрөөндөө авлига авч байгаад баригдсан нь үе үеийн Засгийн газрын түүхэнд байгаагүй үйл явдал. Эдгээр асуудал Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28218
0 эможи
keyboard_arrow_up