Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тэрбишдагва: Шударга биш шийдвэр Шударга ёс эвслээс гарахыг шахаж байна

2016 оны 5 сарын 03

УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагватай ярилцлаа

-УИХ Үндсэн хуулийн Цэцийн тавдугаар дүгнэлтийг хэлэлцэх ёстой. Гэсэн ч “Шударга ёс” эвсэл завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусаагүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилж байна. Уг нь өнгөрөгч долоо хоногт асуудлаа хэлэлцээд хүлээгээд авсан бол Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэж байсан. Хугацаа бага үлдлээ дээ?

-“Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авах уу, үгүй юу гэдгийг   олон  түмэн анхааралтай ажиглаж байсан байх.  Уг нь Цэц нэгэнт шийдвэрээ гаргасан байхад  завсарлага авч, хугацаа алдах хэрэггүй  байлаа.  Миний хувьд  бүлгийн хурал дээр завсарлага авахыг дэмжихгүй гэдгээ  илэрхийлж, цөөнх болсон л доо. Ганцаараа эсрэг зүйл яриад, багийн тоглолтоосоо гажлаа гэж   буруутгаж л байгаа байх. Сонгууль дөхсөн, намаа л бодох хэрэгтэй гээд  өдийг хүртэл баримталж ирсэн үзэл бодлоосоо ухарч, байр сууриасаа холбироод байж болохгүй.  Тууштай байдлыг эрхэмлэдэг гэчихээд туйлбаргүй аашилмааргүй байна.  Би чинь  2012 оны их “сунгаа”ны өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог батлахад Үндсэн  хууль зөрчөөд байна гэж шүүмжилж  байсан. Энэ итгэл үнэмшилийнхээ дагуу  намын жагсаалтанд яасан ч орохгүй гээд Сонгинохайрхан дүүрэгтээ нэр дэвшихийн зэрэгцээ бусад намуудын удирдлагуудыг тойрогт  өрсөлдөхийг уриалж байлаа. Уг нь МАХН-ын дэд дарга учраас жагсаалтын дээгүүрт эрэмбэлэгдэх бололцоотой л байсан. Биеийн амрыг харж, бас  Үндсэн хуулиа зөрчиж хууль тогтоох дээд байгууллагын босгыг алхахыг хүсээгүй.

Энэ удаагийн парламентаар дахиад л Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэхэд  холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчиж байна хэмээн сануулсан  ч дэмжлэг аваагүй.  Аргаа бараад сонгуульд  нэр дэвшигчдийг ард түмнээрээ эрэмбэлүүлчихье, тэгээд хамгийн олон хүний дэмжлэг авсан 76 нэр дэвшигч  парламентад сонгогдог гэж саналаа хэлж байсныг сэтгүүлч та нар  санаж байгаа байх.

 Цэцийн дүгнэлт гарахаас өмнө намуудын удирдлагуудад 2012 оны уриалгаа дахин сануулж, “ЛИДЕР ҮҮ, ЛОЙДОР УУ” гэдгээ тойрогт нэр дэвшиж харуулах хэрэгтэй гэж зарласан юм.

Ийм байр суурьтай байсан байж Үндсэн хуулийн цэц пропорциональ хэлбэр   “эцэг” хуулийн шууд сонгоно гэсэн заалттай зөрчилдөж байгааг тогтоочихоод байхад дэмжихгүй,  бүлгээ завсарлага ав гээд сууж байж болохгүй.  Бас иргэд сонгогчдынхоо  “Намын жагсаалтын ард нуугдаж, түшээд болдогийг болиулмаар байна” гэсэн захиасыг мартаж ёсгүй.

Намын нэрсийн жагсаалтаар сонгогдох нь ҮНДСЭН  ХУУЛЬ зөрчөөд байна гэдгийг зөвхөн Үндсэн хуулийн цэц мэдэж шийдээд   байгаа юм биш, нийт иргэд ч  ийм байр суурьтай байгаа. Харин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч, ард түмний дуу хоолой төрд хүрлээ. Ямартай ч миний хувьд түмэн олонтойгоо   ижил санаа бодолтой төдийгүй нэг завин дээр сууж, тэдний дуу хоолой болж яваа.

 -Таны хувьд хожимдсон шийдвэр байлаа гэж үзэж байгаа юм уу?

-Харин ч  Үндсэн хуулийн Цэц оройтож шийдвэр гаргаж байна. Хэн нэгэн гомдол гаргахгүй бол хэлэлцэхгүй өнөөдрийг хүрсэн бололтой юм. Хэдийгээр сонгуулийн цаг хугацаа ойртсон  ч гэлээ  Цэц   Үндсэн хуульд нийцүүлсэн шийдвэр гаргаж, “манаач”-ийнхаа  үүргийг биелүүллээ.

-Та 2012 онд бүгдээрээ тойрогт очиж өрсөлдье гэдэг уриалга гаргаж байсан. Таны уриалга одоо л биеллээ олох цаг ойртож байгаа юм байна  гэж харагдаад байгаа. Та бүлэг дээрээ ширүүхэн үг хэлсэн гэл үү?

-Тийм ээ. Хууль, зарчим алдагдахаар замбараагүй байдал руу хэлбийдэг нь жам юм байна.  Миний унаган багийн хүмүүмжил ч тэр, хууль ёсыг дээдэлдэг Германд боловсрол эзэмшиж төлөвшсөн болоод ч тэрүү хууль зөрчсөн шийдвэр болгоныг эсэргүүцдэг. Стандарт бус Засгийн газар байгуулагдахад ч тэр, сонгуулийн холимог тогтолцоог  сонгоход ч эсрэг байр суурьтай л байсан. Нэг гажуудлыг  нь засахаар болж байхад  “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авахаар болсон учраас шүүмжилсэн юм.  Хатуухан үг хэлсэн нь  ч үнэн.

 -“Шударга ёс” эвслийн бүлэг Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор завсарлага авах болсон гол шалтгаан нь юу байв. Өнгөрөгч баасан гаригт МАХН, МҮАН, ИЗНН гэхэд л Цэцийн дүгнэлтийг эсэргүүцэн Чингэсийн талбайд жагсаал хийж байсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч мөн эсэргүүцэж байгаагаа хэлж байгаа харагдсан?

- Завсарлага авсан шалтгааныг  олж харахгүй байгаа. Хувь улстөрч юу хэлэх нь тухайн хүний л шийдэх хэрэг.  Тэр хүмүүс өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа байлгүй дээ.

  -Цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд жагсаалтын 28 гишүүн яах вэ гэдэг нь бүрхэг байна. Гэхдээ УИХ-ын гишүүний тангараг өргөн бүрэн эрх нь баталгаажсанаас хойш дараагийн УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр бүрэн эрх нь дуусгавар болно гэсэн Үндсэн хуулийн заалт бий болохоор нэг талаасаа хамаагүй ч юм шиг санагдах юм?

- Хууль буцаж үйлчлэхгүй.  Тийм болохоор хүчингүй болно гэсэн асуудал байхгүй л болов уу. Яахав, логик утгаар аваад үзвэл намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүд, сайдууд, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга хүчин төгөлдөр биш гэж ойлгогдохоор л доо.  Анхнаасаа л Үндсэн хууль зөрчсөн сонгууль хийж болохгүй  байсан юм. Холимог тогтолцоог сонгоё гэвэл эхлээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж шийдэх ёстой байсан ч цөөнхийнхөө байр суурийг тоохгүй, олон түмнийхээ дуу хоолойг сонсохгүй, олонхиороо хүч түрэн батлаад л сонгууль явуулсан. Үүний балгаар  өнөөдөр ард иргэдийн төрд итгэх итгэл улам алдарч, дөрвөн жил хууль бус төр засагтай байсан юм шиг ойлголтыг төрүүлж байна. Үндсэн хуулийг зөрчиж холимог тогтолцоогоор сонгууль явуулаад эцэст  нь ямархуу байдалд хүрэв. Бас стандарт бус засаг байгуулаад хэрхэн МАНАН татуулсныг олон түмэн хэлүүлтгүй мэдэж байгаа. Энэ мэтчилэнгээр хууль зөрчсөн шийдвэр гарсны дараа эмх замбараагүй байдал газар авч, тодорхой хэсэг бүлэг л үр өгөөжийг хүртэж, олон нийт хохирлыг нь үүрдэг. Тийм болохоор хууль, зарчимаа ягштал биелүүлдэг, дагадаг, мөрддөг байх ёстой.

-Тодорхой хэсэг бүлэг гэдэг нь?

-Хуйвалдаж, тохирч хууль зөрчсөн шийдвэр гаргах нь тухайн хүмүүстээ  хэрэгтэй ч,   ард түмэнд  хохиролтой,  Монголын эрх ашигт халтай.   

-Өнгөрөгч долоо хоногт “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөтгөсөн хурал болсон. Баасан гаригт МАХН сонгуульд орох хүсэлт болон мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өгсөн. Эдгээр үйл явдал дээр таныг болон Ч.Улаан гишүүнийг ирээгүйд олон хүн гайхаж байна л даа. Ямар шалтгаанаар очоогүй юм бэ?

-Юунд нь гайхна гэж. Бүлгийн өргөтгөсөн хуралд олон хүмүүс оролцсон учраас ганц хоёр гишүүн очоогүйг онцгойлон авч үзэх шаардлагагүй.

 -“Шударга ёс” эвслийн бүлэг даргаа солино гэж эртнээс яригдсан. Таныг бүлгийн дарга болгох ёстой гэж ярьж байсан ч О.Баасанхүү гишүүн бүлгийн дарга боллоо. Бүлгийн даргын асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

- Бүлгийн дарга болохгүй гэдгээ ч, намын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ ч   оны өмнө илэрхийлсэн шүү дээ. “Шударга ёс” эвслийн бүлэг шийдвэрээ гаргаад О.Баасанхүү гишүүнийг бүлгийн дарга боллоо гээд чуулган дээр албан ёсоор танилцуулсан. Өмнөх дарга нь сайдын алба хашиж байгаа учраас ажлын ачаалал ч ихтэй байгаа байх. Өөрчилж, шинэ даргатай болсныг дэмжиж байгаа. Гэтэл дөнгөж дарга болоод  ард түмнийхээ хүсэл зорилгын эсрэг байж, завсарлага авч гацааж байгааг хараад харамсч байна. Өөрөө жагсаалтаар  парламентын босгыг алхаж  орж ирсэн учраас ард түмнээсээ сонгогдох, тойрогт өрсөлдөхийг дэмжихгүй  байгаа юм байлгүй дээ.

 -МАН, МАХН эвсэж сонгуульд орох асуудал дээр ажлын хэсэг гарсан ч эцсийн шийдвэр эвсэх шаардлагагүй гэж үзсэн. Ажлын хэсгээс гарсан санамж бичиг дээр тусгасан зүйлсээ МАХН өөрчлөх санал гаргасныг МАН хүлээж авсангүй. Таны хувьд намаа бодоод эвсэх нь зүйтэй гэсэн. Уг нь бол МАХН-д 25 суудал өгөхөөр тохирсон юм билээ. Боломжийг алдлаа гэж үзэх хүмүүс их байна?

-Чуулган завсарлах болгонд тойрогтоо болон хөдөө орон нутагт ажиллаж, парламентаар хэлэлцэж баталсан хуулийг танилцуулахын зэрэгцээ иргэдийн үгийг сонсох, ярилцах дуртай. Бодоогүйг  бодуулж, санаагүйг сануулж, хийх ажлын маань чигийг заадаг болохоор түмэн олонтойгоо  ойр байхыг илүүд үздэг. Тэгээд ч УИХ-ын гишүүн гэдэг  ард иргэдийн элч нь учраас тэдний  байр суурь, үзэл бодол, саналыг нь төрийн бодлого тодорхойлох, хууль, тогтоол батлахад шингээж байх учиртай. Иргэдтэй уулзалт хийхэд МАХН, МАН хамтарч ажиллах хэрэгтэй гэж сануулж, зарим өвгөд бүүр даалгавар ч өгч байлаа. Тиймээс миний бие энэ хоёр намыг хамтарч ажиллуулахын төлөө 4 жил л зүтгэлээ.  Өдрийн сонинд ч гэсэн “Яагаад МАХН, МАН хамтарч болохгүй гэж” гэсэн гарчигтай ярилцлага өгч байсан. Буурлуудынхаа захиас,  дунд үеийнхнийхээ санал, залуусынхаа үгийг санаж хоёр намыг хамтарч ажиллах чиглэлд өөрийнхөө зүгээс чадах чинээгээрээ л хичээсэн. Сонгуульд эвсэж оруулахын тулд МАХН, МАН-ы дарга нарыг уулзуулж, ажлын хэсгийнхэнтэйгээ ярилцаж, тодорхой шийдэлд хүрч, санамж бичиг байгуулсан. Гэвч байдал өөрөөр эргэсэн учир  МАХН-ын Бага чуулган дээр “Ажлын хэсэг сайн ажиллалаа. Эвсэх эсэх асуудлыг ингээд дуусгачихаж болохгүй, хоёр намын дарга нарыг  ажлын хэсгийнхэнтэй хамтад нь  уулзуулья” гэсэн санал гаргахад Бага чуулганы   гишүүд дэмжсэн юм. Тэгээд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатруу ярихад “Танай нам байгуулсан санамж бичгээсээ татгалзаж, нэмэлт санал тавиад байсан учир  Удирдах зөвлөл хуралдаад шийдвэрээ гаргасан , удахгүй Бага хурал өндөрлөх гэж  байна” гэсэн. Гэвч тэд зөвлөлдөөд   эргэж залгаад Бага хурлыг засварлууллаа, хаана уулзах уу  гэсэн юм. Ингээд Төрийн ордонд  МАН-ын дарга  М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр  нарыг хоёр  талын ажлын хэсгийнхэнтэй хамт уулзуулсан. Хоёр намын удирдлагууд 3 цаг орчим ярилцсан.   Ажлын хэсгийн гаргасан баримт  бичгийг баталгаажуулах байсан  ч нэмэлт санал тавьснаар хэлэлцээр  амжилтгүй болсон.  Үнэндээ ард түмнийхээ санал хүсэлтийг  үл тоож,  намын гишүүд, дэмжигчдийнхээ итгэл хөсөрдүүлж, явцуу эрх ашигт хүлэгдэж, шийдвэрээсээ  буцсанд үнэхээр бухимдаж , дургүй хүрч байна. Нам гэдэг нэг хүний үзэл бодлоор бүхий л  асуудлыг шийддэг биш олонхиороо ярилцаж, хэлэлцэж, шийдвэр гаргадаг  байх ёстой.

Намын жагсаалт гэсэн халхавчийн  ард улстөрчид нуугдаж парламентын гишүүн болдогийг олон түмэн шүүмжилж, өөрчлөхийг хүсч байхад  “Шударга ёс” эвслийн бүлэг хүртэл авсарлага авч гацааж байна. Энэ мэт шударга биш үйлдэл, шийдвэр нь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарахыг шахаж  байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32593
0 эможи
keyboard_arrow_up