Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийг хүндрүүлсэн Н.Батбаяр сайдыг огцруулах санал өргөн барилаа

2014 оны 5 сарын 29

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа.

 

Учир нь Н.Батбаяр сайд Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн “хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт”-ын үүргээ өнгөрсөн хугацаанд хангалттай биелүүлж чадсангүй. Засгийн газар 2013 онд улсын нэгдсэн төсвийн 6,177 их наяд төгрөгөөс гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис бонд”, Хөгжлийн банкны санхүүжилтэд 13 их наяд гаруй төгрөг зарцуулсан.

Зарцуулсан мөнгө, авсан өр зээлийнхээ хэмжээгээр улсын эдийн засаг өөдлөн сэргэж, ард түмний амьдрал дэвжин дээшлэх ёстой байтал харин ч эсрэгээрээ уруудан доошилж байна. Эдийн засгийн алдаатай бодлогын уршгаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч, түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрэв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувь өсч, үнэ дээшээ болж, амьдрал доошоо боллоо. Банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 612 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оныхоос 2.4 дахин өсөв.

УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засаг хүндэрч, ард олны амьдралд хүндээр тусч эхэлснийг жилийн өмнөөс удаа дараа сануулж, шахаж шаардаж байсан ч олонх алдаатай бодлогоо улам даамжруулсаар өнөөгийн хямралд байдалд хүргэснийг дурдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг дараах үндэслэлээр огцруулах санал гаргалаа.

  • Засгийн газрын гадаад өр сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу 3 тэрбум ам.долларын өр үүсгэж ирээдүй хойч үеэ өрийн дарамтад орууллаа.  Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Эдийн засгийн хөгжлийн сайд биелүүлж чадсангүй. УИХ-аас хэчнээн сайхан хууль, эрх зүйн орчныг бий болгож өгсөн ч түүнийг ажил хэрэг болгох чадвар салбар хариуцсан сайдад алга байна.
  • Төсвийн тухай хуульд заасан "Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт, хөтөлбөргүй, хөрөнгө оруулалт зүг чиггүй хийгдэж байна.
  • Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу "Чингис" бондын санхүүжилтийн нэг ам.долларыг гурван ам.доллар болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэнгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл энэ заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцохыг зөвлөсөн нь Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хангалттай үндэслэл болно.
  • Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан “Чингис”,  “Самурай бонд”-ын хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй дур мэдэн зарцуулж хууль зөрчсөн. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3702
0 эможи
keyboard_arrow_up