Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МАХН хамтарч сонгуульд оръё гэвэл бид татгалзахгүй

2016 оны 3 сарын 03

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган хурапдана гэсэн яриа гараад байна. Яг хэдэнд ээлжит бус чуулган орох юм бол?

-Миний хувьд Ховд аймагт тойрогтоо очиж ажиллаад өчигдөр (уржигдар) ирлээ. Энэ талаарх мэдээллийг дөнгөж сонсоод л байж байна.

-Ээлжит бус чуулган зарлачихвал МАН-ын бүлэг оролцох уу. Өмнөх ээлжит бус чуулганд оролцоогүй шүү дээ?

-Ээлжит бус чуулганаар аль асуудлыг хэлэлцэхэд ямар шаардлага байна вэ гэдгийг нь эхэлж сонсоно. Үнэхээр нэн яаралтай улс орны өмнө тулгамдсан, давагдашгүй хүчин зүйл бий болсон гэж үзвэл оролцоод явах байх. Түүнээс биш нөгөө л сандал ширээ, албан тушаалын асуудлыг ярина гэвэл ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй.

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барих гэж байна. Уг хуулийн төсөлд жагсаалтын 28 мандатын зургааг нь нийслэлд нэмэхээр тусгаад байгаа юм билээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг заалт Сонгуулийн хуулиас хасагдсан хэдий ч НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрт Монгол Улс нэгдэн орсон. Тэр утгаараа УИХ-ын тогтоол гарсан байдаг л даа. Уг тогтоолд сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт өнөө хэр хэвээрээ байгаа. Ингээд үзэхээр нэг талаасаа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй.

-Нөгөө нэг тал нь юу юм?

-УИХ-ын гишүүн тус бүртээ өөрийн эрх ашгаа хангахын тулд өөрт таалагдсан байдлаар хуулийн төсөл өргөн бариад байх юм уу. Их хуралд сууж байгаа 76 гишүүн минь тус бүртээ ийм хууль өргөн баривал яах юм. Тэгэхдээ хүрвэл би ч гэсэн 76 мажоритар тойрогтой болъё гэдэг хуулийн төслийг боловсруулъя гэж бодож байна. Хуулийн төсөл нь бараг бэлэн болсон байгаа.

-Одоо тэгэхээр яах ёстой вэ?

-Нэгэнт тогтсон жишиг, өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хууль эрхзүйн актууд үйлчилж байна. Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж заачихаад байхад өөртөө тааруулж хууль өөрчлөх гээд “чичрээд” байх шаардлагагүй.

-Хуулийн төсөл санаачлагч Ш.Түвдэндорж гишүүнээс ярилцлага авахад “УИХ-аас баталсан хууль нь тогтоолоосоо илүү хүчин чадалтай гэж би ойлгож байна” гэж хэлсэн л дээ?

-УИХ-ын баталж гаргасан аливаа хууль, тогтоомж адил хүчин төгөлдөр байдаг. Тэгээд ч өмнө нь тогтсон жишгээ бодсон ч Сонгуулийн хуулийг өөрчлөх гээд зүтгэх ямар ч шаардлагагүй. Энэ нь өөрөө ёс зүйгүй л үйлдэл болох гээд байна. 

-Сандал ширээ, албан тушаалын асуудлыг ээлжит бус чуулган зарлаж шийдэх гэж байгаа бол орохгүй гэдгээ хэллээ. Хэрэв Сонгуулийн хуулийг хэлэлцэхээр болбол танай бүлэг оролцох уу?

-Ийм утгагүй байж болохгүй. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй.

-Банкуудын зүгээс ипотекийн зээлийн хүүг таван хувь болгоно гэж улстөрчид яаран зарласнаар хүлээлт үүсгээд байна. Одоо ипотекийн зээлийг таван хувь руу шилжүүлэхэд ямар ч бэлтгэл алга гэдгийг банкуудын төлөөлөл хэлсэн. Та ямар бодолтой байна вэ?

-Ипотекийн зээл үндсэндээ 2006 оноос олгогдож эхэлсэн. Бид 2004 онд гэхэд л төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц хөтөлбөрийг ярьдаг байсан. 2008 онд 40 мянган айлын орон сууц хөтөлбөр ярьдаг байлаа. Харин 2010 онд Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Уг хөтөлбөртөө Монгол Улсын 21 аймгийг 5700 км хатуу хучилттай авто замаар холбоё, Монгол Улсын 330 сум, суурин газрыг шинэчилье, мөн 100 мянган айлын орон сууц барья.

Түүний 80 мянгыг нь Улаанбаатарт, 20 мянгыг нь орон нутагт барьж байгуулъя гэдэг зорилт дэвшүүлсэн. Үндсэндээ ипотекийн зээл тэр үеэс олгогдож эхэлсэн. С.Батболдын Засгийн газрын үед зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдож эхэлсэн бол өнөөдөр найман хувийн хүүтэй болоод үргэлжилж байна. Үүний хүртээмж нь нэмэгдсэн. 

Тиймээс төрийн бодлого амжилттай хэрэгжээд явж байгаагийн жишээ энэ бөгөөд үндсэндээ 100 мянган айлын орон сууц баригдаад, ашиглалтад орчихлоо. Өнөөдрийн байдлаар 15 мянган айл орон сууцанд орох гээд хүлээгдэж байна. Ийм үед л бид зээлийг хурдан өгөх  ёстой гэдэг төрийн бодлого хэвээрээ байгаа.

Өнгөрөгч оны наймдугаар сард нэг иргэн ҮХЦ-д өргөдөл өгснөөр ипотекийн зээл зогслоо гээд иргэдийн дунд бухимдал үүссэн. Энэ асуудлыг нь УИХ засч залруулан нэгдүгээр сард шийдвэрээ гаргачихсан. Тэр бүү хэл найм биш таван хувийн хүүтэй зээл олгох боломжтой гээд хуульд нь тусгаад тодорхой хэмжээний эх үүсвэрийг нь шийдээд өгсөн. Харин уг зээл олгогдохгүй цаг алдаад байгаа нь учир дутагдалтай байна л даа. Явж байсан зээлийг хэн зогсоолоо доо.

-ҮХЦ, МАН хоёр уу...

-Арилжааны банкууд, Банкнуудын холбоо, Монголбанк өөрсдөө зогсоосон. УИХ тэдэнд таалагдах хуулийг нь цаг алдалгүй шуурхай батлаад өгсөн. Аль нэг сард найм биш таван хувийн хүүтэй зээл олгож болох юм байна гэдгийг нь шийдэж өгчихөөд байхад Засгийн газар, Монгол банк маш удаан ажиллаж байна. Шинэ зүйл зохиогоогүй шүү дээ. Өмнө нь байсан зүйлийг л цааш нь үргэлжлүүлэх гэж байгаа юм. Яагаад энэ асуудлаа даруйхан шийдээд явахгүй хугацаа алдаад байна вэ гэдэгт л санаа зовж байна.

-Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах нь буруу. Инфляци нэмэгдэх үед яах юм гэдэг асуудлыг эдийн засагчид тавьж байгаа. Сонгууль ойртсон болохоор улс төрийн намууд иргэдэд таалагдах шийдвэрийг гаргаж байна гэж шүүмжлэх юм?

-Монгол Улсын иргэн бүр өр зээлтэй болчихлоо. Тэр бүү хэл улсаараа өрөнд орчихлоо гэдгийг МАН-ын бүлэг эртнээс хэлж ирсэн. Дэлхийд өрөөрөө тэргүүлдэг хоёр орны нэг болчихлоо үүнийг шийдэх ёстой гэж бид байнга ярьдаг. Ховд аймагт иргэдтэй уулзаад явж байхдаа “Зээлгүй хүн байна уу. Гараа өргө дөө” гэхэд нэг ч хүн гар өргөөгүй. “Зээлтэй хүн байна уу” гэхэд бүгд гар өргөж байна. Бид улсаараа зээлтэй байгааг харуулж байгаа энгийн нэг баталгаа энэ юм. Зээл аваад хэрэглэсэн бол түүнийгээ заавал төлөх үүрэгтэй.

Харин зээлийн хүүг нь тодорхой хэмжээнд буулгаж эдийн засгийн хямралтай үед ард түмнийхээ амьдралд жаахан ч гэсэн дэм болох ёстой гээд 2014 оноос хойш тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлага тавьсан. Мөн малчны зээлийн хүүг бууруулах шаардлагыг тавьсан ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл буурахгүй байгаа. мөнгөний бодлого баталж байхад Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “боломжгүй” гэж байсан ч он гарсны дараа УИХ-ын дарга “Ипотекийн зээлийн хүүг тав болгон буулга” гэхэд “Болно” гэж хэлсэн.

Нэгэнт инфляци буурсан гэж үзээд ипотекийн зээлийн хүүг буулгаж болно гэж үзэж байгаа бол бусад зээлийн хүүг буулгах ёстой гэсэн шаардлага тавьсан. Тухайлбал Монгол Улсад тэтгэвэрийн зээлтэй 216 мянган иргэн 438 тэрбум төгрөгийн зээлтэй байна. 

20 орчим хувийн хүүтэй тэтгэврийн энэ зээл буух боломжтой. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэЛ 600 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад жилийн 10 хувийн хүүтэй байршиж байна.

Арилжааны банкуудын нэмэгдэл зардлыг шингээгээд ахма дуудад 5-6 хувийн хүүтэй зээлүүлэх боломжтой. Харин орон сууцны зээлтэй 70 гаруй мянган иргэн гурван их наяд 300 тэрбум төгрөгийн өртэй байна. 82 мянган малчин 260 тэрбум төгрөгийн өртэй явж л байгаа юм. Хүү нь 31 хувь байх жишээтэй. Энэ бүхэн буух боломжтой. Гэтэл одоо ганцхан малчны зээлийн хүү буурах боломжгой гэж байгаа юм. Инфляци буурсан юм чинь ганцхан малчны зээлийн хүүг бууруулъя гэж асуудалд хандаж болохгүй.

-Гэхдээ банкныхан зээлийн хүүг бууруулах тал дээр тийм ч таатай хандахгүй байна. Магадгүй өөрсдийнх нь эрх ашгийн асуудал цаана нь яваа болохоор тэгээд байгаа юм болов уу?

-Банкууд өөрийн хөрөнгөөс гадна харилцагч, хадгаламж эзэмшигчдээс хөрөнгө татан төвлөрүүлдэг. Татан төвлөрүүлсэн хөрөнгийнх нь зардал өндөр байдаг. Хадгаламжийн хүүгийн зардал дээр өөрсдийн үйл ажиллагааны зардал, тодорхой хэмжээний ашгаа нэмээд иргэн болон аж ахуйн нэгжүүдэд зээл өгдөг. Гэтэл өндөр хүүтэй мөнгө татан төвлөрүүлснээс болоод боломж бололцоо бага байж болно. Гэхдээ яагаад өндөр хүүтэй мөнгө татан төвлөрүүлээд байгаа юм бэ гэхээр инфляцийн түвшинтэй тодорхой хэмжээгээр уялддаг.

-Ам.долларын ханш 2044 төгрөгтэй тэнцэж байна. УИХ дахь нам эвслийн бүлгүүд хамтарч хазаараа алдсан ноён долларыг аргамжих арга сүвэгчлэхгүй юм уу. Ингээд цаашаа өсөөд явах юм уу?

-Ам.долларын ханш төрийн бодлогын алдааны улмаас өсч байна. Тийм болохоор эдийн засгаа тэлэх, гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэдний итгэлийг сэргээх талын бодлогын асуудлуудаа шийдэх ёстой. Тэгж чадвал ам.долларын ханш тогтоно. Харамсалтай нь Монгол Улсад итгэж хөрөнгө оруулах гадныхан алга.

-МАН, МАХН хоёр хамтраад “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэлээ. Хүмүүсийн харж байгаагаар хоёр нам нэгдэх эхний алхам боллоо гэж байсан бол МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёр нам нэгдэх боломжгүй. Сонгуульд хамтран орох боломжтой” гэдгийг  тайлбарласан. Сонгуульд хамтарч орох юм уу?

-Хоёр нам хамтарч “Эх орончдын баяр”-ыг тэмдэглэсэн юм биш. МАН-ын баяр буюу “Эх орончдын баяр”-ыг өчигдөр (уржигдар) тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл 1921 онд МАН байгуулагдсан. МАН байгуулагдсан төрсөн өдрийг МАХН хамтарч тэмдэглэсэн. Энэ бол МАН-ын баяр.

-Сонгуульд хамтарч орох боломж байгаа юм уу?

-Манай зүгээс улс орны эрх ашгийн үүднээс эвсэж нэгдье, хамтаръя гэдэг саналыг тавьж л байна. МАХН хамтарч сонгуульд оръё гэвэл бид татгалзахгүй. Улс эх орныхоо том эрх ашгийг өмнөө тавиад явахад болохгүй зүйл байхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29616
0 эможи
keyboard_arrow_up