Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Дорлигжав: Фракцийг бус бодлогыг дэмждэг нам байя

2016 оны 3 сарын 09

Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаанд Хууль Зүйн сайд Д.Дорлигжав оролцлоо. Хурлын эхэнд тэрээр эрхзүйн шинэчлэлийн хүрээнд санаачлан батлуулсан хуулиудын талаар товч танилцуулсан. Ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол заалтуудын нэг болох Эрхзүйн шинэчлэлийн гол хуулиуд батлагдсан, хууль хэрэгжүүлэх хүрээний бусад ажлууд цогцоор хийгдэж байгаа гэдгийг сайд Д.Дорлигжав ярилаа.

Мөн сайд  Д.Дорлигжав Ардчилсан Нам фракцийг биш бодлогыг дэмждэг нам байх ёстой гээд энэ талаар уриалга гаргаж байгаагаа танилцуулав.

Тэрээр “ Өнөөдөр намууд фракцуудад хуваагдаж, фракцийн эрх ашгаар шийдвэр гаргадаг болсон нь зөвхөн тухайн намын дотоод асуудал биш болчихоод байна. Энэ нь цаашаа яваад төр засгийн байгууллагын доголдол болж хувирлаа. Фракцаар дамжаад нам дотор үүсч байгаа нөхцөл байдал нь  иргэдийг ч хагаруулах хортой зүйл болж байна.

Хэний фракц хүчтэй байна тэр нь  албан тушаалд хүн тавьж байна. Фракцийн хүн гэдэг дэмжлэг байхаас биш тухайн хүн мэдлэг  чадвар нь ямар байх,  дадлага туршлагатай эсэх,  зан суртахуун нь ямар вэ зэргийг харгалзахгүйгээр төрийн хариуцлагатай албанд томилж байна.  Энэнээс болоод төрийн ажил гацдаг, хэрүүл даамжирдаг, нам дотроо хагардаг, найз нөхөд ч хоорондоо мууддаг.

Намын дарга З. Энхболд дарга энэ байдлыг зөв олж харж, намын дарга болонгуутаа фракцгүй нам больё гэсэн, манай нөхөд ч тэгье гэж дуугарч байсан. Үнэн хэрэг дээрээ тэр фракц нь алга болохгүй амь бөхтэй оршиж байна. Сүүлийн үед шинээр ч төрөх болов.“АН шинэлэг зоримог байж , ажил хийж чадаж байна. Гагцхүү том алдаа бол фракцуудын хуваагдал” гэж  ард түмэн  шүүмжилж байна.

Тиймээс би  хамгийн түрүүн АН, цаашлаад бүх намуудад хандан уриалж байна. Фракц гэдэг юмаа алга болгоё. Энэ “өвчин”-өөс салгаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Энэ бол улс орны эрх ашгийн асуудал” гээд фракцгүй нам болохын тулд АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах төсөл санал болгож байгаагаа танилцуулав.

“Бид илүү нээлттэй байж, гишүүн бүр өөрийн чадвар боломжийг харуулж, зөв өрсөлдөөн, бодлогын уралдаанд өөрийгөө сорих боломжийг нээе.  Бид өөрсдөө дотроосоо өөрчлөгдөж, намаа эрүүл тогтолцоо руу шилжүүлж,  нийгэмд үнэлэгдэх, эрүүл сэтгэлгээтэй зөв хүмүүс ур чадвараар тодрон гарч ирэх боломж энэ дүрмийн өөрчлөлтөөр гарч ирэх юм” гэдгийг онцоллоо.

Уг дүрмийн өөрчлөлтийн үзэл баримтлал, төслийг танилцуулсны дараа хуралд оролцогчдын асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнөсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29814
0 эможи
keyboard_arrow_up