Х.Баттулга “өөртэйгөө барилдаад” давлаа Х.Баттулга “өөртэйгөө барилдаад” давлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 31, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга “өөртэйгөө барилдаад” давлаа

2022 оны 4 сарын 05

Arslan.mn

Ардчилсан нам дотроо эв эеэ олохгүй байсаар сүүлийн үеийн таван сонгуульд ялагдсан. Гэвч хагарал нь намжаагүй хэвээр л байгаа.

Харин сая их хурлаа товлоод өмнө нь намын даргын сонгуулиа хийлээ. Сонгуулийн өмнөх даргын сунгаа ч бэлтэй хийгээд хөлтэй болж нэр дэвшигчид нь Монгол орноо бүтэн тойрч намын нөхөд, дэмжигчидтэй уулзалт хийж “нүүр хагарав” бололтойдог. Тэгээд сонгуулийн санал хураалт болж нэр дэвшигч Х.Баттулга 96.3 хувийн саналаар намын дарга боллоо гэлээ. Маш өндөр хувь харагдаж байгаа биз. Энэ бас учиртай л даа.

Сунгаа дуусаж санал хураахаас ердөө хоёр өдрийн өмнө нэр дэвшигч Ж.Батсуурь сонгуулиас нэрээ татаж байгаагаа зарласан юм. Тиймээс Х.Баттулга өөртэйгөө “барилдаж давлаа” гэж хэлээд байгаа юм. Бөхөөр бол түүний учраа барилдалгүй элэг бүсээ тайлж тахимаа өгсөн гэсэн үг.

Ж.Батсуурь яагаад нэрээ татав гэсэн асуулт сонирхолтой хэрэг. Энэ тухай өөрөө тайлбар хийхдээ  АН-ын даргын сонгуулиас миний нэрээ татах болсон шалтгаан нь тус намыг төлөөлж С.Эрдэнэ нарын өгсөн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг Улсын дээд шүүхэд хэлэлцээд улс төрийн намын тухай хуульд нийцэж байна гэсэн дүгнэлт өгч улсын бүртгэлд бүртгэжээ. Энэ нь миний нэрээ татах үндсэн шалтгаан гэжээ.

Уг нь Улсын дээд шүүх АН-аас ганцхан зүйл шаарддаг байсан даа. Тэр нь “Та нарын дотоод маргаанд бид оролцох боломжгүй. Тиймээс намаараа нэгдэж хурлаа хийгээд нэг бичиг баримт Дээд шүүхэд авчир” гэж өнгөрсөн намархан шаардсан байдаг. Гэтэл сая даргын сонгууль гээд бужигнаж байх үед нь тамгыг нь атгаж суугаа С.Эрдэнэд тал засаж байгаа юм шиг ийм шийдэл гаргасан нь сонин л юм. Үүнийг АН-ын талынхан мөн л улстөржүүлж эрх баригч хүчин МАН-ынхан энэ ажлыг Улсын дээд шүүхээрээ хийлгэлээ гэцгээж байна. Тийм гэж хэлэхэд хэцүү ч эгзэгтэй үед ийм шийдвэр гаргасныг олноороо гайхаж байна.

Ер нь бол тэр дүрмийн өөрчлөлтийг нь улсын бүртгэлд авлаа гэдэг нь цаад нэг утгаараа С.Эрдэнэд чи намын дарга шүү. Тамгаа атгаад суу гэсэн үг болж таарав. Нөгөө талаар нэр дэвшигчдийн төв, хөдөө хийж яваа уулзалтуудаас харахад тус намынхан Х.Баттулгад хандлага илүүтэй нь хөндлөнгөөс ажиглагдаж л байсан. Үүнийг Ж.Батсуурь ч анзаарсан л байх. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг далим болгон сонгуулиас нэрээ татсан байж ч болох юм. Нэгэнт сонгуулийн санал хураалтаар ялагдал хүлээх нь хожим улс төрд нүүдэл хийхэд түүнд дэмий санагдсан ч байж бас магадгүй. Ингэснээр АН-ын дарга хэн байх вэ. гэсэн асуулт эцэслэгдэх үү гэвэл үгүй ээ. Х.Баттулгын сонгуульд ялснаар нь нэг хүслээ гүйцээлээ гэж болно.

Тэр Ерөнхийлөгчийн сонгуулиас зайлуулагдсан хор шарандаа улс төрд эргэж ирэхээр бүр эртнээс бэлдсэн шиг байгаа юм. Энэ хүний хувийн ааш араншин нь хэзээ ч “За би болъё” гэж хэлэхгүй биз.

Бүр Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусах үедээ хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа

-Би улс төрөөс явах болоогүй ээ. Яагаад гэхээр “Амьдрал баян” гэж хэлсэн нь бий. Логик утгаараа том санаа энд байсан.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэг удаа “Х.Баттулга бол нохой л доо. Гэхдээ манай талын нохой” гэж хэлсэн байдаг. Энэ нь түүнийг хэнтэй ч хамаагүй сүжирч олз ашгийн төлөө  юу ч хийж чадах хүн гэсэн үг юм.

Үнэндээ зорьсондоо ямар нэг аргаар хүрдэг л хүн. Өмнө нь төмөр замын хэргээр шалгагдаж байхдаа С.Эрдэнийг аргалж байгаад нэр дэвшээд Монгол Улсын Ерөнхийлөгч болж чадсан бол  одоо Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон үедээ намын даргын сонгуульд ялаад байна.

Тун удахгүй АН-ын их хурал нь товлосон ёсоороо болж Х.Баттулгыг намын даргаар батламжлах байх. Тэгээд асуудал цэгцэрч АН-ын хуваагдал намжих уу гэвэл  ёстой л “лай ч бий, зай ч бий” гээч болно  байх л даа.

Намын буйр суурийг хадгалж байгаа гээд суугаа С.Эрдэнийн зүгээс Х.Баттулгын нөлөөг арилгах акц одоо улам нэмэгдэх болов уу.

С.Эрдэнэ хэлээд байгаа шүү дээ. Х.Баттулга АН-ын дарга боллоо гэвэл дүрмийн бус асуудал. Хэрэв түүнийг сонгогдсон нөхцөлд би тамгаа түүнд яасан ч өгөхгүй гэж.

Ийм үг хэлж байгаа хүн гэдийдгээрээ гэдийнэ биз дээ. Бас л шүүхдэлцэхэд хүрэх байх. Сая хоёр ялалт зэрэгцлээ гэж ажиглагчид хэлж байна. Нэг талд Х.Баттулга намын дарга боллоо гэж баярлаж байхад С.Эрдэнэ “Бид яллаа. АН-ын хувьд түүхэн өдөр тохиолоо. Жил зургаан сар үргэлжилсэн маргаан сая дууслаа. Одоо АН-ынхан цул нэгдэлтэй байж бүх шатны сонгуульд амжилт гаргах эх суурь тавигдлаа” гэж хэлжээ.

Энэ нь АН-ын хагарал, хуваагдал улам идэвхжиж магадгүйн илэрхийлэл.

Ер нь олон түмэн яагаад Ардчилсан намд анхаарал хандуулаад байдаг юм бэ? гэвэл намыг нь гэсэндээ биш Монголд сөрөг хүчин үгүйлэгдсэнийх  гэж болно.

Улс төрийн нам нь төлөөллийн ардчилсан институт болж хэлбэршсэн учраас ардчилал нь намгүйгээр оршин тогтнох боломжгүй гэж үздэг талтай. Гэвч нам байгаа цагт ардчилал байна гэсэн ойлголт биш гэдгийг судлаачид хэлдэг шүү дээ.

Гэтэл Ардчилсан намынхан гэхээр л энэ нэрэндээ чирэгдэж ардчиллыг өмчлөх гэж оролдсоор бүр сүүлдээ дотооддоо эвдрэлцэж нэр хүндээ үгүй хийж байгаа юм гэж болох. Цаашдаа АН нэртэйгээ хэн нь үлдэх вэ гэдэг нь харагдаж болох ч дотооддоо эвлэрэх нь тун хол байна гэдгийг энэ даргын сунгаа хийгээд сонгууль нь харууллаа.

Тиймээс АН яах бол гэсэн улс төрийн нэг гол сэдэв нэг хэсэгтээ хэвээр байх нь.

 

 

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
635743
4 эможи

keyboard_arrow_up