Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Намын бүлгүүд мэдээлэл хийлээ

2014 оны 6 сарын 17

УИХ дахь бүтцийн байгууллагуудын хурлын хуваарь ёсоор өчигдөр УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдсан.

УИХ дахь МАН-ын бүлэг болон “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаарх мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өгснийг хүргэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаС.Бямбацогт: Нуусан орлогыг нь мэдээлсэн этгээд 50 сая төгрөгөөр торгуулах гэнэ

-Монгол Улсын тусгаар тогнол бол газар нутгийн бүрэн байдал мөн. Газар нутаг, тусгаар тогтнолынхоо төлөө Монгол Улсын иргэн бүр санаа тавих үүрэгтэй. Харамсалтай нь газар нутгийнхаа  төлөө санаа зовж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийг, төрийн бус байгууллагыг, УИХ-ын гишүүдийг хариуцлага тооцон гэж айлгаж, сүрдүүлж дарамталж байгаа нь буруу. Ийм учраас  газар нутгийнхаа төлөө дуугарч байгаа иргэн бүрийг, төрийн бус байгууллагынхныг хамгаална гэдгээ МАН-ын бүлэг хэлье. Эдийн засгийн ил тод байдал гэсэн нэрийн дор Өршөөлийн хууль орж ирсэн. Үүгээрээ авлигачдыг өршөөх асуудлыг хөндөж байгаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулж байна. Бизнес хийж, ар гэрээ авч явж байгаа бизнес эрхлэгчид шударгаар татвар төлснийхөө төлөө хохирдог. Татвар төлж бизнес хийж байгаагүй цагаан гартнууд, цагаан захтай, хууль бусаар хөрөнгөжсөн нөхдийг өршөөх хууль оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Иймээс энэ асуудалд МАН-ын бүлэг эсрэг байр суурьтай байгаа юм. Дээр нь мөнгө угаах, терроризмыг дэмжих үүд хаалгыг нээж байна.  “Нуусан эд хөрөнгө, орлогоо ил болгосон  хувь хүн, аж ахуйн нэгжид шинэ мэдээллийн сан үүсгэн нууцлах бөгөөд 2006-2013 оны хоорондох мэдээллийг устгаж, энэ талаар дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажиллагаа явуулах, хэвлэл мэдээллээр бичсэн тохиолдолд  иргэнийг таван сая, аж ахуйн нэгжийг 50 сая төгрөгөөр торгоно” гэжээ.  Өнөөдөр ард түмэнд хэн өршөөгдөв, ямар авлига авсныг ил тод болгосон иргэнийг торгох юм байна. Манай намын бүлэг энэ заалтыг эсэргүүцэж байна гэлээ.

Мөн хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар оролцсон юм. Тэрбээр:

-Газрын тухай хууль, түүнийг дагалдсан 15 хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг 2013 оны нэгдүгээр сарын 11-нд  Засгийн газар өргөн барьсан. Үүнээс дөрөв хоногийн дараа холбогдох байнгын хороогоороо яаравчлан хэлэлцээд явсан байдаг.  Хэлэлцэхээс нь өмнө ажлын хэсэг байгуулж, эрдэмтэн мэргэдийн саналыг авах байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд “Төрөөс гадаадын иргэн, харъяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан бусад нөхцөлд болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан байдаг. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуулийн 15.5-д “Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг худалдана” гэж байна. Иймээс Үндсэн хууль зөрчсөн энэ хуулиа Засгийн газар татаж авах ёстой. Газрын тухай хуулийн 2.3-т “Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн байна. Монгол Улсын газар нутагтай холбоотой  өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн заалтууд дээр янз бүрийн маргаан үүсвэл олон улсын гэрээгээр зохицуулна гэж ямар эрүүл саруул хүн хийх вэ. Газартай холбоотой асуудал Монгол Улсын хуулиар холбогдож явах ёстой  гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4581
0 эможи
keyboard_arrow_up