АН хаашаа нүүгээд байна вэ? АН хаашаа нүүгээд байна вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АН хаашаа нүүгээд байна вэ?

2021 оны 3 сарын 17

Arslan.mn

Ардчилал  байх ёстой, Ардчилсан намыг байлгах учиртай гэсэн олон түмний хүсэлт хүлээлт дээр одоогийн АН оршиж ирсэн. Одоо ч гэсэн энэ намыг  байх ёстой юмсан, байлгахсан гэсэн үзэл бодол, ийм байр суурь нийгэмд  жин дарж байна. Хамгийн том өрсөлдөгч болох  МАН-ынхан  хүртэл  хэлдэг дээ,  “АН байвал бид байна” гэж. Бодлогоор өрсөлдөж, үзлээр хурцалж байдаг учраас тэр. Харин Ардчилсан нам маань өөрөө нийгмийн   хүсэлт хүлээлт хийгээд өрсөлдөгчдийнхөө өдөлтөд   жулдах боллоо. Одоо  ийм болчихоод байгаа  юм  биш л дээ. Хэдэн жилийн өмнөөс  ардчилсан гэсэн нэртэй атлаа хамгийн ардчилалгүй нам болж хувирсан. Ер нь бол нийгмийн хандлагыг тооцож, өрсөлдөгчөө харж  өөрчлөгдөх ёстой байлаа.  Гэхдээ хүсэл зориг байгаад хөдөлж гэмээ нь өнөөдөр ч оройтоогүй л байна.

Хэдэн жилийн өмнө МАН шинэ байртай болсон. АН “Ардчиллын өргөө босгоно” хэмээн  хуучнаа алга болгоод түрээсийн байраар хэсүүчлэх болсон. Өнөөдөр өрсөлдөгч улс төрийн хүчнүүд нь   нэгдэх ёстой гэж ярьж байна. Гэтэл Ардчилсан намынхан Ц.Тувааных, С.Эрдэнийх гэсэн  хоёр намтай болчихлоо.

Урагш  давшиж бус  ухарч  буй энэ нүүдэл  тэднийг  юунд хүргэх бол. 2016, 2020 оны УИХ-ын,  Орон нутгийнхыг тооцвол АН-ынхан  дөрвөн  сонгуульд  дараалан ялагдаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн босгонд тулж ирсэн. Улс төрийн намын туйлын зорилго нь засгийн эрхийн төлөө байдаг бол АН-ынханд  намын дарга  болж тамга атгах  нь л гоё. Мөнхийн ийм хүсэл, байнгын  зөрчил тэмцэлдээ энэ нам  туйлдаж гүйцжээ. Намынхаа даргыг   “Хэмжээлшгүй эрхт Эзэн хаан” болгож тахисан өдрөөс Ардчилсан нам мөхөл рүү мөлхөх болсон гэхэд хилсдэхгүй юм. Энэ намын алтан хараацайнууд ч, залгамж үеийн харцага,  шонхорууд ч  суудлын төлөөх тулаанд  ханцуй шамлахаас  өөрийг сэтгэхээ байчихаж. Нөгөө нам нь “Алсын хараа” гэх бодлого, төлөвлөгөө боловсруулж байхад АН  холын юмыг харахаа байж хараа нь мууджээ.  Нэг үгээр хэлбэл, АН хамгийн өөрчлөгдөөгүй, шинэчлэгдээгүй нам болж хувирчээ. Ардчиллыг малгайн тэмдэг болгож, ачир дээрээ хамгийн ардчилагдаагүй нам болж үлдсэн  гэдгийг  гишүүд нь ч хүлээн зөвшөөрөх байх. 

Ойрхны ганц жишээг татахад  Монголд улс төрийн нам байгуулагдсан түүхт ой саяхан тохиож,  зарим улс төрийн хүчин хамтран тэмдэглэсэн. Улс төрийн нам мөн  бол энэ баяр Ардчилсан намынханд ч хамаатай. Гэтэл  “Ц.Туваан Ардын намд баяр хүргэсэн буруутай” хэмээн шүүмжилж хэрүүл шуугиантай өнгөрүүлэв. Уг нь Монголд нам анх  бий болсон түүхт өдөр  бие биедээ баяр хүргэх нь улс төрийн  наад захын соёл атал  Ардчилсан нам  бусдад баяр хүргэж чадахгүй болтол  жижгэрч, хүрээгээ хумисан нь  харамсалтай. Төрийн түвшинд ч, нийгмийн хүрээнд ч ахуйн чанартай хэрүүлээс халихаа байж бодлого ярихаа байсан нь мөн л   эмгэнэлтэй.

Өнөөдөр АН-д  “Намын  дарга хэн болох вэ” гэсэн уралдаанаас өөр сэдэв алга.  20 орчим хүн нэрээ дэвшүүлж, түүнээс дөрөв нь тунаж үлдэв үү гэтэл бас л болоогүй гэнэ. Өрсөлдөгчид тодорч дуусаагүй, маргаантай асуудлууд бий гэх. Хэн намын дарга болох вэ гэтэл 1990 онд “Алтан хараацай” гээд нисч  явсан Э.Бат-Үүл “”Би намын дарга болно, Хотын даргыг ч  хийнэ” гээд нисэгнэж явах. Н.Алтанхуяг ч бас мөчөө өгөхгүй, зүгээр суухгүй  гэдгээ илэрхийлсээр.  Ц.Элбэгдорж ялгаагүй,  мөн л  хөшигний ард байгаа гэх. Гэтэл нөгөө нам нь хэдэн үе солигдож дуусаад өдгөө 1980-аад оныхноос Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй  шинэ залуусыг  гаргаж ирж, Засгийн газартаа  залуу сайд нарыг тавьж  байна.

АН-тай харьцуулахад Ардын намынхан удирдах бүрэлдэхүүнээ байнга шинэчилж, одоо хэддэх дарга дээрээ ирснийг тооцвол урт жагсаалт гарна. Өө хайвал, өмнөх дарга нартаа буруугаа чихээд ардах хүмүүс нь бултдаг байж мэдэх юм.  Гэхдээ л  МАН, АН-ын хэн нь шинэчлэгдэж вэ гээд харьцуулахад өөр хариулт гарна.

Хэрэв  30 жилийн өмнөх Э.Бат-Үүл “Би дарга хийнэ” гээд байгаад байвал АН өөрчлөгдөхгүй, хүрэх ёстой байр суурьтаа ч хүрч чадахгүй. Магадгүй “АНУ-д Ж.Байден гарч ирээд болоод л байна шүү дээ” гэж магадгүй. Манайд болохгүй, яагаад гэвэл  Монголын ардчилалд   халгаатай. “Алтан хараацай”-нууд нь өөрсдийгөө үргэлж залуу гэж бодоод, энэ сэтгэхүйгээсээ салж чаддаггүй,  нам нь  шинэчлэгдэхгүй байгаа учраас   Монголын ардчилал АН-ын малгайны тэмдэг болж зэврэхэд хүрч байгаа юм.  Бас нэг асуудал бол АН-д  бодлого төлөвлөлт гэгч зүйл алга. Том  түвшинд У.Хүрэлсүхийн, эсвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлогыг шүүмжлэх ёстой байтал АН-ынхан өнөөдөр 1937 оны  хэлмэгдүүлэлтийн асуудлыг ярьсан хэвээр, үзэл баримтлал нь ч  тодорхой бус  сууцгааж байна. Арга барилын хуьд бас л  шинэчлэгдсэнгүй, нөгөө л 1990 оных шигээ партизан маягаар  үзэх гээд өрөлт авдаг нь хэвээрээ.  Ийм байгаа учраас  АН хаашаа нүүгээд байна вэ гэх асуулт гарч байна. Түүнээс одоо ярьж буй дарга, даамлын сунгаа бол улс төрийн  нүүдэлд жин дарахгүй тэн хүрэхгүй   ачаа  төдий юм.

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624526
0 эможи

Зочин
2021-03-17 09:27
Залуучууд л их мундаг улс орноо хөгжүүлжих юм болоод байдаг.Тийм л юм бол Оюун Эрдэнэ хөгжүүлж чадах у.Өнгөрсөн 4 жил дан залуучууд хотыг удирдсан хөгжив үү.
keyboard_arrow_up