АН “овоо” босгож, Азизов “шаазгай” болов АН “овоо” босгож, Азизов “шаазгай” болов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АН “овоо” босгож, Азизов “шаазгай” болов

2022 оны 3 сарын 28

Arslan.mn

Орос бол манай хөрш. Мөнхийн хөрш. Том улс. Их гүрэн. Манайх гадаад бодлогынхоо үзэл баримтлалд “...Оростой найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ” гэж заасан.

Түүх яривал, хэдэн зууны юм болно. Харин дипломат харилцаатай болсон нь 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд байдаг. 101 жил болж байна.

Хоёр улс Төлөөлөгчийн газраа 1922 онд нийслэлүүддээ харилцан нээжээ. Тэгээд дипломатаар харилцаж эхэлсэн гэдэг.

Сүүлд, 2019 оны есдүгээр сарын 3-нд Оросын ерөнхийлөгч Путиныг Монголд айлчлах үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол, Оросын хоорондын гэрээг байгуулсан. Энэ гэрээг манай УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд, Оросын Дум 2020 оны зургадугаар сарын 23-нд соёрхон баталжээ.

Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Мөн Монгол, Орос улс нь иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хооронд тогтоосон уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбар, чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцсон гэсэн үг юм.

За, Монгол, Орос хоёр бол ийм иж бүрэн стратегийн, найрсаг харилцаатай түншүүд байгаа юм.

Энэ хөрш, түнш маань сарын өмнө Украинтай дайн эхлүүллээ. Дайны хүчин далайн цаанаас давуулж шидсэн ашиг сонирхол гэх тайлбар дийлж байна.

Монгол Улс ч мөнхийн хөрш, стратегийн иж бүрэн түншийнхээ хувьд Оросын талаарх байр сууриа НҮБ-д “түдгэлзэж” илэрхийлсэн. Түүнчлэн Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 2-ны хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс “...Орос, Украины асуудлаар Монгол Улс “нэг цонх”-ны бодлоготой байна. Тиймээс төрийн бүх байгууллага ГХЯ-ны зөвшөөрөлгүйгээр, аливаа асуудалд сэтгэл хөдлөл, хувийн үзэмжээр хандахгүй байх нь зүйтэй” гэсэн үүргийг өгсөн. Эдгээрийн үр дүн Монголд тийм ч таатай бишээр л ирж байна. Элдвийн мэдээлэл нэлээд бий. Янз бүрийн шахалт, шантааж ирж байгаа дуулдаж байна. Гэвч нүүгээд явахгүйгээс хойш Орос, Украины асуудал дээр ийн түдгэлзэхээс өөр аргагүй бололтой.

Ингээд байж байтал 2022 оны гуравдугаар сарын 23-нд Монголд суугаа Оросын ЭСЯ-ны “нүүр ном” хуудсанд “...Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гээд “Трампын зөвлөх асан Украины тухай үнэнийг дэлгэв” гарчиг дор “РИА Новости”-гийн мэдээллийг хүргэсэн байна.

Үүнийг харин манайхан тун таагүй хүлээж авсан. Тэгэхээс ч аргагүй. Нэр цохуулсан АН-ынхан ч аль нэг талаасаа мэдэгдэл гаргаж амжив.

Мөн тэр өдөр ГХЯ  -наас “...Яамны зүгээс эсэргүүцэл илэрхийлэн, ноот бичиг илгээсэн. Мэдээллээ цахим хуудаснаасаа устгахыг шаардсан. Одоогоор Оросын ЭСЯ хариу ирүүлээгүй байна" гэсэн тайлбарыг албан бусаар хийсэн. Гэвч Оросын ЭСЯ нөгөөх мэдээллээ устгасангүй. Одоо ч байж л байна. Харин ч энэ сарын 25-ны баасан гаригт нэмээд “пост” оруулжээ. Түүндээ “...Эрхэм хүндэт Ардчилсан намын гишүүд ээ!” гээд “...Монгол Улс, тус улсын АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх гомдлын тань үндэслэлийг бид олж харахгүй байна. ...АНУ-ын улс төрийн зүтгэлтний хэлсэн үг нийтлэснийг Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, Венийн конвенцийг зөрчсөн үйлдэл боллоо гэж юуг үндэслэн дүгнэсэн бол? Дээрх үгэнд ийм зөрчил байгааг нотлох ганц нэг жишээг олж татна уу. Манай яамны үгэнд биш шүү. ...Хэн ч хэзээ ч түр зуурын ашгийг хөөцөлдөж, үндэслэл шалтгааныг үл тоомсорлон цэргийн тусгай ажиллагааг эхлүүлдэггүй юм шүү” гэсэн байна.

Гэхдээ манай АН-ын зарим нөхөр өөрсдөө эхэлсэн л дээ. Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй. Тэд “овоо” босгосон. Орос Украины асуудлаар Монголын төр албан ёсоор “түдгэлзсэн” байхад далайн цаанаас шидсэн чулууг атгаад Сүхбаатарын талбайд гарч ирсэн. Тэр ч байтугай УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд 2022 оны хоёрдугаар сарын 28-нд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Гуравдугаар сарын эхээр АН-ын нэг тал нь ээлжит бус XIII их хурлаа МҮЭСТО-д хийж Орос Украины асуудлыг хэлэлцсэн.

Ер нь бол манай АН-ынхан ч гэж АН-ынхан. Арчаагүй гэхэд болно. Яг үнэндээ өөрсдийгөө яая гэж байгаа хүмүүс шүү дээ. Хэдүүлхнээ, хэдхээн алхмын зайд амьдарч байж нэг сайхан уулзаад намынхаа даргыг нэг, тамгыг нэг болгоод, учраа очихож чадахгүй явна. Тэгсэн атлаа “...Оросын буруу, Украиныг хамгаална” гээд байдаг нь хачин. Өчигдөр хүртэл жагсаад л...

Нөгөө талаас Монгол дахь Оросын ЭСЯ, Элчин сайд Азизовын үйл ажиллагаа бас ойлгомжгүй байгаа юм. Манай АН-ынхан яахав дээ, ярьж байгаа нь том, дэлхий хэсээд явчихна. Гэвч хийж буй улс төр нь Монгол дотроо л явж байдаг. Манайд ес дэх жилдээ сууж буй Азизов гуай үүнийг юу эс андахав. Гэхдээ л намба алдлаа. Цахим сүлжээнд монгол хэлний найруулга муутай, сандарч мэгдсэн, хэрүүлийн шинжтэй мэдэгдлүүдийг ээлж дараалан шидэлж суугаа нь их гүрний Элчин сайдын хийх үйлдэл мөн үү. Ингэж асуумаар болж байгаа юм. Хамгийн гол нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг Азизов гуай мартсан уу.

Ямартай АН-ынхан “овоо” босгож, түүн дээр нь Элчин сайд Азизов “шаазгай” болж суулаа.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635624
0 эможи

keyboard_arrow_up