АН-ын “Драм” АН-ын “Драм”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын “Драм”

2021 оны 2 сарын 04

Arslan.mn

УИХ-ын сонгуульд ялагдсанаас хойш л АН “драм” үзүүлж эхэлсэн. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өгсөн.  Гэвч удалгүй  С.Эрдэнэ “Ц.Туваан хэн нэгний гар хөл болж намаа самарч байна.  Би дарга хэвээрээ” хэмээн гарч ирэв.  Улмаар тамга тэмдгийн маргаан үүссэн.  Сүүлдээ  С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр талд хурал, цуглаан зохион байгуулж,  бие биенээ намаасаа хөөж үзүүлэв. АН-ын энэ “драм” цаашид  Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжлэх нь тодорхой байна. Улмаар хэрхэн яаж, хэн нь юу үзүүлэхийг хэн ч таашгүй болчихлоо. АН “драм”-ыг он цагийн дарааллаар хүргэе.

2020.06.25 

АН 2020 оны УИХ-ын сонгуульд сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөв. АН-ын дарга С.Эрдэнэ намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буйгаа мэдэгдлээ.  Тэрээр “АН-ын дотоод амьдралыг надаас дутахгүй мэдэх учраас Ц.Туваанд бүрэн итгэж байна” гэсэн байдаг. 

2020.07.08 

АН-ын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу намын тамга тэмдэг, эрх үүргийг Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлж өглөө. 

2020.12.18   

Өмнөх дарга С.Эрдэнэ “АН-ын Х Их хурал дүрмийн бус. Би намын дарга хэвээрээ байгаа. Ц.Туваан гэдэг хүнд түр эрх шилжүүлсэн. Түүнээс биш намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй” гэж хэвлэлээр мэдэгдэв. 

2020.12.18 

Намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан “УИХ-ын  сонгуулиар манай нам УИХ-д олонхи болж чадаагүй. Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох намын дарга, дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог дүрмээрээ явсан.  Үүнийг дүрмийн бус гэж хэлэх нь өрөөсгөл” гэсэн тайлбарыг өгсөн юм.

2020.12.18, 19 

АН-ын X их хурал боллоо.  АН-ын нийт гишүүдээс сонгогдсон их хурлын 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр хуралдаж, дүрмийн шинэчлэлийг баталлаа. 

2020.12.23 

АН-ын X их хурлаар баталсан Үндсэн дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлтийг Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлэв.  АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд “Ардчилсан намын их хурлаас баталсан үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр баталгаажих ёстой. Дүрмийн өөрчлөлтөөр санхүүгийн ил тод байдлыг тодорхой болгосон” гэлээ. 

2020.12.26 

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны тамга тэмдгийг УБЕГ-аас хүчингүй болохыг мэдэгджээ. Тус газарт АН-ын дарга асан С.Эрдэнэ хандсан байдаг. 

2021.01.21 

АН-ын Үндсэн дүрмийн хорооны хурлаар гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасан байна.

2021.01.10  

С.Эрдэнэ нарын АН-ын ҮБХ ээлжит бусаар хуралдаж, намын гишүүдийн татварыг тэг­лэж, сонгуульт ги­шүү­дийн татварыг хөнгөлж,  бууруулахаар шийд­вэрлэжээ.  Мөн Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.

2021.01.29  

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарган Үндсэн дүрэм зөрчсөн С.Эрдэнийг намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасахаар болсон байна.

2021.01.14 

Улсын дээд шүүх Ардчилсан намын Х дугаар Их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ. Хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг бүртгэхээс татгалзахаас гадна Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлээс хасах шийдвэр мөн гаргасан байна.  

2021.01.29 

АН-ын залуу гишүүдийн төлөөлөл мэдэгдэл хийв. Тэд  АН-ын дарга асан С.Эрдэнэ болон АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарт шаардлага хүргүүллээ. АН-ын дотоод дахь хэрүүл маргаан бүхий байдал намын дунд шат руу халдаж буйд дээрх хоёр хүн буруутай байна хэмээн мэдэгдсэн юм. 

2021.01.31 

АН-ын Үндэсний бодлогын хороог С.Эрдэнэ нар хуралдуулав. Улмаар АН-ын даргын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгааг зохион байгуулна.

2021.02.02 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс АН-ын тамгатай холбоотой маргааныг хянан хэлэлцээд УБЕГ-аас С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүллээ.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
623319
1 эможи

keyboard_arrow_up