Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН “ухарлаа”, АН “гүлдийсээр” байх уу?

2018 оны 6 сарын 12

Arslan.mn

Хоёр гишүүний ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой маргаан шийдэгдэхгүй явсаар бүтэн жил үргэлжилж, эцэстээ УИХ-ын босгыг даваад хэлэлцэгдлээ. УИХ ард түмний амьдралыг сайжруулах, нийгмийн харилцааг зохицуулах хууль батлах ёстой алтан цагаасаа хоёр долоо хоногийг л лав үүнд зарцуулахаар болоод байна. Яалт ч үгүй прокурорын хүсэлт, хуулийн шаардлага учраас үүнийг нь зөвтгөж болох юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн бол энэ долоо хоногт Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх нь. Үүнээс гадна парламент дахь эмэгтэй гишүүдийн санаачилгын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавихыг үгүйсгэхгүй. Ингэсэн тохиолдолд УИХ гишүүдийнхээ ёсгүй үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд хэчнээн цаг зарцуулахыг таашгүй.    

УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй үйлдэл ийнхүү бүх төвшинд хэлэлцүүлэг өрнүүлж парламентын нэр хүндэд ч сөрөг тусч байна. Хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй УИХ-ыг олон нийт буруутгаж байгаа  ч овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдгийг санах хэрэгтэй. Ёс зүйгүй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөхгүй хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцүүлэх хүртлээ зүтгэнэ гэдэг хувь хүмүүсийн өөрсдийнх нь буруу. Бас намынх нь ч буруу. Товчхондоо бурууг УИХ-аас өмнө тэд өөрсдөө үүрэх ёстой. Бусад улс орны улстөрчид Монголд бол юу ч биш гэж үзэхээр ёс зүйн жижигхэн алдаа гаргасныхаа төлөө ард түмнээсээ уучлалт гуйж бүрэн эрхээсээ татгалздаг. Энэ нь тухайн улстөрчийн хувийн шийдвэр байхаас гадна нам нь нөлөөлж, ингэхээс аргагүй байдалд оруулдаг. Улс төрийн ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, нам нь шударга ёсны талд зогсч тухайн улстөрчдөө дэмжлэг үзүүлэхээ больдог. Гэвч манай улстөрчдөд ийм сэтгэхүй алга. Бүтэн жилийн турш гүрийсээр өөрийнхөө болон намынхаа, бас УИХ-ын нэр хүндийг унагасныхаа дараа л бүрэн эрхээсээ нэг нь татгалзаж, нэг нь гүлдийсээр үлдлээ.

Д.Гантулга, Д.Мурат нар хэдийгээр ард түмнээс мандат авч сонгогдсон гишүүн ч гэлээ нэр дэвшүүлсэн нам нь тухайн гишүүнийхээ асуудлыг УИХ-ын босго давахаас өмнө шийдвэрлэх бүрэн боломжтой байлаа. Гэвч МАН ч, АН ч харж суусаар хамгийн муу хувилбар руу асуудлыг оруулчихлаа. Учир нь, нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн сүлжээгээр явж буй асуудал зэргээс үүдэж МАН-ын дарга У.Хүрэлсүх ямартай ч “ухралт” хийх шиг болов. Юу гэхээр, Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ дахь намын бүлгээр нь хэлэлцэх үед “Залуу гишүүнээ авч үлдмээр байна” гэсэн утгатай үг хэлсэн тухай мэдээлэл цахим сайтуудаар гарсан. Д.Гантулга ч өөрийнхөө төлөө санал өгч байж УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэлгүй авч үлдсэн нь өнгөрсөн баасан гаригийн үйл явдал. Гэтэл гэнэт өчигдөр бүрэн эрхээсээ бүтэн татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь МАН-ынхаа дарга болон  ерөнхий нарийн бичгийн дарга нартайгаа уулзаж гаргасан шийдвэр гэх мэдээлэл байна. Ямартай ч асуудал бүтэн жил тойрсны дараа МАН “ухарлаа”. Харин АН-ынхан, С.Эрдэнэ дарга энэ асуудлаар таг чиг байна. Д.Муратыг бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхийг шаардах нь утгагүй. Зүгээр л бүрэн эрхээсээ түр түдгэлзээд буруугүй гэдгээ нотлуулахыг л ард түмэн хүсч байгаа шүү дээ.

Ер нь улстөрчдөд ёс зүйн хэм хэмжээг тогтоож өгөхгүй бол энэ мэт асуудлаас үүдэн УИХ-ын хууль тогтоох цагаас хумслагдаж байна. Д.Гантулга анх “дотуур хувцас”-ны асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн бол одоо УИХ-ын танхимд хүртэл ярихдаа тулсан нь хувь улстөрч, түүний ард байгаа намтай шууд холбоотой. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд хэлж байсныг сануулъя. Тэрээр “Ёс зүйн хариуцлага хүлээх нь хувь хүний өөрийн санаачилгаас эхлэлтэй байдаг. Улс төрийн ийм соёлыг бий болгохохд улс төрийн намууд анхаарах хэрэгтэй байна” гэж байсан удаатай.

Түүний хэлж байгаа шиг цаашдаа улстөрчид ёс зүйн хариуцлагаа өөрийнхөө санаачилгаар хүлээдэг, хариуцлага хүлээгээгүй тохиолдолд нам нь арга хэмжээ авдаг байх нь чухал юм шиг. Товчхондоо намын асуудлаа нам нь, улс орныхоо асуудлыг УИХ нь хэлэлцдэг байх нь зүйтэй. Ингэхгүй бол улстөрчид, улс төрийн намуудын хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс болж УИХ-ын нэр хүнд унаж, Төрийн ордондоо “дотуур хувцас” ярих хүртлээ “сульдаж” байна шүү дээ.

Эх сурвалж: Eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
58388
1 эможи

keyboard_arrow_up