Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.БАЯРЦОГТ: Надад ШВЕЙЦАРЫН БАНКИНД ямар ч данс байхгүй, тэр бол өөр хүний данс

2018 оны 3 сарын 21

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТ

 "Миний талаар Ройтерс агентлагаар гарсан мэдээг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хэсэгчлэн болон бүтэн орчуулан хүргэсэн. Мөн манай намын шийдвэр гарч, намын гишүүнчлэлээс хассан талаараа мэдээлэл өгсөн. Намын дарга нарын шийдвэрээр намаас хассан.

Энэ дагуу та бүхэнтэй өнөөдөр уулзаж байна. 

Маш олон хүнд эргэлзээ, хардлага байна. Энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Манай хууль хүчний байгууллагууд энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. 

Би АНУ-д оюутан болчихсон хэдий ч энэ хэрэгтэй холбоотойгоор эргэн ирсэн. Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна. 

Оюутолгой төсөлтэй холбоотойгоор төслийг хийсэн хүмүүсийг авлига хээл хахууль авсан гэх асуудлыг олон жил ярьж байна. 

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаад баяртай байна. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй учир гадны улстай хамтран шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээр шалгалтаар бүх зүйл тодорхой болно. 

70 жил хэрэгжих төсөл учраас хамтрагчтайгаа өөрийн эрхгүй муудалцах зүйл их гардаг. 2011 онд хийсэн гэрээний өөрчлөлт дээр долоон жил тутамд хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байхаар гэсэн заалт оруулсан. Одоо 2018 онд талууд хэлэлцээрийг хийж байна. 

Би Монгол Улсын хариуцлагатай, хүндтэй ажлыг олон удаа хийж байсан. Өөрийгөө болон гэр бүлээ аваад явах оюуны болоод бизнесийн чадвартай.

Arslan.mn

Хардах эрх хүн бүхэнд байдаг хэдий ч эцэслэж, нягтлаагүй зүйл дээр анхааралтай хандах хэрэгтэй.

Монгол Улсын нэр хүндтэй холбоотой, харилцагч талын хүсэл сонирхол бүхий асуудал олон бий. Бид бүгд бодох хэрэгтэй.

Би маш олон ажлыг өөрийнхөө нэр төр, улстөрийн карьераар дэнчин тавьж байж хийсэн. Миний хажууд нэг ч сайд байгаагүй.

Ройтер бол нэр хүндтэй агентлаг. Би тэр мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан. 

Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна. Би энэ зүйлийг ялгаж, салгаж ярих хэрэгтэй байна. 

1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20,000 дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан.

Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70,000 гаруй долларын тэтгэлэг авсан. 

Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. 

Тэрний нэг данс нь офшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй ээ. 

Тэр царцаагдсан гэж буй данс бол харамсалтай нь, 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан Монгол бизнесмэний дансыг царцаасан байна. Тийм учраас одоо үүссэн байгаа энэ хэргийг эцэслэсний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон.

Тэгэхээр Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө хувь хүнийхээ зүгээс хийгдсэн ажлыг Оюутолгойтой шууд уялдуулсан. Ийм мэдээлэл болсоноороо Ройтерийн мэдээ маш учир дутагдалтай.

Тэр мэдээ гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Рио Тинтойгийн хувьцааны үнэ унасан. Энэ хэний ашиг сонирхол вэ? Энэ бүгдийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. 

Ардчилсан намын гаргасан шийдвэр бол нэмэгдэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна.

Ардчилсан нийгэмд алдаж оноод, хөгжиж дэвшээд явж байна. Гэхдээ бид үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой.

Хууль хүчний байгууллага дээр яригдаж байгаа асуудлууд цаг хугацаандаа багтаад шийдэгдээсэй гэж хүсэж байна. Үүний дараагаар би та бүхэнд нээлттэй ярьж өгнө. Болсон бүх үйл явдал маш адал явдалтай уран сайхны кино. 

Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийнхөө нэрээр тэр дансыг нээсэн, компаниа байгуулсан. Миний хамгийн том алдаа бол хөрөнгө оруулгын мэдүүлэг дээрээ бичээгүй байсан. Үүний төлөө би хариуцлага хүлээгээд УИХ-ын дэд даргаас огцорсон. Би хуулинд зааснаас өндөр арга хэмжээ өөр дээрээ авсан. Би үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж бодсон

Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг харуулна. Үүнийг би харуулахгүй. Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна. Энэ төсөл 100 жилийн настай. Одоо 9 жил үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл асуудал нь үргэлжилсээр байна. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх ёстой.

Би 2013 онд УИХ-ын гишүүн байхдаа АТГ-т шалгуулж байсан. Одоо жирийн иргэн болчихоод бас АТГ-т шалгуулж байна. Би хууль хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Хандах хэрэгтэй гэж үзэж байгаа олон нийтийг хүндэтгэж байгаа. Гэхдээ өөрийнхөө байр суурийг та бүхэнд нээлттэй, ил тод хүргэнэ" гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
55148
5 эможи
keyboard_arrow_up