У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?! У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?!

2021 оны 1 сарын 25

Arslan.mn

Нэгдүгээр төрөх газраас дөнгөж төрсөн эх, нярайг ХӨСҮТ-рүү тусгаарлахдаа гадуур хувцасгүй авч гарсан үйл явдлын маргааш /2021.1.20/ Сүхбаатарын талбайд жагсаал болсон. Маргааш нь Ерөнхий сайд У.Хурэлсүх огцрох мэдэгдэл хийж, үйл явдал өрнөсөн юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулган болон олон нийтэд хандаж хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үг, энэ үйл явдлын талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнүүдээс нялх биетэй эх, нярай хоёрыг тээвэрлэсэн асуудалтай холбоотой байв уу, аль эсвэл улс төрийн ужиг тэсрэв үү гэдэг эргэлзээтэй болоод ирэв.Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байсан бэ гэдэг хачирхалтай бас сонирхолтой байгаа юм. Иймээс тэдний хэлсэн үгнүүдийг элдэв тайлбаргүй хүргэж байна.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

... Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эмэгтэйг ямар байдлаар ХӨСҮТ рүү авч явсныг харсан. Эцэг хүний хувьд, охин үртэй хүний хувьд ч эхээс төрсөн монгол хүний хувьд ч энэ бол миний сэтгэлийг үнэхээр эмзэглүүлсэн. 

... Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм шүү. Айж хулчийсандаа огцорч байгаа зүйл байхгүй.

...Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ итгэж найдаж хамтарч ажилласан. Харамсалтай нь миний итгэл найдвар алдарсан. Би цаашид олон удаагийн жагсаал цуглаан хийж Монгол Улсын засаг төрийг үймээн самуунтай байхыг хүсэхгүй байна. Монгол төр тогтвортой ажиллаасай гэж хүсч байна. Би долдугаар сарын 1-нийг хүсдэггүй хүн. Таван сайхан залуу амь насаа алдсан. Эцэст нь хэн шоронд явлаа. Хэдэн муу цагдаа нар маань явсан. Үүнийг турхирсан, ард нь байсан улстөрчдөөс нэг нь ч шоронд яваагүй. Баатрууд болж хувирсан. Өнөөдөр ч гэсэн тэд аз жаргалтай сайн сайхан амьдарч байгаа.

...Өчигдрийн жагсаал цуглаанд бид оролцоогүй гэж яриад хэрэггүй. Олон баримт нотолгоогоор энэ нотлогдож байгаа. Би цаашид энэ ажлыг өгснийхөө дараа Монгол Улсын хууль дүрэм хэрхэн яаж зөрчигдөж байсан талаар, Монголын шүүх прокурорын байгууллагад яаж дарамт шахалт болдог байсан талаар баримттай ярина.

...Монгол Улсын шүүх прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж хүсдэг. Би ҮАБЗ-ийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. З.Энхболд даргыг ТГ-ын дарга байхад нь удаа дараа сануулж байсан. Одоогийн шинэ залуу дарга байхад ч би удаа дараа сануулж байсан. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхэд удаа дараа сануулж хэлсэн.

...Цаашид би шударга ёсны төлөө тэмцэнэ. Ерөнхий сайд үг хэлэхэд хэцүү юм билээ. Одоо би сул гиигүүн болж байгаад та бүхнийхээ дунд сууж байгаад шударга ёсны төлөө, хэн яаж хууль дүрэм зөрчиж хэн яаж хулгай хийдэг байсан талаар ард түмэндээ ярина гэж бодож байгаа.

...Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Энэ хүн бол нам бус хүн. Намаасаа татгалздаг. Дандаа намын ажил хийж байгаа. Танай намынхан ч гэсэн өөрсдөө үүнийг шүүмжилдэг. АН-ыг самарсан, одоо ардын Засгийг самарлаа, цаашдаа Монголыг самрах юм байна гэж би бодож байгаа

...Намайг хэн ч айлгаж чадахгүй шүү. Дээр нь намайг хэн ч худалдаж авч чадахгүй шүү гэдгийг хэлье. Мөнгө төгрөгтэй баян тарган хүмүүс У.Хүрэлсүхийг мөнгөөр урхидаад ч юм уу аль нэг гадна дотны мөнгөөр намайг худалдаж авна гэвэл тийм зүйл байхгүй. Би амьдралынхаа 30 жилийн хугацаанд худалдагдаж байгаагүй. Тийм учраас би өнөөдөр үгээ чөлөөтэй хэлж чаддаг юм.

Тийм учраас би бас тэмцэж чаддаг юм. Тийм учраас би улсынхаа олон баялаг, үйлдвэр заводыг эргүүлж улсдаа хурааж авч чадсан юм. Цаашид ч гэсэн хурааж авна. Харин улсын мөнгө хулгай хийж идсэн өндөр албан тушаалтнууд удахгүй та нар очих ёстой газартаа очно шүү гэдгийг хэлье.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

УИХ-ын дарга, эрхдм гишүүд ээ

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.

Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.

Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.

Өнөөдөр Оюутолгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ.

ҮАБЗ-ийн гишүүд урьд өмнөх ҮАБЗ-ийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.

Монгол Улсын Төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг УИХ-ын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Брөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан.

Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.

Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623027
1 эможи

Манангийн хорлол
2021-01-25 13:07
Хоёр найзын дунд хятадын эрлийзүүд манан бүлэглэл айхтар яс хаяад сиймхийгээр нь шоронгоос суллагдаад баярлалдаад архидаад шцлганалдаад эхэлсээн.
keyboard_arrow_up